Мэргэжлийн сургууль, коллежуудын дунд болсон МАТЕМАТИКИЙН улсын олимпиадын аваргууд тодорлоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-04-15 14:45 GMT+8

Монгол Улсын Барилгын мэргэжлийн жишиг сургууль Техник технологийн политехник коллеж /ТТПК/ -ийн нэрэмжит математикийн 17 дахь улсын олимпиад өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.

Мэргэжлийн сургууль болон коллежуудын дунд  жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн уг олимпиадыг 2004 оноос багш, сурагчдын олимпиад болгон цар хүрээг нэмэгдүүлж, 2010 оноос төвийн бүсийн мэргэжлийн сургуулиудын хэмжээнд, 2011 оноос улсын хэмжээний болгон өргөжүүлсэн байна. Цаашдаа олон улсын хэмжээний олимпиад болгон өргөжүүлэн зохион байгуулах зорилго тавиад байгаа ажээ.

Энэхүү математикийн Олимпиадыг тус сургууль МУИС-ийн ШУС-ийн БУ-ны сургууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвтэй хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн 17-р олимпиадад Улаанбаатар хотын 11, орон нутгийн 11, нийт 22 МСҮТ, коллеж хамрагдаж 22 багш, 49 суралцагч оролцлоо.

Олимпиадын үеэр багш нарын дунд “Стандарт бус бодлого бодох арга зүй” сэдэвт сертификаттай сургалтыг МУИС-ийн ШУС-ийн БУ-ны салбарын математикийн тэнхимтэй хамтран доктор профессор В. Адъяасүрэн багш удирдан явуулж, оюутнуудын дунд шатрын тэмцээнийг зохион байгууллаа.

ТТПК-ийн Багшийн хөгжлийн төвийн захирал П. Нарантуяа:

“Энэ олимпиадад МСҮТ болон мэргэжлийн коллежуудын багш нар болон математикт дур сонирхолтой оюутнууд оролцдогоороо онцлогтой.

Политехник коллеж нь мэргэжлийн ур чадвар өндөртэй мэргэжилтнийг бэлтгэх зорилготой. Энэ утгаараа математик сэтгэлгээтэй хүүхдүүд бүтээгч, мэргэжлийн нарийн ур чадвар эзэмших чадвараараа бусдаас илүү байдаг нь харагддаг.

Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд уг олимпиадыг зохион байгуулдаг байсан бол улсын хэмжээнд болгосноор оролцогчид нэмэгдэж, бодлого бодох чадвар нь жилээс жилд сайжирч байна. Сүүлийн таван жилийн хугацаанд бид МУИС-ийн доктор, профессор В. Адъяасүрэн багштай хамтран зохион байгуулж байна.

Нийгэмд МСҮТ, политехник коллежуудад ЕБС-д сурлагаараа хоцрогдсон хүүхдүүд суралцдаг гэсэн ойлголт байдагт харамсдаг. Гэтэл энэ сургуулиудад тодорхой зорилготой, энэ мэргэжлээрээ эх орондоо хэрэгтэй хүн болъё гэж хүсэж тэмүүлсэн хүүхдүүд суралцдаг учраас математикт дур сонирхолтой хүүхдүүд элсээд дэлхийд хүртэл нэрээ гаргаж байна.

Тухайлбал, Дэлхийн ур чадварын тэмцээнд манай сургууль гурав дахь удаагаа оролцох гэж байна. 2015 онд Бразилд, 2017 онд Абу Даби хотноо болсон Дэлхийн ур чадварын уралдаануудад  манай сургуулийн оролцогчид өндөр оноо авч, үндэсний хэмжээний ялагч болоод ирлээ. Тиймээс бид ийм ур чадвартай хүнийг бэлтгэх эрхэм зорилгоо хэрэгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна” гэлээ.

Техник технологийн политехник коллежийн сургалт эрхэлсэн захирал Ц. Баярмаа:

“Суралцагчдыг математикт дур сонирхолтой болгон хөгжүүлэхэд энэ олимпиад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүмүүс политехник коллеж, МСҮТ-д гараараа юм хийх хүмүүст математик ямар хэрэгтэй вэ гэж бодож магадгүй. Гэвч математик, логик сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдүүд ийм сургуулийг сонгох учиртай. Математикийн боловсрол бол техникийн мэдлэгийг олж авах үндсэн арга хэрэгсэл болохоос гадна хувь хүний оюун ухаан, бүтээгч чадварыг хөгжүүлдэг, асар их тэсвэр тэвчээр, аливаад няхуур хандах зан чанарыг төлөвшүүлж өгдөг ач холбогдолтой шинжлэх ухаан юм” гэлээ.

Ингээд ТТПК математикийн олимпиадад түрүүлж, байр эзэлсэн оролцогчдоо шалгаруулж,  оюутнуудад техникийн боловсрол болон дээд сургуульд суралцах хөнгөлөлттэй эрхийн бичиг гардуулж, шатлан суралцахыг урилаа.

Багшийн төрөлд

  • 1-р байр Барилгын Политехник Коллежийн багш М. Мөнхтулга
  • 2-р байр Техник Технологийн Политехник Коллежийн багш К. Гансарнай
  • 3-р байр Техник Технологийн Политехник Коллежийн багш Н. Отгон-Эрдэнэ

Дархан УУЭХ Политехник Коллежийн багш С. Аззаяа

  • Тусгай байр Монгол Солонгос Политехник Коллежийн багш Б. Нямсүрэн, Донбоск МСҮТ-ийн багш Г. Батгэрэл
  • Уран бодолтын аваргаар  Барилгын Политехник Коллежийн багш М. Мөнхтулга шалгарлаа.

Суралцагчийн төрөлд

  • 1-р байр Монгол Солонгос Политехник Коллежийн оюутан Б. Дэжидмаа 
  • 2-р байр Их засаг МСҮТ-ийн оюутан Л. Энх-Орчлон
  • 3-р байр Өмнөговь МСҮТ-ийн оюутан Ц. Ганзолбоо
  • Тусгай байр Налайх МСҮТ-ийн оюутан О. Сүххуяг, Монгол Солонгос Политехник Коллежийн оюутан Г. Басбаяр

Багийн нийлбэр дүнгээр

  • 1-р байр Монгол Солонгос Политехник Коллеж
  • 2-р байр Өмнөговь МСҮТ
  • 3-р байр Техник Технологийн Политехник Коллеж тус тус эзэллээ.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ