ПОЛИТ АНАЛИЗ: МАН найтаахад АН хатгаа авчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Зууны мэдээ

2019-03-15 12:59 GMT+8

Социалист нийгмийн үеийн “…Москвад найтаахад Монголд ханиад хүрдэг” гэсэн хит үг байлаа. Угаасаа тэр үеийн ЗХУ-аас хараат төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засагтай байв, бид. Угтаа одоо ч энэ үг тодорхой төвшинд бодит байдлаар оршсоор байгаа юм.

Гэхдээ энэ утгын бодит хуулбар Монголын улс төр дээр буучихаад байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй амжилт гаргаж, УИХ-д 65 суудалтай болсон МАН анхны засгаа жилийн дараа сольсноос энэ бүхэн үүдэлтэй.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг 2017 онд огцруулж, түүнээс хойш “огцруулаад оронд нь томилох ажиллагаа” энэ намд үргэлжилж байгаа юм. Ингэж МАН доторх засгийн эрхийн төлөөх тэмцэл сүүлийн хоёр жил орчмын хугацаанд үргэлжилж байна.

Харин МАН-ын энэ дотоод зодооны хөлд сөрөг хүчин АН үрэгдчихлээ. Уг нь АН-ынхан 2016 оны их ялагдлаасаа хойш учиргүй ихээр ухаан сууж жинхэнэ ардчилалтай дотоод сонгууль зарладаг болсон. Ийм сонгуулиар АН-ын дарга С.Эрдэнийг, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгыг гаргаж ирж байлаа.

Гэвч энэ намын ардчилал удаан оршин тогтносонгүй. С.Эрдэнэ дарга нь багаа бүрдүүлж дөнгөж амжаад, УИХ дахь сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхээр ганц ч алхаж, бас ам ангайж амжаа гүй байтал АН-ын бүлэг татан буугдах тал руугаа орчихлоо.

Хууль ярих бол яг одоо АН-ынхан УИХ-д бүлэггүй болоод байна. МАН-ынхны дотоод дажны гол сэдэв болох 60 тэрбум, УИХ-ын дарга асан М.Энхболдыг унагаах үйл явцад АН-ын бүлгийн хоёр гишүүн онцгой үүрэгтэй, нүүр царай нь болж оролцсоноос бүлэг задрах үүдэл бий болсон юм.

Нэгэнт бүлэггүй болсон АН-ынхан УИХ-д аажмаар бүдгэрч эхэлж байна.

Энэ бол нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал. Хагарсан шаазангийн үлгэрээр энэ УИХ-д лав АН дахиад бүлэг бүрдүүлэх боломж. Өөрөөр хэлбэл, МАН-ын дотоод зодооныг найтаалт гэж үзвэл АН ингэж ханиад хүрсэн юм. Тэгвэл АН-ынхан бүр хатгаа тусчихсан байгааг удахгүй болох үйл явдлууд хэлээд өгнө.

Нэгэнт бүлэггүй болсон АН-ынхан УИХ-д аажмаар бүдгэрч эхэлж байна. МАН-ын улс төрийн тоглолтод тэдний гишүүд бүлгийн бус хувь хүний байр сууриар ханддаг болоод байгаа юм. Олонх нь бизнестэй, аль эсвэл урьд өмнө засаг барьж байхдаа замбараагүй гар хөлийн үсэг зурж, гараа дүрсэн олон “хэрэг”-ээрээ барьцаалагдчихсан. Ийм хүмүүстэй яриа хөөрөө хийж, кнопдуулах эрх барьж байгаа МАН-ынханд ч амар байх шиг байна.

УИХ дээр нам нь ингээд ирэхээр С.Эрдэнэ гэдэг намын дарга жин дарахаа больж, АН-ын улс төр гудамжнаас орж ирж чадахаа больж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр энэ бүхэнд гол нөлөөг үзүүлж байгаа нь АН-ын лидерүүдийн үл ойлголцол юм.

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр нь хөлөө жийлцээд эхэлчихсэн. Нэг нь нөгөөгөө торны цаана хийж байж санаа нь амрах төвшинд оччихоод байгаа. Нам дагасан улстөрчдийн зангаар Ц.Элбэгдоржийг дагадаг байсан бүлэг хүмүүс шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга руугаа хөвөрч, “экс”-д маш ойрын хэд нь л үлдээд байгаа аж.

Гэхдээ тэдний анхаарлын АН нь байсаар байгаа юм. “…Ядарсан ч Янжмаатайгаа” гэдэг шиг шинэ, хуучин Ерөнхийлөгч нар АН-ын эрх мэдэл рүү ил далд санаархал шидээд удаж байна.

Тэдний хүсэл С.Эрдэнэд л маш хүнд тусч байгааг АН-ынхан өөрсдөө ч ярьж эхлээд байгаа юм. Юутай ч С.Эрдэнэ нэлээд хэдийнээс “…Намаа өгөх үү, эсвэл” гэдэг тулган шаардалтад орсон. Гэхдээ хувь хүнийхээ характераар “…Үгүй” гэсэн хариу өгчихөөд сууж байгаа.

Эцэст нь энэ хүн “…Үгүй” гэсэн хариултаа хэр удаан хамгаалж чадах нь бол бүрхэг юм. Учир нь С.Эрдэнэ өөрөө асуудал ихтэй. АН-ын дарга болоод “Баянгол фракц”-ынхнаараа голдуу өөрийгөө тойруулчихсан. Р.Амаржаргал мэтийн төв цэг дээр харагддаг ганц нэг улстөрч түүнтэй айлсаж харагдаж байгаа юм шиг боловч тэр нөхдүүд цаад зорилго нь 2020 оныг л харсан улс төр гэж байгаа.

Ийм маягаар УИХ дахь бүлгээ тараачихсан, намаа дэнжигнүүлчихсэн С.Эрдэнэ тун чиг удалгүй “хага шидүүлээд” тахимаа өгч магадгүй болоод байна. Яагаад гэвэл С.Эрдэнэ рүү дайрсан, АН-ын удирдлагын төлөөх зодоон эхэлж байна. С.Эрдэнэ рүү гурван фронтоор ирэх долоо хоногоос маш хүчтэй “гал” очно.

Эхнийх нь УИХ дахь бүлгээ байхгүй болсныг Л.Болд, Ж.Батзандан хоёр албан ёсоор зарлахаар бэлдэж байна. Тэр хоёр, бас бус улстөрчидтэй нийлээд хачин сүртэй гоё нэртэй эвсэл ч гэл үү, хөдөлгөөн ч гэл үү байгуулснаа мэдэгдэнэ. Үргэлжлүүлээд С.Эрдэнэ рүү, бусад  улстөрч, асуудал руу дайралтуудыг хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл бий.

Хоёр дахь Ерөнхий сайд асан, одоо Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг бас л ирэх долоо хоногт ээлжит бус чуулган эхлэхтэй зэрэгцээд өөрийн улс төрийн идэвхтэй ажиллагааг эхлүүлж байгаагаа зарлана. Тэрээр энэ удаад “Алтангадас” фракц гэж биш сүүлд яриад гарч ирсэн “Нэгдмэл Монгол” хөдөлгөөнийхөө талаар яриад гарч ирнэ.

Дараагийнх нь АН-ын залуусын нэгдэл. Шуудхан хэлэхэд С.Эрдэнийн эсрэг залуусын нэлээд хүчтэй тэмцэл явж эхлэхээр бэлтгэл нь хангагдсан тухай мэдээлэл байгаа юм. Эдний хажуугаар экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бас бий.

Ингээд харахаар АН-ын дарга С.Эрдэнэ хүч тэнцвэргүй тулаанд орно гэсэн үг. Түүнд тулалдах чадал хэр зэрэг байгаа нь харин тодорхойгүй. Удаан тэсэхгүй байх магадлал маш өндөр. Жоомоо алах гээд байшингаа шатаачихдаг үлгэр байдаг. Түүн лүгээ С.Эрдэнийг барьж идэх гээд АН-аа тараачихаж ч мэдэх юм, бас.

Юутай ч МАН найтаахад АН ханиад бус хатгаа туссаныг харж болохоор байна. Хатгаа бол хэцүү. Үхэж ч мэднэ. Ханиад бол хүндрүүлчихгүй бол эдгэдэг өвчин билээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 997 санал өгсөн байна.

Дээшээ