ФОТО: ЕБС-ийн сурагчдын дунд Гоймон Гүүрийн улсын олимпиад боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-04-15 13:00 GMT+8

Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг Техник технологийн дээд сургуулийн /ТТДС/ нэрэмжит Гоймон гүүрийн улсын олимпиадыг өчигдөр ТТДС  дээр зохион байгууллаа.

Олон улсын гүүрэн хийц бүтээцийн энэхүү жишиг олимпиадыг тус сургуулийн Байгалийн ухааны тэнхимийн хамт олон 2018 онд санаачлаад, тухайн оны дөрөвдүгээр сард тус сургууль дээр анх удаа зохион байгуулжээ.

“Гүүр” олимпиадын зорилго нь Монгол Улсын ирээдүйн хурдацтай хөгжил, бүтээн байгуулалтын эзэн болох инженерүүдийн залгамж халаа болсон ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын бүтээлч техник сэтгэлгээг хөгжүүлэх, байгалийн ухааны хичээлээр үзсэн мэдлэг чадвараа бодит амьдралд хэрэгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгоход оршиж байгаа ажээ.

Өнгөрсөн онд болсон анхдугаар олимпиадад ерөнхий боловсролын 11 сургуулийн 13 баг, есөн удирдагч багш, 39 сурагч авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдөж байсан бол 2019 оны өнөөдрийн олимпиадад 15 сургуулийн 25 багийн нийт 88 багш, суралцагч оролцож байна.

Нийслэлийн боловсролын газар, Физик байгалийн ухааны боловсролын төв хамтран зохион байгуулсан уг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр  УИХ-ын гишүүн А. Ундраа, НИТХ-ын тэргүүлэгч Ц. Байгалмаа нар дэмжин ажиллажээ.

Техник технологийн дээд сургуулийн Сургалт эрхэлсэн захирал Ц. Баярмаа:

-Гоймон гүүрийн уралдааны гол зорилго, ач холбогдлыг юу гэж харж анх санаачлан зохион байгуулж эхэлсэн бэ?
-Хөгжсөн орнуудад гурван хүний нэг нь инженер техникийн ажилчид байдаг гэсэн судалгаа байдаг. Харин Монгол Улсад ЕБС-ийн төгсөгчдийн 10 хувь нь л инженер техникч болох зорилготой энэ төрлийн сургуулийг сонгодог. Инженер техникчийн боловсролтой хүмүүс улсын бүтээн байгуулалтад оролцдог гол эзэд нь. Тиймээс энэ чиглэлээр мэргэжил сонгох суралцагчдыг нэмэгдүүлэх, энэ мэргэжилд сонирхолтой болгож хөтлөх зорилгоор “Гүүр” олимпиадыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй.

Инженерчлэл техникийн мэргэжил сонгохын тулд байгалийн шинжлэх ухаан, физик, хими, математик, геометр, технологийн хичээлийг сонирхдог хүүхдүүд орж ирдэг. ЕБС-д энэ хичээлийг заадаг багш нар онол заахаас гадна гарын доорх материалаар гүүр хийх гэх мэт даалгавруудыг хийлгэснээр аяндаа хүүхдүүд  сонирхолтой болно. Тиймээс багш сурагчдыг татан оролцуулж, төгсөх гэж байгаа хүүхдүүдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготойгоор энэ уралдааныг зохион байгуулж байна.

Харахад гоймон наагаад амархан юм хийгээд байгаа мэт харагдавч маш бат бэх, даац даах хэрнээ хөнгөн байх шаардлага тавьж байна.  

-Тус олимпиадад оролцоход ямар арга барил ашиглах нь чухал вэ?
-Техник технологийн дээд сургууль нь хийнгээ суралцах зарчим буюу CDIO /conceive-бодож сэтгэх, design-төлөвлөж загварчлах, implement-туршин хэрэгжүүлэх, operate-ажиллуулан ашиглах/ зарчмыг сургалтанд ашиглах санаачилга гаргасан. Энэ зарчмыг улс орнуудад өргөн дэлгэр хэрэглэхэд инженерчлэлийн салбарт үр дүнтэй юм байна гэж үзээд, цаашлаад арга зүй болон хөгжиж, стандартууд гарсан байдаг.

Хүн аливаа юмыг хийхдээ сэтгэдэг боддог, түүнийг загварчилж, төлөвлөж, дараа нь хийж эхэлдэг. Хийснийхээ дараа амьдрал ахуйдаа хэрэглэдэг. Энэ системээр хүн сурч байж сайн инженер болж бэлтгэгдэнэ. Энэ сургалтыг зөвхөн их, дээд сургуульд орсон хойно нь  нэвтрүүлэх биш, ЕБС-д байхад нь нэвтрүүлснээр тэр чадвар улам  хөгжинө. Цаашлаад өөрийгөө хэн болох, эх орны бүтээн байгуулалтад яаж гар бие оролцох вэ гэдгээ урьдчилан харж ур чадвараа олж авдаг юм.

Харахад гоймон наагаад амархан юм хийгээд байгаа мэт харагдавч маш бат бэх, даац даах хэрнээ хөнгөн байх шаардлага тавьж байна.  Гоймон маш хэврэг материал учраас бат бэх болгож олон кг ачаа даадаг болгохын тулд математик, физик, дүрслэлийн геометр, технологийн хичээлүүдэд олж авсан бүхий л мэдлэгээ толгойдоо тооцон боловсруулж, загвараа гаргаж, хийнэ гэдэг нь хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлдэг юм.

-Шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулахгүй юу?
-Энэ олимпиад нь олон улсын жишиг даалгавартай учраас шүүгчдийн нарийн бүрэлдэхүүнтэйгээр сонгосон. Олимпиадыг  Физик байгалийн ухааны боловсролын төвийн гишүүн, доктор (Ph.D), физикч Х. Балт-Эрдэнэ, Шинэ Монгол Коосэн технологийн коллежийн Барилгын дэд бүтцийн инженерийн тэнхимийн эрхлэгч Б. Наранбаатар, Монгол Коосэн технологийн коллежийн цахилгааны инженерийн багш Нишияма Харүхико, ТТДС-ийн физикийн багш Б.Эрдэнэбилэг зэрэг инженер физикийн мэргэжилтнүүд шүүж байна.

Мөн бидний энэ санаачилгыг дэмжиж хөрөнгө санхүүгээр хоёр дахь жилдээ тусалж байгаа УИХ-ын гишүүн А. Ундраа, НИТХ-ын тэргүүлэгч Ц. Байгалмаа нартаа их талархаж байна.

Б.НАРАНБААТАР: ГОЙМОН ГҮҮР ХӨНГӨН ХЭРНЭЭ ДААЦ САЙН ДААЖ БАЙХ НЬ ЧУХАЛ

Тус олимпиадын ерөнхий шүүгч, Шинэ Монгол Коосэн технологийн коллежийн Барилгын дэд бүтцийн инженерийн тэнхимийн эрхлэгч Б. Наранбаатартай  ярилцлаа.

-Гоймонгоор гүүр хийснээр хүүхдүүд ямар ур чадвар эзэмших вэ?
-Гоймонгоор гүүр хийх тэмцээн гадаадын улс орнуудад түгээмэл зохиогддог. Ялангуяа дунд сургуулийн хүүхдүүдэд гүүрний тухай ойлголт өгөхийн тулд гоймон, цаас, нэг удаагийн савх зэрэг гарын доорх материал  ашиглан хийж болно. Хүүхдүүдийг багаас нь энэ инженерингийн мэргэжил рүү татахын тулд ийм тэмцээн зохион байгуулдаг.

Нийт 25 ширхэг шпагеттиний гоймонгоор 24 см-ийн урттай, 5 см-ийн өргөнтэй гүүрийг 2 цагийн дотор хийх даалгавартай.

Хэдэн жилийн өмнө Монголд Энхтайваны гүүрнээс өөр том гүүр байгаагүй. Сүүлд хотжилт нэмэгдээд гүүр барих шаардлага гарахад манай улс гүүрийн боловсон хүчингүй байсан. Тийм учраас сүүлийн үед барьж байгаа гүүрнүүдийг гадаадын мэргэжилтнүүд ирж барих болсон. Өөрсдөө гүүрээ барьж чадахгүй байна гэдэг боловсон хүчин дутмаг байгаагийн илрэл. Тиймээс энэ бол нэгдүгээр шалтгаан.

Гүүр бол стратегийн маш чухал ач холбогдолтой байгууламж. 2006-2007 оны үед ШУТИС гүүрийн инженерээ бэлдэж эхэлсэн учраас одоо л энэ салбарт монгол инженерүүд ажиллаж эхэлж байна. Цаашдаа Монголд гүүр баригдсаар байх учраас боловсон хүчнээ бэлдэх шаардлагатай. Тэр утгаар энэ тэмцээн явагдаж байх ёстой.

Нөгөөтэйгүүр гүүрийн тэмцээн хамгийн шударга болдог. Яагаад гэвэл хийсэн бүтээл нь нүдэнд ил, эвдэрсэн эвдрээгүй нь шууд харагддаг учраас шалгуур хийхэд ойлгомжтой байдаг.

-Хүүхдүүдэд ямар багаж хэрэгсэл ашиглаад ямар хэмжээтэй гүүр барих даалгавар өгч байна вэ?
-Нийт 25 ширхэг шпагеттиний гоймонгоор 24 см-ийн урттай, 5 см-ийн өргөнтэй гүүрийг 2 цагийн дотор хийх даалгавартай.

-Тэмцээнд оролцох хүүхдүүдэд ямар шалгуур тавьдаг вэ?
-Хүүхдүүд өөрсдийн сонирхлоороо оролцдог. Тэмцээн улс даяар нээлттэй явагддаг.

-Ер нь шүүгчийн зүгээс ямар шалгуур үзүүлэлтээр үнэлдэг вэ?
-Хязгаарлагдсан материал ашигладаг учраас тухайн гүүр хэр их даац дааж байгааг харна. Гүүрээ хөнгөн хийсэн хэрнээ хамгийн их даац дааж байвал нарийн тооцоотой  хийсэн гэсэн үг. Мөн гүүрийн загвар үзэмжтэй байх ёстой. Тэр утгаар цэвэрхэн, нямбай ажилласан эсэхийг, ямар загвараар хийсэн байна гэдгийг харна. Түүнчлэн гүүр гэдэг ганц хүний хийдэг ажил биш.

Тиймээс  багийн ажиллагааг бас харна. Хоёр цагийн хэмжээнд үргэлжлэх ч гэсэн энэ нь нөгөө талаас төсөл юм. Нэг нь зургаа зураад санаагаа гаргах бол нөгөө нь эвлүүлж өгнө, нэг нь юмаа бэлдэж өгөх гэх мэт хуваарилалтаа хийнэ. Шүүх явцад өөрийнх нь хийсэн юмыг эвдэлж үзүүлнэ гэдэг хүүхдүүдэд нэг бодлын гунигтай ч юм шиг хэрнээ нөгөө талаар өөрсдөө хийсэн юм болохоор ачаа даагаад байх тусам сэтгэл нь хөдөлж догдолдог.

-Өнгөрсөн онд таныг шүүгчээр ажиллахад хүүхдүүд ямар бүтээлүүд гаргаж байсан бэ? Энэ жил юугаараа онцлогтой байна вэ?
-Өнгөрсөн жил хүүхдүүд янз бүрийн сонирхолтой гүүрнүүд хийж байсан. Энэ жил илүү туршлагажиж, илүү сайн гүүрнүүд хийх болов уу гэж найдаж байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад энэ жил хоёр дахин их оролцогчтой байна. Дараа дараагийн жилүүдээс улам бүр өргөжих болов уу гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ингээд хоёр цаг үргэлжилсэн гоймон гүүрийн тэмцээн шилдэг оролцогчдоо шалгарууллаа. Тодруулбал,

Олимпиадад нийт 15 сургуулийн 25 багийн 88 багш, суралцагч оролцсоноос нэгдсэн дүнгээр:

1-р байранд 23-р сургуулийн Б. Эрдэнэбаатар багштай 2-р баг

2-р байранд Б. Эрдэнэбаатар багштай 1-р баг

3-р байранд "Улаанбаатар" дунд сургуулийн Батдорж багштай 1-р баг

Тусгай байранд 42-р сургуулийн С. Оюунбилэг багштай 2-р баг

Тусгай байранд “Шинэ эрин” сургуулийн Ч. Одпүрэв багштай баг тус тус шалгарсан байна.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ