ХӨЛБӨМБӨГ: Обамеянг 2 гоол оруулж, Арсенал дараагийн шатанд үлдлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-03-15 15:00 GMT+8

ЕХБХ-ны Европа Лигийн шөвгийн 16 багийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. 7 хоногийн өмнө болсон эхний тоглолтод Францын “Ренн” клубийн талбайд 3:1-ийн харьцаатай ялагдсан Английн “Арсенал” хариу тоглолтыг өөрсдийн “Эмирейтс” цэнгэлдэхэд хийжээ. “Арсенал” Премьер Лигт 4-р байранд бичигдэж байгаа бол зочид Францын лигт 8-д явж байгаа юм. Их буучид өмнөх шатанд Беларусийн “БАТЭ” клубийн талбайд 1:0-ээр ялагдсан ч хариу тоглолтод 3:0-ээр хожсон билээ.

Энэ удаад дор хаяж 2 гоол оруулах даалгавартай байсан тэд ч тоглолт эхлээд дөнгөж 4 минут өнгөрч байхад гоолын салхийг хагалж, Рамзигийн дамжуулалтаар Пьер-Эмерик Обамеянг тооны харьцааг 1:0 болгосон байна. Энэ гоолоос 10 минутын дараа Обамеянгийн дамжуулалтаар Эйнсли Мэйтлэнд-Найлс багийнхаа дараагийн гоолыг оруулснаар 2 тоглолтын нийлбэр дүнг 3:3 болгон тэнцүүлжээ.

Тоглолтын 2-р хагас эхлээд “Ренн” гоол оруулах гэж хичээсэн ч бүтэл олсонгүй. 72 дахь минутад эхний гоолын эзэн Пьер-Эмерик Обамеянг, Колашинацын дамжуулалтыг гоол болгож, “Арсенал” энэ тоглолтод 3:0-ийн харьцаатай ялалт байгууллаа. Габон довтлогч 2 дахь гоолоо оруулсныхаа дараа “Black Panther”-ын баг зүүж, гоолын баяраа тэмдэглэсэн байна. Тэрбээр өмнө нь “Боруссиа Дортмунд” багт тоглож байхдаа “Spiderman”, “Batman” зэрэг киноны баатруудын баг зүүж байсан удаатай. Европа Лигийн шөвгийн 8 багийн сугалаа манай цагаар 3-р сарын 15-ны 19:00 цагт болно.

Арсенал 3:0 (4:3) Ренн (Европа Лиг, Эмирэйтс стадион)

Гоол: Обамеянг 5’, 72’, Мэйтлэнд-Найлс 15’

Гарааны бүрэлдэхүүн:

Арсенал (3-4-1-2): Чех; Мустафи, Кошельни, Монреаль; Мэйтлэнд-Найлс, Рамзи (Торрейра 87), Жака, Колашинац; Өзил (Мхитарян 70); Обамеянг, Ляказетт (Ивоби 70)

Шар хуудас: Ляказетт, Мхитарян, Обамеянг, Колашинац

Ренн (4-4-2): Коубек; Траоре, Да Силва, Мешер, Бенсебаини; Бурижо, Андре (Леа Силики 78), Гренье (Юну 70), Сарр; Бен Арфа, Ньянг

Шар хуудас: Мешер, Гренье, Бурижо, Траоре

Бусад тоглолтуудын үр дүн:

Вильярреал 2:1 (5:2) Зенит

Интер 0:1 (0:1) Айнтрахт Франкфурт

Бенфика 3:0 (3:1) Динамо Загреб

Славиа Прага 4:3 (6:5) Севилья

Краснодар 1:1 (2:3) Валенсиа

Динамо Киев 0:5 (0:8) Челси

Зальцбург 3:1 (3:4) Наполи

А.Одбаяр

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ