“Wikileaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанжийг Лондонд баривчилжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-04-12 09:04 GMT+8

“Wikileaks”-сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг Лондон хот дахь Эквадор улсын элчин сайдын яамны байрнаас өчигдөр баривчилжээ.

Тэрбээр, хүчингийн хэрэгт шалгагдаж байхдаа Швед улсад шилжүүлэн өгөхөөс зугтсан байна. Ийнхүү сүүлийн долоон жилийн турш Эквадорын элчин сайдын яамны байранд улс төрийн шалтгаанаар орогнож байсан ч тус улсын эрх баригчид түүнийг үргэлжлүүлэн байлгахаас татгалзсан аж.

Эквадорын Ерөнхийлөгч Ленин Мореногийн хэлж буйгаар “WikiLeaks”-ийн үндэслэгч Жулиан Ассанж олон улсын хууль дүрмийг удаа дараа зөрчсөн тул ийнхүү улс төрийн орогнолыг нь цуцалж байна гэжээ. Харин Ассанж Эквадор улсын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдээд байна.

Одоогоор түүнийг Лондон хотын төвд байрлах цагдаагийн хэсэгт хорьж байгаа тухай Скотланд Ярдын цагдаа нар мэдээллээ. Удахгүй гэмт хэрэгт шалгагдаж байхдаа батлан даалтын нөхцлийг зөрчсөн хэргээр Уэстминстерийн шүүхээр орох гэнэ. Үүний дараа Британийн засгийн газар Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөх эсэх шийдвэрийг гаргах юм. 

Их Британийн Дотоод хэргийн сайд “Жулиан Ассанж Их Британийн шүүхийн өмнө шүүгдэх болно. Бидэнтэй хамтран ажилласан Эквадорын эрх баригчдад талархлаа илэрхийлмээр байна. Хэн ч хуулийг зөрчиж болохгүй” хэмээн твиттер хуудсандаа бичжээ.

Одоо 47 настай, программ зохиогч Жулиан Ассанж нь 2006 онд “Wikileaks”-сайтыг үүсгэн байгуулжээ. Тухайн үед дэлхийн улс орнуудын төрийн өндөр нууцлал бүхий материалуудыг дэлгэн дуулиан тарьж байсан юм.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ