Иргэний үнэмлэх шаардалгүй, төрийн бүх үйлчилгээг хурууны хээгээр авах боломж бүрдүүлнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-04-16 10:45 GMT+8

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт өчигдөр ажиллажээ. 

Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн хүн ам ихээр төвлөрсөн нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээний нэгдсэн 4 төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын 2 агентлаг, нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагын 225 албан хаагч 325 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Мөн төрийн үйлчилгээг нэг дороос цогцоор нь хүргэхийн тулд банк, нотариат, бичиг хэрэг, даатгал зэрэг хувийн хэвшлийн үйлчилгээг ч үзүүлдэг юм.

Хотын захирагч С.Амарсайхан “Төр татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр буцаагаад иргэддээ төрийн үйлчилгээг нь түргэн шуурхай, хүндрэлгүй хүргэх ёстой. Гэтэл төрд байгаа мэдээ мэдээллийг иргэдээсээ нэхдэг. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 325 нэр төрлийн үйлчилгээг 25 байгууллага үзүүлэхэд 47 хувьд нь иргэний үнэмлэх шаардаж байна. Шаардлагагүй олон бичиг баримтыг бүрдүүлдэг чирэгдлийг хөнгөвчлөхийн тулд иргэний үнэмлэх нэхэлгүй хурууны хээгээр иргэдэд бүх үйлчилгээг хүргэдэг байх үйлчилгээг өнөөдрөөс эхлэн нэвтрүүлнэ. Ингэснээр иргэдийн цаг зав, зардал хэмнэх ач холбогдолтой" гэв.

Мөн иргэдийн хамгийн их бухимдал дагуулдаг үйлчилгээ бол банкны төлбөр тооцооны асуудал юм. Одоогоор Улаанбаатар гэдэг ганцхан банкаар үйлчилгээ үзүүлж байна. Гэтэл бусад банкууд оочир дараалалгүй байдаг. Иймд аль ч банкаар болон пос машинаар төлбөрөө төлөх боломж бүрдүүлэх юм байна. Мөн нэг цонхонд нэг үйлчилгээ үзүүлдгийг халж, аль ч цонхонд очсон төрийн бүх үйлчилгээг үзүүлдэг болгож, ачааллыг тэнцвэржүүлнэ. Цаашид төрийн байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээний төрлийг нэмэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ