Нислэгийн тарифаа хямдруулахгүй бол жуулчны урсгал нэмэгдэхгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-03-16 11:50 GMT+8

Монголын нэр хүндийг олон улсад тодотгож, нэрийн хуудас болж буй салбарын нэг нь аялал жуулчлал. Үүнийг бид утаагүй үйлдвэрлэл, үл үзэгдэх экспорт гэж янз бүрээр нэрлэдэг. Эдийн засагт валют авчирдаг тус салбарынхан энэ оны жуулчны захиалгаа хэдийн эхлүүлсэн байна. Тухайлбал, Германы Берлин хотноо жил бүр болдог аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнд манай улс төр, хувийн хэвшлийн түвшинд оролцож, компаниуд энэ үеэр Европоос  жуулчин хүлээн авах анхны гэрээгээ байгуулжээ.

Олон улсын энэхүү цугларалтад Монголын аялал жуулчлалын салбарын 10 гаруй гол тоглогчид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсныг Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр онцолсон юм. Гадаад сурталчилгаа энэ оны хувьд идэвхтэй хийгдэж байгаа учраас Европоос Монголыг зорин ирэх жуулчны урсгал өнгөрсөн онтой харьцуулахад нэмэгдэх боломжтойг тэрбээр цохон тэмдэглэлээ.

Манай улс өнгөрсөн онд гаднаас нийт 529 мянган жуулчин хүлээн авсан бөгөөд энэ нь 2017 онтой харьцуулахад 10 гаруй хувиар өссөн дүн юм. Ирж буй тэдний дийлэнх нь Азийн жуулчид бөгөөд үүний дотор БНСУ-ын иргэд давамгайлж байна. Өмнөд Солонгосын дараа жилийн өсөлтөөрөө БНХАУ болон ОХУ-ын жуулчид жагсжээ. 

Хэдий жуулчдын тоон үзүүлэлт 10 гаруй хувиар нэмэгдсэн боловч жуулчдын дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөө тийм ч хангалттай биш байна. Учир нь, Европын жуулчид манай улсад илүү олон хоногоор саатаж, үйлчилгээний салбарт тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт хийдэг бол Азийн жуулчдын хувьд бага хоногоор ирдэг тул эдийн засагт үлдэх мөнгө европчуудтай харьцуулахад бага байдаг онцлогтой.

Өмнөд Солонгосын дараа жилийн өсөлтөөрөө БНХАУ болон ОХУ-ын жуулчид жагсжээ.  

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалангийн хэлснээр тухайн жил хэр сайн сурталчилгаа олон улсад хийгдсэнээс тэр жилийн жуулчдын өсөлт, бууралт шалтгаалж байна. Манай улс 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж буй. Үүний хамгийн том сорилт нь нисэх буудлын хүчин чадал болж ирсэн.

Тэгвэл хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудал энэ онд ашиглалтад орсноор хүрэлцээ нэмэгдэхээр байгаа юм. Гэхдээ баярлахад эрт байна. Учир нь нислэгийн тарифын үнэ хөгжиж буй, ялангуяа аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбараа болгосон орнуудтай харьцуулахад хамаагүй өндөр байгаа нь жуулчид үргэх ээлжит шалтгаан болж байна.

Өөрөөр хэлбэл, шинэ нисэх буудал ашиглалтад орж, нислэгийн тоо, хэмжээ нэмэгдсэн ч нислэгийн тариф илүү уян хатан болж, үнэ хямдрахгүй бол нэг сая жуулчин хүлээн авах зорилтоо хойшлуулахад хүргэж мэдэхээр байна. Нислэгийн тариф буурахад агаарын тээврийн салбарт өрсөлдөөн, тус салбарт төрөөс баримтлах бодлогын ялгарал голлох нөлөөтэй.

Засгийн газар аялал жуулчлалын салбарын энэ оны төсвийг нэмэгдүүлж, олон улсад сурталчилгаа хийх, үзэсгэлэн яармагт оролцох боломжийг бүрдүүлж өгсөн. Үүний хүрээнд энэ он гарсаар хоёр ч томоохон үзэсгэлэнд Монгол Улс оролцож, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчиллаа. Өмнөх жилүүдэд төсөв бага хэдий ч голлох болон өндөр үр ашигтай орнуудыг чиглэсэн сурталчилгааг хийснээр 2018 онд жуулчны тоо 10 гаруй хувиар өссөн билээ. Үүнээс илүү өсөх боломж байсан боловч өнөө л нислэгийн хүрэлцээ, тариф аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг сааруулж, хөгжлийг хойш татсан юм.

Жуулчдын дотоодын эдийн засагт оруулсан мөнгөн дүн өнгөрсөн оны байдлаар 569 мянган ам.доллараар хэмжигдэж байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 30 шахам хувийн өсөлт юм.  Цаашид жуулчны тоог одоогийн түвшнээс эрс өсгөж чаддаггүй юм гэхэд хадгалж үлдэхийн тулд нислэгийн давтамж болон чиглэлүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

• Жуулчдын дотоодын эдийн засагт оруулсан мөнгөн дүн өнгөрсөн оны байдлаар 569 мянган  ам.доллараар хэмжигдэж байна.
• Манай улс 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж буй. Үүний хамгийн том сорилт нь нисэх буудлын хүчин чадал болж ирсэн.
• Монголд ирж буй жуулчдын дийлэнх буюу 36 хувь нь байгаль, 28 хувь нь нүүдлийн соёл ахуй, бусад нь адал явдалт аялал жуулчлалын төрлийн хэлбэрүүдийг сонирхдог гэсэн судалгаа бий.

Аялал жуулчлалын салбарт нэг жуулчны оруулсан мөнгө 14 салбарыг дэмждэг гэсэн тооцоо судалгаа бий. Сонирхуулахад, Монгол Улс гаднаас жуулчин хүлээж авахын зэрэгцээ гадагшаа жуулчин илгээдэг орны тоонд багтдаг боллоо. өнгөрсөн онд гэхэд давхардсан тоогоор манай улсын хоёр сая иргэн гадагшаа зорчсон байна. Нислэгийн хүрэлцээнээс гадна манай улсын аялал жуулчлалд улирлын хамаарал хамгийн өндөр байгаа юм.

Тухайлбал, нийт жуулчдын 40 гаруй хувь нь зуны улиралд ирэх жишээтэй. Улирлын нөлөө нь жуулчдын ирэх урсгалд нөлөөлдөг хүчин зүйлд тооцогдож байна. Тиймээс аяллын улирлыг уртасгахад шинэ аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг брэнд болтол нь гаргаж таниулахаас тус салбарын хөгжил цаашид хамаарах нь.

Манай улс визний нөхцөл нэлээд хатуу мөрдөгддөг орны тоонд багтдаг.

Бүргэдийн баяр, Нүүдэлчдийн өвлийн наадам буюу Хөвсгөлийн мөсний баяр, Өмнөговь аймаг дахь тэмээний баяртай дүйцэхүйц бөгөөд эдгээрээс онцгойрох шинэ бүтээгдэхүүнийг олон улсад зарлан сурталчлах, үүнийг тогтвортой зохион байгуулахаас аялал жуулчлалын хөгжил мөн шалтгаалах аж. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ үргэлж нэмэгдүүлж, шинэ соргог байлгахгүй бол өнөө л хэдэн үзмэр, үйлчилгээ хэвээр байвал жуулчид олон хоногоор саатах бус хурдхан буцахыг л илүүд үзэх нь дамжиггүй юм.

Манай улс визний нөхцөл нэлээд хатуу мөрдөгддөг орны тоонд багтдаг. Гэтэл жуулчдын хувьд нислэгийн тариф хямд, визгүй болон визний нөхцөл уян хатан орнуудад түлхүү аялал хийж байна. Тиймээс хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд визний хөнгөлөлт яригдахаас аргагүй юм.

Хэрэв визний нөхцөл нааштай байсан бол Дорнод аймаг гэхэд рашаантад жил болгон ирдэг гурван сая жуулчны 500 мянгыг хүлээн авах боломж нээгдэх юм. Нислэгийн хувьд гэхэд Увс аймагт аялал хийх жуулчин заавал Улаанбаатараар дамжих шаардлагатай байгаа нь хүндрэл учруулж байна. Тэрчлэн авто тээвэр, төмөр замын тээврийг давхар хөгжүүлснээр жуулчдыг агаараар болон газраар хүлээн авах боломж бүрдэх юм.

Монгол Улсад аялал жуулчлалд зориулсан агаарын тээврийн ганцхан орц байгаа. Энэ орцыг олон болгосноор агаарын тээврийн зардал буурах, жуулчдын хувьд зорьсон газраа хурдан хүрэх зэрэг давуу талтай. Үүнийг бий болгоход хөрөнгө мөнгөний хэрэгцээ, нөөцийн асуудал хөндөгддөг. Нэгэнт л нэг сая жуулчин хүлээн авахаар тулгуу зорилт тавьсан орны хувьд хөвсгөл, Өмнөговь, Ховд зэрэг жуулчин хамгийн их ирдэг аймгууддаа олон улсын нислэг үйлддэг болох эрэлт, хэрэгцээ их байгааг салбарынхан хэлдэг. Ялангуяа, аялал жуулчлалын оргил үед агаарын тээврийн ачааллыг тархаах, жуулчдад илүү нийцсэн үйлчилгээг хүргэх нь чухал байна.

Монголд ирж буй жуулчдын дийлэнх буюу 36 хувь нь байгаль, 28 хувь нь нүүдлийн соёл ахуй, бусад нь адал явдалт аялал жуулчлалын төрлийн хэлбэрүүдийг сонирхдог гэсэн судалгаа бий. Энэ оны хувьд гадаад сурталчилгаа сайн хийгдсэн тул 2018 оноос давсан өсөлт аялал жуулчлалын салбар үзүүлэх боломж байна. Гэхдээ нислэгийн хүрэлцээ, тариф өндөр байгаагаас болж жуулчны тоонд үсрэнгүй өөрчлөлт гарахад хүнд гэдгийг салбарынхан өөрсдөө учирлах аж.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ