Атганд багтах технологи ХАА-н хувьсгалыг удирдана

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-04-20 11:20 GMT+8

ХЯТАД УЛС ТЕХНОЛОГИ АШИГЛАН ХҮН АМАА ЭРҮҮЛ ХҮНСЭЭР ХАНГАХААР ЗОРЬЖ БАЙНА

Өвгөн Ли талбайгаа усалж байна. Гэхдээ тариан талбайд насаа элээсэн энэ буурал суваг шуудуй гаргаж, шугам хоолой татан хөл болсонгүй. Харин мойногшсон гартаа автомат удирдлага атгачихаад, дрон нисгэж, талбайгаа усаар шүршиж байна.

Орчин үеийн Хятадын хөдөө аж ахуй бидний санаанд хоногшин үлдсэн шиг борви бохис хийлгүй ажилладаг, хүний хүчээр нүдсэн хоцрогдсон салбар байхаа нэгэнт больжээ. Харин шинжлэх ухаан, технологиор хүч нэмж, бүтээмжээ зузаатган, будаг нь ханхалсан төмөр хүлэг шиг дүүхэлцэж байна. Ялангуяа өмнөд хөршийн газар тариалангийн түшиц бүсэд сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологи хурдтай нэвтэрч, тариаланчид талбайнхаа захаас товчлуур дараад л тариа, будаагаа ургуулж байгаа юм.

Ер нь зөвхөн Хятад гэлтгүй дэлхийн хөдөө аж ахуй өдгөө аварга машин, тоног төхөөрөмж, асар олон хүний хөлс, хүч нэхдэг хүнд хүчир салбар байхаа больжээ. Харин машин тоног төхөөрөмж улам хөнгөн, хялбар, хэмнэлттэй болж, энэ хэрээр хөдөлмөрийн бүтээмж, ургацын гарц нь дээшилсэн урвуу хамаарал харагдах болов.

БНХАУ-ын зүүн хойд зүгийн гурван том бүсийн нэг Жилин аймгийн газар тариалан, ойн аж ахуйнууд “Жилин 1” хэмээх хиймэл дагуулыг өргөнөөр ашигладаг байна. БНХАУ-ын Changguang Satellite Technology компанийн бүтээсэн энэ хиймэл дагуул цаг гаруйн хугацаанд 200 ам километр талбайн зураглал гаргадгаас гадна үрсэлгээний түвшин, өсөлтийн хурд, хөрсний нөхцөлийг тогтмол эзэндээ “илтгэдэг” аж.

БНХАУ-ын зүүн хойд зүгийн гурван том бүсийн нэг Жилин аймгийн газар тариалан, ойн аж ахуйнууд “Жилин 1” хэмээх хиймэл дагуулыг өргөнөөр ашигладаг байна.

Хиймэл дагуулаас гадна алгын чинээ камераар аварга талбайг хянаж буй тариаланч ч цөөнгүй. 190 грамм жинтэй уг камер жижигхэн биедээ баймгүй их ажил амжуулдаг. Ургамлын өсөлт хөгжил, хор хөнөөл дагуулдаг хортон шавжийн байдал зэрэг тариан талбайн бүх мэдээлэл, өгөгдлийг дамжуулдаг байна. Ингээд зогсохгүй уг мэдээлэлдээ үндэслэн хэрэгжүүлж болох хариу арга хэмжээг ч санал болгодог байх юм.

Тухайлбал, талбай дахь хортон шавжны мэдээллийг цуглууллаа гэхэд түүнийг устгах бүтээгдэхүүнийг санал болгох жишээтэй. Энэ төрлийн технологиуд нь бүтээмжийг өсгөж, өртөг бууруулдгийг тариаланчид онцолж байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хянах хөдөлгөөнт төхөөрөмжийн үйлдвэрлэл Хятадад хурдтай хөгжиж байна. Энэ нь нэг талаас бүтээмжийг дэмжихээс гадна хүнсний аюулгүй байдлыг улам бататгаж, цахим худалдаа, хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг ч давхар хөгжүүлэх давуу талтай. ASKCI Consulting компанийн тооцоогоор одоогоос дөрвөн жилийн өмнө 13.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан Хятадын хөдөө аж ахуйн салбарын ухаалаг технологийн зах зээл 2020 он гэхэд хоёр дахин өсөхөөр байна.

Хятадын хөдөө аж ахуйд техник технологийн асар том эрэлт бий болсныг анзаарсан компаниуд ч энэ салбарт хүч сорьж, тухайн бүс нутгийн шинжлэх ухааны институтуудтай хамтран шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж байна.

Хятадын урдаа барьдаг технологийн гол компанийн нэг Alibaba групп гахайн аж ахуйд зориулсан технологи нэвтрүүлж, эрүүл мэндийг нь хянах боломж олгож байна. Мөн цахим худалдааны JD.com компани хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний түгээлтийг сайжруулахаар зорьж байгаа бөгөөд дэлхийн хаанаас ч 48 цагийн дотор Хятадын айл өрхүүдэд жимс жимсгэнэ хүргэх боломжтой болгоно хэмээн тус компанийн удирдлагууд амлаад буй.

Ингэснээр тус компани фермерүүдийг хэрэглэгчидтэй нь шууд холбосон дэд бүтцийн хэлхээ холбоо байгуулах аж. Эдгээрээс гадна Alibaba-гийн гол өрсөлдөгч болох Tencent, бидний андахгүй мэдэх болсон Huawei, Baidu гээд хөдөө аж ахуйн технологийг хөгжүүлэгчдийг нэрлээд байвал дуусахгүй.

Хятадын хөдөө аж ахуй төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд уламжлал, шинэчлэлийг хослуулан өрсөлдөх чадвараа өсгөж, улам хүчирхэгжиж байгаа. Энэ хувьсал шинэчлэлийг тус улсын төр засаг ч хүчтэй дэмжиж улам ч түлхэж байна.

1.4 тэрбум давсан иргэнийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь давахад бэрх даваа. Тиймээс Хятадын Засгийн газар шинжлэх ухаан, технологийн хүчийг ашиглан энэ толгойны өвчнөөсөө  салахаар зүтгэж байна. Үүний хүрээнд томоохон аж ахуйн нэгжүүдийг дэмжихээс гадна хоол тэжээлээр хангах ажлын багагүй хэсгийг орон нутгийн эгэл жирийн өрхүүдэд үүрүүлж, жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжихээр зорьж байгаа аж.

Хамгийн гол нь ухаалаг технологиуд нь Хятадын эгэл жирийн тариаланчдад давуу тал олгож, иргэд жижиг аж ахуйгаа хялбараар эрхэлж, амьжиргаагаа залгуулахад дэм болох аж. Цаашлаад эгэл жирийн ногоочид, загасчид зэрэг орон нутгийн иргэд технологийн дэвшил ашиглан дэлхийн зах зээлтэй холбогдох боломж бүрджээ.

Ер нь дэлхийн хөдөө аж ахуй өртөг зардал, хүн хүч шаардсан нүсэр салбар байхаа больчихоод  байгаа. Энэ шинэчлэл барууны орнуудаас эхлээд Бразил, Аргентин, Австрали, ОХУ зэрэг хөдөө аж ахуйн хүчирхэг орнуудад ч биеллээ олоод байна.

• Зөвхөн Хятад гэлтгүй дэлхийн хөдөө аж ахуй өдгөө аварга машин, тоног төхөөрөмж, асар олон хүний хөлс, хүч нэхдэг хүнд хүчир салбар байхаа больсон.
• Хятадын хөдөө аж ахуйн салбарын ухаалаг технологийн зах зээл 2020 он гэхэд хоёр дахин өсөхөөр байна.
• Хятадын хөдөө аж ахуйд техник технологийн асар том эрэлт бий болсныг анзаарсан компаниуд ч энэ салбарт хүч сорьж байна.

Нэгэн цагт хөдөө ахуйн салбарын хөгжил нь хуучирч хоцрогдоод байсан манай хойд хөрш барууны орнуудын тавьсан хоригийн “ачаар” энэ салбартаа эргэлт хийгээд авлаа. Сүүлийн таван жилд хойд хөршийн хөдөө аж ахуйн салбар үсрэнгүй хөгжиж, өнөөдөр ОХУ дэлхийн газар тариалангийн салбарын хамгийн хүчирхэг тоглогчдын тоонд зүй ёсоор бичигдэж байна. Ийнхүү улс орнууд хүнс, тэжээлийн гол үүцээ шинэчлэн сайжруулж, ухаалаг хөдөө аж ахуйг улам цогцлоож байна.

Хэрэв аз таарч тэнгэр хангай нар, хураа харамгүй хайрлан, ногоо тариа ургалаа гэхэд ургацаа цасанд даруулчилгүй хураан авна гэдэг жил бүрийн намрын зовлон. 

Харин бид ямар байдалд байна вэ. Сүүлийн хэдэн жилийн шинэчлэлийг эс тооцвол энэ хэр манай газар тариалангийн салбар нүргээн ихтэй, өртөг зардал өндөртэй нүсэр тоног төхөөрөмжөөсөө салаагүй. Жилийн жилд тэнгэрийн хур, бусдын гарт хоол хүнсээ даатгадаг хоцрогдсон байдал одоо ч хэвээр. Байсхийгээд ганд нэрвэгдэж, буудайгүйн гачланд уначихна. Бадар барьж бусдаас гуйж байж, хүн амаа хоолгүй хоцрох аюулаас гэтэлгэдэг. Хэрэв аз таарч тэнгэр хангай нар, хураа харамгүй хайрлан, ногоо тариа ургалаа гэхэд ургацаа цасанд даруулчилгүй хураан авна гэдэг жил бүрийн намрын зовлон.

Улс орнууд ургамал тариагаа цаг минутаар хэмжиж, ширхэг будааг ч өсгөн үржүүлэхээр зорьж байхад бид бүтэн зуны турш тэнгэрийг харж, гараа хумхиж суусаар намар нь хоолгүй хоцорчихдог. Техник технологи, инновац, шинжлэх ухааны дэвшлийг ашигладаггүй бидний гачлан энэ. Хятад 1.4 тэрбум хүнээ тэжээхээр зүтгэж байхад төв Азийн өргөн уудам нутагт оршин суудаг Монгол Улс гурван сая хүнээ эх орны хүнсээр хангачихаж чадахгүй сууна. Дээрээс нь дэлхийн шар буурцаг, тосны ургамал, сахар, үр тарианы хамгийн том хэрэглэгчийн нэг Хятад улс АНУ-тай худалдааны маргаан үүсгэсний улмаас зарим төрлийн хүнсээр гачигдаж эхэллээ.

Ийнхүү дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, дотоодын эрэлт хэрэгцээгээ бодоод үзсэн ч тэр бид хуучирч хоцрогдсон хөдөө аж ахуйн салбараа шинэчлэх шаардлага тулгарсаар байна.

Г.Байгал

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 933 санал өгсөн байна.

Дээшээ