Хүний эрхийн үндэсний комиссын ажлын хэсэг Говь-Алтайд ажиллаж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-04-15 17:26 GMT+8

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг зөрчсөн хэмээн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн гомдлын дийлэнх нь төрийн байгууллагын удирдах албан тушаалтантай холбоотой байжээ.

Иймээс Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) төрийн албан хаагчдын жендэрийн эрх тэгш байдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулсаар байгаа билээ.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүжилтээр Төрийн албаны зөвлөлөөс 2018-2021 онд хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн “Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх” гурав дахь үр дүнгийн ажлыг ХЭҮК хариуцан гүйцэтгэжээ. 2018 онд 21 аймгийн төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчдад “Жендэр ба хүний эрх” сэдэвт сургалт явуулж, нийт 420 сургагч багш бэлтгэсэн байна.

Уг ажлын үргэлжлэл болгон ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 08-18-нд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ажиллажээ. Тэд хуулийн хэрэгжилтийг хянаж шалгахын зэрэгцээ хүний эрхийн давтан сургалтууд явуулж байна. Ажлын хэсэг өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж байна.

...Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдлыг ХЭҮК 2018 онд судлан, 2019 оны хавар УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-д бүлэг сэдэв болгон тусгажээ. Уг асуудлаар шийдвэр гаргуулахаар санал хүргүүлээд байгаа юм.

Тухайлбал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа үндэсний болон орон нутгийн түвшинд 2017-2018 онд идэвхжиж, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө, салбарын болон орон нутгийн хөтөлбөр, баримт бичгүүд батлагдаж, бодлогын түвшинд ахиц гарсан. Гэвч улсын болон орон нутгийн төсөвт холбогдох санхүүжилт хангалттай бус, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий шийдвэр гаргагч, удирдах албан тушаалтнуудын жендэр, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг сайжруулах шаардлагатай байна.

ХЭҮК-оос 18 дахь илтгэлээр дамжуулан УИХ-д хүргүүлсэн санал:

1. Жендэрийн салбар зөвлөл, салбар хороодын жендэрийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх, хариуцлагыг сайжруулах, гишүүдийн ажил үүргийн хуваарийг нарийвчлан тодорхойлох;

2. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад жендэрийн асуудал хариуцсан нэгж ажилтантай болох;

3. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж байх;

4. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4.б-д “жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал” гэснийг хасах.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ