2019.04.04: Өнөөдрийн ОНЦЛОХ таван үйл явдал

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-04-04 17:54 GMT+8

Улс оронд өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг нэрлэж байна. 

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уншдаг уламжлал тогтсон. Сурагчдад эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлж, жил бүр энэхүү шүлгийг уншиж,  үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой аж. 

"Тусгаар тогтнол" шүлгийг өнөөдөр Баянзүрх дүүргийн 92-р сургуулийн 2222 сурагч Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт Сүхбаатарын талбайд уншлаа.

-Төрийн ордонд зохион байгуулсан “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын анхдугаар хурал Төрийн ордонд боллоо. 

Өнөөдөр болсон хурлаар “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгожээ. 

-
Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх Б.Ууганцэцэг хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хүүхдийн хүмүүжлийн талаар ярилцлага өглөө.

Тэрбээр "Сөрөг мэдээлэл нийгэмд эерэг мэдээллээс илүү хүчтэй тархдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ сөрөг мэдээллээс хол байлгахын тулд гэр бүлээ сөрөг мэдээллээс хамгаалдаг байх хэрэгтэй. Үүний тулд долоо хоногийн нэг өдрийг зурагтгүй байлгах, 21.00 цагаас хойш гэртээ WiFi асаахгүй байх зэрэг дүрэм тогтоох нь зөв" хэмээн зөвлөв. 

-Польшийн Торун хотод энэ сарын 24-30-нд болсон Хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 төрөлд оролцож, гурван төрөлд нь алтан медаль авч, нэг төрөлд нь дээд амжилт тогтоосон ахмад тамирчин Ц.Раднаад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр  "Сакура" дунд сургуульд болов. 

Энэ үеэр Кёкүшюзан Д.Батбаяр "Хөрш заан" компанийнхаа барьж буй орон сууцны барилгаас хоёр өрөө байр бэлэглэх батламж гардуулж, ахмад тамирчны амжилтыг мялаалаа. 

-Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахтай холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулахаар боллоо. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ