БНХАУ эдийн засгийг дэмжих стратегиа үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-03-16 13:20 GMT+8

БНХАУ одоо хэрэгжүүлж байгаа эдийн засгийг дэмжих бодлогоо үргэлжлүүлэхээр байна. Мөн мөнгөний бодлогыг хэт зөөлрүүлэх, төсвийн зарцуулалтыг огцом нэмэгдүүлэхээс зайлсхийнэ гэж тус улсын Ерөнхий сайд Ли Көциан мэдэгдлээ. 

Тэрбээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Эдийн засагт тулгарсан эрсдэлүүдийн эсрэг арга хэмжээ авах”-аа онцолсон байна. Ингэхдээ зах зээлийн тоглогчдыг дэмжих санаачилгыг орхигдуулахгүй гэдгээ цохон тэмдэглэжээ. 

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан “БНХАУ эдийн засагт тулгарсан эрсдэлүүдийн эсрэг дорвитой арга хэмжээнүүд авах шаардлагатай. Бодлогын сайн төлөвлөлт ирээдүйд гарч болзошгүй эрсдэлүүдээс хамгаална. Бид зах зээлийн тоглогчдыг дэмжинэ. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогоо төсөв, мөнгөний бодлогод эн тэнцүү ач холбогдол өгч ажиллана. Бид мөнгөний бодлогоо зөөлрүүлэхгүй. Хэдий тийм боловч эдийн засгаа дэмжсэн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ. Түүнчлэн Засгийн газар санхүүгийн институтууд, Төрийн өмчит байгууллагуудыг улсын төсөвт хамааралтай ашгаа нэмэгдүүлэхийг хүсэж байна” гэж мэдэгдлээ. 

Үүнээс гадна БНХАУ энэ онд 298 тэрбум ам.доллароор хэмжигдэх татвар бууруулах шийдвэр танилцууллаа. Дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжих энэхүү зохицуулалтад аж үйлдвэрийн салбарыг дэмжих зорилгоор НӨАТ-ыг гурван хувиар бууруулах санаачилга багтжээ.

Түүнчлэн АНУ-тай үүсээд байгаа "Худалдааны дайн"-ыг эцэслэхэд дэмжлэг болох гадаадын шууд хөрөнгө оруулалтын шинэ хуулиа баталлаа. Ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх энэхүү хууль нь гадаадын компаниуд технологийн нууцаа хамгаалахад тулгардаг саад бэрхшээлийг бууруулна харж байгаа юм байна.

Мөн энэ жил шинээр бий болгох ажлын байрны зорилтот хэмжээг 13 сая болгож нэмэгдүүлжээ. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсны нөлөөгөөр ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, эдийн засгийг дэмжих бодлогод сорилт болж байна. Тус улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин хоёрдугаар сард 5.3 хувь буюу сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрчээ.

Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ