“Mongolia Mining 2019”: ЦБОН компани уул уурхай, дэд бүтцийн төслүүдийг онцолж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-03-16 11:00 GMT+8
Гэрэл зургийг Б.Рэнцэндорж

Олон улсын “Mongolia Mining 2019” үзэсгэлэнгийн Алтан ивээн тэтгэгчээр оролцох талаар ЦБОН компанийн Гүйцэтгэх захирал Э.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Юуны өмнө MMJ сэтгүүлийн уншигчдад TSBON компанийн талаар танилцуулна уу?
-Манай ЦБОН ХХК нь 1999 онд байгуулагдаж эдүгээ 20 жилийн ой тохиож байна. Анхлан байгуулагдаад шугам хоолой болон түүний дагалдах хэрэгсэл, нарийн хэмжил зүйн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, сэлбэгийн суурилуулалт, нийлүүлэлтийн ажлуудаар эхэлж байлаа. Өнөөгийн байдлаар уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа өргөтгөж, ханган нийлүүлэгчээр 6 дах жилдээ амжилттай ажиллаж байна. Олон улсын стандартад нийцсэн 10 мянга гаруй төрөл бараа бүтээгдэхүүнийг гадаадын 200 гаруй түншүүдээс авч уул уурхайн салбарт нийлүүлдэг. Үүнээс 20 гаруй компанийн албан ёсны дистрибютрээр ажиллаж байгаа.

-Тухайн үеийн уул уурхайн салбарын уналт, хүнд бэрхээс эмээлгүй компанийн үйл ажиллагаагаа тэлэхээр энэ салбарт зоригтой орж байж шүү. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулах ач холбогдлыг хэрхэн харж байна?
-Компанийн менежментийн тогтолцоог 2012-2013 онд хэлэлцэж бизнесийн үзэл баримтлалаа 2 зүйлд тулгуурлан гаргаж байсан юм. Нэгд, бизнесийг хөдөлгөх үндсэн хүчинд дэмжлэг болох. Хоёрт, уул уурхайн салбарт түншлэгч хэлбэрээр орох. Энэ зорилтоор уул уурхайн салбарт ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон юм. Тухайн үед дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш ч, дотоодын улс төрийн нөхцөл байдлын хувьд ч уналтын үе байлаа.

Гэхдээ үүнээс эмээх биш харин ч найдвартай, сайн түншлэлээр уул уурхайн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулъя гэж зорьсон. Энэ нь цаашлаад Монгол Улсын эдийн засагт үзүүлэх үр нөлөө байх юм. ЦБОН компани “Аж үйлдвэрийн түнш” уриатайгаар ажилладаг бөгөөд уул уурхай болон бусад дэд бүтцийн төслүүдийг онцолж буй.

-Тасралтгүй 20 жил үйл ажиллагаа явуулж байгаа ЦБОН компани энэ жил “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэнгийн “Алтан ивээн тэтгэгч”-ээр оролцох гэж байна. Ивээн тэтгэгчээр ажиллах болсон учир юу байв? Үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн үнэлж байгаа вэ?
-ЦБОН компани “Mongolia Mining” үзэсгэлэнд хоёр дахь жилдээ оролцож байна. Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг гурван өдрийн турш танилцуулахаас гадна эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол Улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдах юм билээ.

Тухайн бизнесийн түншүүдтэйгээ нэг дор цуглаж туршлага солилцох, дэлхий дахины уул уурхайн салбарт гарч байгаа шинэ технологиудаас суралцах зэрэг олон улсын хэмжээний үйл ажиллагаа болдог учраас ихээхэн том цар хүрээгээр жил ирэх бүрт хүлээлттэй оролцдог болж байна. Тиймээс ч энэ жилийн хувьд нэлээд ач холбогдол өгч Алтан ивээн тэтгэгчээр оролцоно.

-Уул уурхайн салбарт ЦБОН компанийн нийлүүлж буй бүтээгдэхүүний онцлог болоод давуу тал?
-Уул уурхай гэдэг аюулгүй ажиллагаа шаардсан, маш том хариуцлага ардаа дагуулж байдаг нүсэр ажил. Уурхайн тасралтгүй үйл ажиллагаа аюулгүй байх, сэрэмж өндөртэй байх шаардлага нэн тэргүүнд тавигддаг. Тиймдээ ч бидний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, нийлүүлэлтийн дараах үйлчилгээ хэрэглэгчийн шаардлагад бүрэн нийцсэн байхаар ажилладаг хэдэн зарчим бий.

Бид төдийлөн хямд үнээр өрсөлддөггүй, харин нийлүүлэлтийн богино хугацаа, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, шаардлагатай тохиолдолд суурилуулалтын маш оновчтой шийдэл боловсруулж түгээдэг. Энэ нь бидний онцлог юм.

-Танай компани одоо Монголын уул уурхайн ямар компаниуд, уурхай, төслүүдэд бүтээгдэхүүн нийлүүлж байна вэ?
-
Өнөөгийн байдлаар ЦБОН компанийн гол ханган нийлүүлэлт уул уурхайн салбарт чиглэж байна. Уул уурхайн томоохон компаниудын дийлэнхтэй нь хамтран ажиллаж байгаа. Оюутолгой,  “Thiess Mongolia”,  “Redpath”,  “Jacobs”,  Шарын гол гэх мэт томоохон компаниудыг дурдаж болно. 2016 оноос хэрэгжиж буй Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын шугам хоолойн төсөл дээр амжилттай ажиллаж байна. Тодруулбал, гүний уурхайн цэвэр усны хангамжийн хуванцар бүх хоолойг нийлүүлж буй.

-ЦБОН компанийн ойрын зорилтуудыг сонирхуулна уу?
-Олон улсын зах зээл дээр Монгол Улсаа төлөөлөн ажиллаж байгаа компанийн хувьд өрсөлдөхүйц байх шаардлагатай. Тиймээс компанийн менежмент, мэдээллийн технологийн тогтолцоог сайжруулахад анхаарна. Ингэхдээ захиалга, хэрэглэгчийн үйлчилгээ, хүний нөөцийн зэрэг менежментийг тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлж ERP системд бий болгох ажил хийгдэж байна.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын ISO 450001, чанарын 9001 стандартуудыг (хуучин OHSAS) нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Бид өөрсдийгөө сайн хөгжүүлж байж уул уурхайн салбарт хөрөнгө оруулж, хувь нэмрээ оруулна гэж үздэг.

-Ярилцсанд баярлалаа.

Э.Од  

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 997 санал өгсөн байна.

Дээшээ