Хамгаалах хариуцлагатан, арчлах ажилтангүй нэрэмжит гудамжууд

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-04-12 16:45 GMT+8

НЭРЭМЖИТ ГУДАМЖУУДЫН ХӨРӨНГӨ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД Ч БҮРТГЭЛГҮЙ

Монголчууд үнэгүй юманд “нугасгүй” ч түүнийгээ хадгалах, хамгаалахдаа маруухан гэдгийг нийслэлд гаднын хөрөнгө, хандив тусламжаар байгуулсан нэрэмжит гудамжуудыг хэрхэн арчилж, хамгаалж буйгаас харж болно.

Нийслэлийн хэмжээнд 167 гудамж талбайг алдар гавьяаг мөнхлөх, тухайн газар нутгийн байршлын түүхэн нэршлийг хадгалах зорилгоор нэршүүлэн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэжээ. Түүний 10 нь улаанбаатар хоттой ахан дүүсийн барилдлага тогтоож хандив, тусламжаар тохижуулж өгсөн гудамж юм. Бээжин, Анкара, Сөүл, Москва, Токио, Эрхүү, Намъяанжу, Болгар, Денвер, Элистей зэрэг гудамжны хэдийг нь нийслэлийн иргэн та мэдэх вэ. Мэдэхгүй байхад ч буруутгах аргагүй. Бүр нийслэлийн өмчийн харилцааны газар ч хөрөнгө оруулалтын хэмжээг нь тогтоож өмчдөө аваагүй байхад иргэн та хөрөнгийн мэдээлэлтэй байна гэдэг учир дутагдалтай.

Манай улсад гажиг журам үйлчилдэг юм байна. Нийслэлд хөрөнгө оруулалт хийж тохижуулсан гудамжаа гадны байгууллага нь хүсэлт тавиагүй тохиолдолд нийслэлийн өмчид авах ямарч зохицуулалт байхгүй гээд боддоо. Тиймээс дээрх гудамжуудад оруулсан хөрөнгө нийслэлийнхний өмч биш гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хариуцах эзэн, хамгаалах үүрэгтэнгүй хөсөр хаясан гэмээр өмч. Харин нийслэлийн өмчийн харилцааны газарт дээрх гудамжуудад гадны хөрөнгө оруулалт хийхээс өмнөх үнэлгээ бол бий.

Түүгээр нь бол Бээжингийн гудамж 328.6 сая, Намъяанжугийнх 183.5 сая, Анкара 710.4 сая төгрөгөөр үнэлэгдэж байв. Харин үүнээс хойш дээрх гудамжуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хандив, тусламжаар нэмэгдсэн. Тухайлбал, Бээжингийн гудамжийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 60 сая юань, Анкарагийн гудамжинд туркийн ард түмэн хоёр сая ам.доллар, Намъяанжу хотынхон 500 мянган ам.доллараар тохижуулан бэлэглэжээ.

Дүүргүүд нэрэмжит гудамжны арчлалт, хамгаалалтад огт мөнгө төсөвлөдөггүй

Үүн дээр Сөүл хотынхны сэтгэл шингэсэн бэлэг ч нэмэгдэнэ. Уг нь энэ их хөрөнгийг хэдийгээр нийслэлийн өмчид аваагүй ч түүнийг арчилж тордох, сэлбэж сэргээх нь нийслэлийн удирдлагуудын үүрэг байлтай. Гэтэл арчилгаа нь дордож, хамгаалалт нь хаягдсанаас бэлгийн эзэн гомдмоор болсон жишээ цөөнгүй байна. Та бидний сайн мэдэх Сөүлийн гудамжны тохижилт нийслэлийг чимдэг байсан үеэ өнгөрөөж хэмхэрсэн хайс хэрзийж, хагарсан гэрэл чимэглэл гээд халагламаар болжээ.

УДЭТ-аас төмөр Замын удирдах Газар хүртэлх 2.9 км үргэлжилдэг энэхүү гудамжийг 1996 онд Сөүлийн гудамж болгон нэршиж, БНСУ тохижилт, гэрэлтүүлэг, зам засвар, засал чимэглэлд 170 сая төгрөг зарцуулан бэлэглэж байсан түүхтэй. 2009 онд Улаанбаатар хотод айлчилсан Сөүлийн мэр У Сэ Хун нийслэлийнхээ нэрэмжит гудамжтай танилцаад сэтгэл хангалуун буцсан тухай мэдээлэл сонины шарласан хуудаснаа буй. Харин өнгөрсөн жилүүдэд “Гэрэлт гудамж” нэрээр 500 метр газарт нь тохижилт хийж сэргээснээс бус олигтой хадгалж хамгаалж чадаагүйгээс эл гудамж бүхэлдээ гандаж, гундсаар байна.

Эртний бэлэг элэгдсэн хэмээн зөвтгөх шалтгаан байгаа ч саяхан тохижилт хийсэн Анкара хотынхны, Намъяанжу хотын 500 мянган ам.долларын хөрөнгөөр боссон гудамжуудын тохижилт ч гэсэн муудсаар байгааг арчлалт хамгаалалт байхгүйтэй холбохоос аргагүй. Үүнд нийслэлийн тохижилт үйлчилгээний газрыг буруутгахаас гадна дүүргийн удирдлагуудын олхиогүйг зүхмээр.

Жил бүр НИТХ-аар дүүргүүдийн төсвийг хэлэлцэхдээ тохижилтын ажилд тодорхой хөрөнгө мөнгө тусгадаг. Гэхдээ тэр мөнгө шинэ бүтээн байгуулалтад зарцуулагдах зорилготой болохоос бүтээн байгуулалтаа хамгаалах, сөнөөснөө сэлбэх хөрөнгө биш аж. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо шинэ ажил хийж байгаагаа харуулахын тулд тохижилт, арчлалтад зориулах мөнгийг “тууз хайчлах”-д хуваарилдгаас ажил үүргийн гажуудал үүсгэжээ. Нэрнээсээ л тохижилт, үйлчилгээний компани (ТҮК) гээд ажил үүргийн хуваарь нь тодорхой хэлтсийнхнийг гудамж шүүрдэхээс хэтрэхгүй байдалд оруулсан нь гарцаагүй.

Жил бүр НИТХ-аар дүүргүүдийн төсвийг хэлэлцэхдээ тохижилтын ажилд тодорхой хөрөнгө мөнгө тусгадаг.

Тохижилт гэдэг үгийг нэрээсээ хасах шахсаны учиг нь өнөөх улиг болсон төсөв байхгүй гэдэг шалтагт торж байна. Найр наадам, аялал зугаалгад хэдэн зуун саяар нь цацдаг дүүргийн удирдлагууд гудамжны тохижилтод тавхан сая төгрөг төсөвлөдгийг ойлгоход тун бэрх. Гаднын хөрөнгө оруулалтаар тохижуулаад өгсөн гудамжийг хамгаалах эзэн, хариуцах хүнгүй орхино гэдэг хамтран ажиллах гэрээгээ нулимсантай адил гэдгийг ч анзаарах сэхээ алга. Үүнийг дүүргээ гэх зүтгэлгүй, хамтрагчаа гэх сэтгэлгүй удирдагч олширсны нотолгоо ч гэж болно.

Үнэгүй олдсон зүйл цэнгүй байдаг гэсэн ойлголтой “ухаангүй ноёд, урагшгүй албатуудад” наад зах нь тусламж үзүүлсэн түмнийг хүндэтгэх найрсаг харилцааны соёлыг ухамсарлуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үүний төлөө ойрын хугацаанд арга хэмжээ авахгүй бол дараагийн бүтээн байгуулалтад ч энэ зангаар хандах ёр ойрхон бий. Хятадуудын 60 сая юанийн буцалтгүй тусламжаар тохижуулсан Бээжингийн гудамж ч хэдхэн жилийн дараа гандаж гундсан байвал өмнөд хөршийнхөн гомдоно буй за.

Цаашлаад бэлгийн зүйлд гамгүй ханддаг муухай монгол зангаас болж Сэлбэ голын эрэг дагуух Денвер, Болгар, 100 айлын Хангай орон сууцны хороолол дахь Элистэйн нэрэмжит гудамжны тохижилтын хандив саатахыг үгүйсгэхгүй. Мөн хандивын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, найрсаг харилцааг эрхэмлэж буйгаа илэрхийлэх үүднээс НИТХ-ын төлөөлөгчид болон хотын дарга ухаан зарвал зохилтой.

ЗГМ: ТОДРУУЛГА

М.ГАНСЭЛЭМ: ДҮҮРГИЙН ТОХИЖИЛТОД ХӨРӨНГӨ ТӨСӨВЛӨХИЙГ ШААРДДАГ Ч ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ БАЙНА

Нэрэмжит гудамжны тохижилтыг сэргээх ажилд алдаа, дутагдал гарч буйн шалтгааныг Нийслэлийн хот тохижилт, бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Гансэлэмээс тодрууллаа.

-Нэрэмжит гудамжны тохижилт, хамгаалалтын ажлыг тухайн дүүргийнхэн хариуцах ёстой. Манайх тохижилт, хамгаалалтын ажилд нь хяналт тавьдаг. Бид тэдгээр нэрэмжит гудамжийг эзэнтэй болгох, эвдэрсэн гэмтсэнийг засварлах шаардлагыг байнга тавьж, дүүргийн холбогдох албан тушаалтан, удирдлагуудад албан бичиг ч илгээдэг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ч цэвэр цэмцгэр байлгах, стандарт мөрдүүлэх тогтмол шаардлага тавьдаг юм. Харамсалтай нь, илэрсэн зөрчлийг арилгах, арчлалт хамгаалалт хийлгэхээр шаардахад төсөв хөрөнгө батлагдаагүй хэмээн буруугаа тохчихдог.

Манай хэлтэс нийслэлийн тохижилт, арчлалтыг сайжруулах зорилгоор өдөр бүр мэдээлэл оруулдаг апп ашиглан тэдэнд мэдэгддэг. Татвар төлөгчдийн мөнгө, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хандив тусламжийн эргэлтийн хөрөнгийг эзэнтэй байлгах зорилгоор “Хяналтын төвийн бүс” гэдэг байгууллагатай хамтарч байгаа. Тэр хүмүүс өнөөдөр гэхэд л Анкарагийн гудамжны сандал эвдэрсэн, хайс алга болсон мэдээллийг оруулсан байна.

-Нийслэлийн төсөв хэлэлцэх үеэр, дүүргийн төсвийг батлахад нь тохижилтод хөрөнгө тусгахаар шаардаж болдоггүй юм уу?
-Дүүрэг бол орон нутгийн өөрөө удирдах байгууллага шүү дээ. Дүүргийн ИТХ юунд мөнгө зарцуулахаа өөрсдөө шийддэг. Бид уржнан жилээс шахаж шаардсаны үр дүнд зарим дүүрэг мөнгө төсөвлөдөг болж эхэллээ. Тухайлбал, энэ жил Сүхбаатар, Хан-Уул дүүрэг арчлалт хамгаалалтад мөнгө суулгасан. Гэхдээ хаанаа ч хүрдэггүй юм билээ. Дүүргийн Засаг дарга нар гудамж, талбайгаараа явж, засаж сэлбэх ажилтай танилцдаггүй нь тохижилтод бага мөнгө төсөвлөх шалтгаан болдог болов уу.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ