“Монгол Швейцарын хамтын ажиллагааны өргөн боломжтой салбар нь ХАА, аялал жуулчлал”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-03-14 12:45 GMT+8

УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөл (парламентын Доод танхим)-ийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшеттитэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

УИХ-ын дарга Швейцарын парламентад Монголтой харилцах бүлэг байгуулах, Улаанбаатар хотод Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын яамыг нээх санал тавьж, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалах, далайн тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд чухал үүрэгтэй тул эл тусламжийг 2022 оноос үргэлжлүүлэн авах хүсэлтэй байна

Тухайлбал, Монголын язгуур болон сонгодог урлагийг сурталчлах тоглолтыг Швейцарын Холбооны Улсад зохион байгуулах, дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах саналыг дэвшүүлэв.

Монгол Улсад үр дүн, өгөөж өндөртэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагааг монголчууд өндрөөр үнэлдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэж, Швейцарын Холбооны Улс Хөгжлийн хамтын ажиллагааны 2017-2020 оны стратегидээ Монгол Улсыг үргэлжлүүлэн хамруулахаар болсонд талархал илэрхийлж, “Энэхүү дэмжлэг туслалцаа нь манай улсын хөгжил дэвшил, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд чухал үүрэгтэй тул эл тусламжийг 2022 оноос үргэлжлүүлэн авах хүсэлтэй байна" гэжээ. 

Түүнчлэн Швейцарын Холбооны Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих SGE байгууллага, хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллах боломж олгох, Европын чөлөөт худалдааны холбоотой хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

УИХ-ын дарга хоёр орон бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар ойр байр суурьтай байдгийг тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсын санаачилсан “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний VI бага хурал ирэх 6-р сард Улаанбаатарт болох гэж буйг мэдээллээ. Мөн энэ онд болох НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 2020-2024 оны гишүүний сонгуульд Монгол Улс Швейцарын Холбооны Улсыг дэмжихээр шийдвэрлэснийг мэдэгдэв.

Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Марина Гүшетти хамтын ажиллагааны ирээдүйтэй, өргөн боломжтой салбараар хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёл, урлаг, хүмүүнлэгийн харилцааг нэрлэжээ.

Хатагтай Марина Гүшетти авлигатай тэмцэх, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, ил тод байдлыг хангах талаар Монгол Улсын төр, засгаас тавьж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

Парламентын ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог дээшлүүлэх, туршлага мэдлэгээ хуваалцах, Тамгын газар хоорондын амжилттай хэрэгжиж буй хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа тэрбээр онцлон тэмдэглэж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын дэвшүүлсэн асуудал, санал хүсэлтийг онцгойлон анхаарч, Үндэсний зөвлөл болон хувиасаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байх болно гэв.

Монгол Улсын Засгийн газраас баталсан оффшор бүсийн жагсаалтад Швейцарыг оруулсан талаар олон нийтэд зохистой мэдээлэл хүргэх, зорилго, ач холбогдлыг зөвөөр үнэлэх нь зүйтэй

Хатагтай Марина Гүшетти Улсын Их Хурлын Тамгын газрын залуу ажилтнуудыг сургалтын гарын авлагаар хангах, боловсролын байгууллагуудын хамтарсан судалгаа шинжилгээ, бизнесийн салбарынхны худалдаа, хөрөнгө оруулалтын сонирхол санаачилгыг дэмжих, энэ зорилгоор хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг санал дэвшүүлснийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Хэлэлцээний үеэр Монгол Улсын Засгийн газраас баталсан оффшор бүсийн жагсаалтад Швейцарыг оруулсан асуудал хөндөгдсөн бөгөөд олон нийтэд зохистой мэдээлэл хүргэх, зорилго, ач холбогдлыг зөвөөр үнэлэх, хоёр орны нэгэнт тогтсон найрсаг хамтын ажиллагаа, бизнес, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын харилцаанд саад бэрхшээл учруулахгүйгээр асуудлыг нааштай шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга 1972 онд буюу 47 жилийн өмнө Монголд айлчилж байсныг дурдаад, хатагтай Марина Гүшеттиг ойрын үед айлчлахыг урьсан урилгаа дахин нотолсон бөгөөд энэ оны 6-р сарын сүүлчээр Монгол Улсад айлчлах болсноо Марина Гүшетти дуулгаж, энэхүү айлчлал хоёр орны хууль тогтоох байгууллага болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын ирээдүйд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа  илэрхийллээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 997 санал өгсөн байна.

Дээшээ