Beats хамгийн анхны утасгүй чихэвчээ танилцуулав

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-04-09 14:05 GMT+8

Өнгөрсөн долоо хоногт Apple-ын охин компани болох Beats анхны утасгүй чихэвчээ танилцуулсан нь Powerbeats Pro байлаа. 250 ам.долларын үнэтэй уг чихэвч нь нэмэлт дэгээ маягийн хэсэгтэй учир дасгал хийж байхдаа зүүхэд тун тохиромжтой аж.

Дуу нэмж хасах, зогсоох зэрэг товч нь чихэвчний хоёр талд хоёуланд нь байх бөгөөд тусгай мэдрэгчний ачаар чихэвчээ авахад явж байсан дуу автоматоор зогсож, буцаан зүүхэд мөн л автоматоор үргэлжлэх юм байна.

Apple-ын өнгөрсөн сард танилцуулсан AirPods-т ашигласан H1 чипийг Powerbeats Pro-т мөн суурилуулжээ. Ингэснээр хэрэглэгч “Hey Siri” гэж хэлээд л Apple-ын ухаалаг туслах болох Siri-тэй холбогдож болно.

Албан ёсны танилцуулга бичлэг

Нэг цэнэглэлтээрээ 9 цаг тасралтгүй ажиллах ба нэмэлт гэр нь 15 цагийн цэнэгийг өөр дээрээ хадгалдаг байна. Хурдан цэнэглэх горимын тусламжтайгаар 15 минут цэнэглээд 4.5 цаг, 5-хан минут цэнэглээд 1.5 цаг ашиглах боломжтой гэнэ. Powerbeats Pro ирэх 5-р сард дөрвөн өнгөний сонголттойгоор худалдаанд гарахаар болжээ.

Эх сурвалж: Engadget

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ