МОНГОЛ ХҮНИЙ ЗОЧЛОМТГОЙ ЗАН АЯЛАГЧДАД ТОРГОН ХӨНЖИЛ Л ГЭСЭН ҮГ
Дэлхий нийтээрээ ногоон эдийн засгийг тунхаглаж, байгальд ээлтэй амьдралыг чухалчлан, түүнд маш их мөнгө зарцуулж байна. Технологийн дэвшлээс зугтан, зэлүүд онгон байгаль руу, эко амьдралын хэвшил рүү эргээд тэмүүлэх боллоо. Ийм хүсэл эрмэлзлэлтэй олон сая жуулчинд Монголын хөдөө, эгэл амьдралыг сурталчилж, нутгийн иргэдэд олон улсын жишигт нийцсэн аялагчдыг хүлээн авах газар байгуулахад нь туслахыг хүссэн нэгэн хүнтэй уулзуулъя. Сильвия Моралес бол 73 настай Австралиас ирсэн эмэгтэй.
Түүний баялаг намтар, зорилго, үйл хэргээс нь цухас өгүүлэхэд л сонины нүүр дүүрэх арвин түүхтэй нэгэн. Испани, Франц зэрэг давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөг улсуудын иргэн, дэлхийн 12 орны паспорттой, Арктикаас бусад бүх тивээр аялсан, хөхний хорт хавдраас амьд үлдсэн Сильвия Хятад дахь хүмүүнлэгийн ажлаа амжилттай хэрэгжүүлсээр Монгол руу “халтирч” оржээ.
Одоо түүний өмнө Монголын орон нутгийн иргэдэд аялагчдыг хүлээж авдаг эко кемптэй болоход нь, орчин үеийн ариун цэврийн байгууламжийг зөв зохистой ашиглахад нь, мөн амьжиргаагаа дээшлүүлэхэд нь туслах шинэ зорилго бий болжээ. Монголын орон нутгийн болон төрийн захиргааны холбогдох албаныхантай уулзаж, төслөө танилцуулан хамтран ажиллахыг хүсэж байгаагаа тэрбээр уламжилсан юм.
М.Сильвия өөрийгөө дэлхийн иргэн гэж тодорхойлсон. Европын улсуудад идэр залуу насаа өнгөрөөсөн ч 1969 онд Австралид ажиллахаар очоод тэндээ суурьшжээ. Хоёр охинтой, охид нь мөн хүмүүнлэгийн ажил хийдэг аж. Тэрбээр нэг жилийн хугацаанд гэртээ тогтвортой суусан удаагүй. Явган аялал бол түүний амьдрал. Өөрийнхөө жингийн талаас илүүтэй тэнцэх хэмжээний үүргэвчээ үүрээд Африк, Ази, Америк, Европоор тивээс тив алгасан аялах нь амьдралыг мэдрэх хамгийн дээд таашаал гэсэн.
Улсаас улс дамжихад визний асуудал гол хүндрэл болдгоос биш элдэв халдлага, муу зүйлтэй бараг учраагүй азтай аялагч. Хамгийн хүнд ширүүн нөхцөлтэй нь мэдээж Африк. Энэ тивд улсуудын хоорондын зөрчлөөс үүдэн аялах маршрут өөрчлөгдөж, зорчих суваг нь хаагдсанаас болж усан онгоцоор зургаан долоо хоногийн турш тойрч эх газарт буусан тохиолдол ч бий. Хөгшин Европ хамгийн боловсон, харин Ази бол сонирхолтой нь. Дэлхийн долоон гайхамшгийн нэг Хятадын Цагаан хэрэм орчимд нутагладаг тосгодын иргэдтэй М.Сильвиягийн амьдралын сүүлийн хориод жил холбоотой ажээ. Түүний тухай Бээжингийн “Глобал таймс” болон төвийн хэвлэлүүд бичиж байв.
АЛЬЦГЕЙМЕРЭЭР ӨӨД БОЛСОН НАЙЗЫНХАА ДУРСГАЛД ЗОРИУЛЖ 6000 КМ АЛХАХ ЗОРИЛГО ТАВЬЖЭЭ
1999 онд Хятадын Цагаан хэрмийг үзэж явахдаа танилцсан нэгэн найз нь түүний амьдралыг шинэ түвшинд гаргаж ирсэн гэж хэлж болно. Альцгеймер өвчинтэй тэрхүү найзыгаа асрахын тулд багагүй хугацааг зарцуулж, гэр бүлийн гишүүн шигээ л ханддаг болжээ. Харамсалтай нь өвчин нь улам хүндэрч, түүний төлөө ямар нэг агуу зүйл хийхийг М.Сильвия чин сэтгэлээсээ хүссэн гэнэ. Тиймээс “Чиний төлөө би Цагаан хэрэмийг дагаж 6000 км алхана” гэж амласан аж. Удалгүй найз нь өөд болж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэн алхалтаа эхлүүлэхээр шийджээ.
Хятадын хот тосгод арван жилийн дотор илбэдүүлсэн мэт хөгжжээ
Цагаан хэрэм бол 8850 км үргэлжилдгээс 6260 км нь хүний гараар бүтээн байгуулсан хэрэм, үлдсэн 359 км нь гуу жалга, 2232 км нь өндөр уул, гол гэх мэт байгалийн бартаа саад байдаг.
М.Сильвия 56 настайдаа үүргэвчээ үүрээд Цагаан хэрэмийн баруун талд орших Гансу мужийн Дунханг дүүргээс алхалтаа эхлүүлжээ. Алхах тусам энэхүү агуу гайхамшгийг зуун зууны тэртээд босгож байсан яг тэр үед очсон мэт сэтгэгдэл төрж, өдөр ирэх тусам хүч нэмэн, залуужиж байсан гэж тэр ярив. Түүнчлэн зам зуур тохиолдох байгалийн үзэсгэлэнт газрууд, тэдгээрт суурьших хятад иргэдийн амьдрал үнэхээр сонирхолтой байлаа.
Олон тосгон бие засах газаргүй, гэрэл цахилгаангүй, хүмүүс нь түлээ, нүүрс шатааж амьдардаг байв. Зарим тосгонд очиход гадаад хүн огт хараагүй иргэд нь сандарч мэгдэн, гадаа тоглож байсан хүүхдүүдээ шүүрэн авч гэр гэр лүүгээ гүйлдэн, хаалга цонхоо хааж байсан тохиолдол ч бий. Заримдаа эрчүүд нь хашхиран хөөж, чулуу модоор шидсэн удаатай.
Тухайн үед ихэнх тосгон хөгжи л дэвшлээс Цагаан хэрмээр тусгаарлагдаж, иргэд нь ч оюун санаандаа хэрэм босгосон мэт шинэ зүйл хүлээж авах дургүй байв. М.Сильвия тосгоны захирагчтай уулзаж, орон нутгийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах, иргэдэд зориулсан аялал жуулчлалын сургалт зохион байгуулах зэргээр дэлхий даяар аялагч, жуулчдыг татах төслөө эхлүүлжээ. Тив бүрт оршин суудаг, олон салбарт ажилладаг найзууд нь түүнд хөрөнгө оруулалт хийж, холбоо харилцаа тогтоох зэрэгт тусалсаар ирсэн байна.
Улмаар Бээжин, Шанхай, Синьян гэх мэт томоохон хотуудтай хамтран ажиллаж, түүний алхаж өнгөрүүлсэн тосгодын зарим нь одоо аялал жуулчлалын салбар нь Австралиас ч илүү хөгжсөн ажээ. Бээжингийн олимпын өмнө визийн хяналт чангарч М.Сильвия 2008 оны долдугаар сард Хятадаас гарах ёстой болов. Энэ үед тэрбээр 1500 км алхсан байлаа. Хэдэн жил завсарлаж, Европ, Австралид байсан тэрбээр 2012 онд явган аяллаа дахин эхлүүлэв. Харамсалтай нь есдүгээр сард 1670 дахь километрт өвдгөндөө гэмтэл авч, уулын алхалтаа зогсоожээ. Энэ үед тэрбээр 66 насны босгыг даваад байлаа.
МОНГОЛЧУУД ЭКО АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГААРАА ДЭЛХИЙ НИЙТИЙГ ГАЙХШРУУЛАХ БОЛОМЖТОЙ
Сильвия Моралес Цагаан хэрэм дагуу 6000 км алхах зорилгоо одоо ч орхиогүй. Тэр бүү хэл 2003 онд хөхний хорт хавдартайгаа мэдэж, өвчин нь даамжраагүй үед амжиж хагалгаа хийлгэн, баруун хөхөө тайруулаад эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа ч зорилгоо мартаагүй. Найздаа өгсөн амлалтаа биелүүлнэ гэх бодол л түүнийг энэ аймшигт өвчнийг даван туулж, хөл дээрээ босоход нь тусалсан гэсэн.
Хятадын тосгодын хөгжил алхаж эхлэх үеийнхтэй нь харьцуулвал өнөөдөр илбэдсэн мэт өөрчлөгдсөн аж. Технологийн дэвшил хүчтэй түрж, иргэдийн боловсрол дээшилж, ядуурал үгүй болжээ. Энэ хэрээр олон зууны турш уламжилж ирсэн аж төрөх унаган соёл нь гээгдэж, адал явдал хайгч аялагчдын хувьд байдаг л нэг газрууд болж өөрчлөгдсөөр. Харин тэрбээр Монгол Улсад ирж, хөдөө орон нутгийн иргэдийн амьдралыг хараад онгон байгаль, энгийн натураль амьдралд дахин дурласан аж.
Энэ тухайгаа англи найздаа хэлэхэд “Монголд жуулчдад зориулсан хамгаалах хэрэгсэлтэй морь унах англи соёлыг нэвтрүүлэхэд тусалъя, хамтарч ажиллая” гэдэг санал тавьсан гэнэ.
Ганцхан ариун цэврийн байгууламжийг шийдээд, өөр юу ч өөрчлөхгүй унаган төрхөөрөө байвал жуулчдыг татах болно гэдгийг орон нутгийн удирлагуудад ойлгуулахыг хичээж байна. Монгол хүний зочломтгой, цайлган зан аялагчдын хувьд торгон хөнжил л гэсэн үг. Харин архины хэрэглээгээ жаахан багасгавал монголчууд эко амьдралын хэв маягаараа дэлхий нийтийг гайхшруулах боломж бий гэж тэр үздэг.
Монголчуудтай харилцсан эхэн үед өдөр бүр л гайхам учрал тохиолддог байж. Нэг удаа газарчин залуу түүнийг ямар ч хамгаалах хэрэгсэлгүйгээр морин дээр 36 км авч явсан нь хүнд даваа байсан гэж онцоллоо. Гэтэл монгол хүүхдүүд хөлд орохоосоо эхэлж морь унадаг нь үнэхээр гайхам, бас айдастай санагджээ. Энэ тухайгаа англи найздаа хэлэхэд “Монголд жуулчдад зориулсан хамгаалах хэрэгсэлтэй морь унах англи соёлыг нэвтрүүлэхэд тусалъя, хамтарч ажиллая” гэдэг санал тавьсан гэнэ.
М.Сильвия Түнхэл дэх хаягдсан цэргийн ангийг түшиглэж, олон улсын хүүхдийн зуслан байгуулах төсөл боловсруулан орон нутгийн удирдлагуудад хандаад байгаа аж. Мөн үүргэвчтэй аялагчдад зориулсан олон нийтийн оролцоотой төв байгуулах бас нэг төсөлтэй. Хэрэв амжилттай хэрэгжвэл нутгийн иргэд байнгын орлоготой болохоос гадна аялагч жуулчдыг татах газар болно. Харин М.Сильвия тэндээс нэг цент ч авахгүй гэдгээ холбогдох албаныханд хэлдэг гэсэн.
Нийслэл Улаанбаатар хотод ч шийдвэрлэх асуудал олон. Баянгол дүүрэгт гудамж талбайн тохижилтод хувь нэмэр оруулах жижиг төслүүдээ хэрэгжүүлэхээр Засаг даргатай нь уулзжээ. Өөрийн хүрээнд гаднаас хөрөнгө оруулалт татах уг төслийг нь хатагтай С.Одонтуяа дэмжихээ илэрхийлээд нэгэн хуульч эмэгтэйтэй холбож өгчээ. Харамсалтай нь хүний эрхийн хуульч гэж хүндлэгдсэн тэр бүсгүй төслийн удирдлагын багт 17-хон настай хүүхдээ оруулахыг шаардаж, боломжгүйгээ хэлэхэд “тэгвэл манай найзыг оруул” гэж шахсан гэнэ. Монгол талаас түшиж дэмжих хүнгүй ч дүүргийн удирдлагын санал болгосон хүнээс татгалзахаас өөр аргагүй болсноо учирлав.
Түүнд Монгол Улсад хэрэгжүүлж, иргэдийнх нь аз жаргалтай амьдралд туслах юмсан гэсэн олон санаа бий. Тэрбээр гаднын иргэдийг үүргэвчтэй аялагч гэж ад үзэхээс илүүтэй байгаль дэлхийгээ хайрласан эко жуулчид гэж хүлээж авах нь зүйтэй гэдгийг онцолсон. Дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа энэ цаг мөчид түүний эко туризмын төслүүдийг дэмжиж, хамтран ажиллаасай гэж холбогдох албаныханд уламжилъя.
Э.Батцэцэг