Монголын нөхцөлд тохируулан угсарч буй TBC-2MС агаарын хөлгөөр туршилтын нислэг хийлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-04-16 10:00 GMT+8

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт ажиллаж, TBC-2MС агаарын хөлгийн угсралтын явц, үзүүлэх нислэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Б.Энх-Амгалан сайд TBC-2MС агаарын хөлгийг Монгол орны нөхцөлд уялдуулан тоноглож, олон төрлийн зориулалтаар ашиглах боломжтой гэдгийг санаачлан, МИАТ ТӨХК-д санал тавьснаар ийнхүү биеллээ олж, тоноглосон анхны загварын туршилтын нислэг болов.

Буянт ухаа дахь Чингис хаан ОУНБ-ын аэродромын бүсийн туршилтын нислэгийг ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА” /Сибирийн нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэн/-ийн захирал, туршин нисгэгч В.Е.Барсук үйлдсэн юм.     
TBC-2MС агаарын хөлөгт АНУ-ын “Honeywell” компанийн ТПЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн 5 алгатай сэнсийг суурилуулснаар уг онгоцны хүндийн жин 500 килограммаар багасч, хурд 220 км/цаг болон нэмэгдсэн байна. Мөн тав тухыг сайжруулж, бүхээгний дулаалгыг дуу чимээ тусгаарлагчаар доторлон, зорчигчийн гар тээш хадгалах тавиур хийжээ.

Түүнчлэн гэрэлтүүлэг, агааржуулалтын системээр тоноглож, ариун цэврийн өрөөг суурилуулан, нийлүүлэлт элбэг ТС маркийн нисэх онгоцны шатахуун ашигладаг зэрэг олон давуу талтай болж буй аж.

ТПЕ-331-12 хөдөлгүүрийг их биед суурилуулах бэхэлгээний рамд бат бэхийн туршилтуудыг хийж 25.000 цагийн нислэг үйлдэх баталгаа гаргасан байна.

TBC-2MС онгоцны угсралтыг МИАТ ТӨХК-ийн болон ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА”-ийн инженер, техникийн ажилтнууд хамтран гүйцэтгэжээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан TBC-2MС онгоцыг 1965 оноос эхлэн Монголын тэнгэрт нисэж байсныг дурдаад, хүчтэй хөдөлгүүр суурилуулсан нь өндөр уулын бүсэд оршдог, салхины солбилцол ихтэй манай орны онцлогт нийцэж, богино зайд хөөрч, буудаг нь хөдөө аж ахуй, эмнэлгийн түргэн тусламж, онцгой байдлын салбар болон алслагдсан аймаг сумдын зорчигч тээвэр, шуудангийн зориулалтаар ашиглах өргөн боломж бий хэмээн  онцлов. 

Эх сурвалж: ЗТХЯ 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ