Ирц бүрдэлгүй 2 цаг болсон тул байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-04-16 16:09 GMT+8

 

УИХ-ын Тамгын газраас гаргасан товын дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас эхлэх ёстой. 

Товлосон цагаас 1 цаг 20 минут өнгөрөөд буюу 15.20 минут болоод байгаа ч ирц бүрдээгүй байна. 

Байнгын хорооны 19 гишүүний 8 нь ирээд байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Билэгт, Ц.Цогзолмаа, Ц.Оюунхорол, А.Ундраа, Г.Мөнхцэцэг, Н.Номтойбаяр, Ё.Баатарбилэг, Т.Ганболд нарын найман гишүүн ирээд байна. 

Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар 

  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
  • Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд/;
  • “Хорт хавдарын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай болон Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал”-ын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл сонсох асуудлыг тус тус хэлэлцэх товтой.

Нэмэлт:  

14.00 цагаас эхлэх товтой байнгын хорооны хурал 16.00 цагт ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Чинзориг, С.Эрдэнэ нар гадаадад томилолттой. Харин Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Учрал, Л.Энх-Амгалан нар тодорхой шалтгаангүйгээр ирц бүрдүүлээгүй тул байнгын хорооны хуралдаан хойшилсныг НБСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэллээ. Тэрбээр, гишүүдийг хариуцлагатай байж хуралдааны ирц бүрдүүлэхийг хүссэн юм.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ