Хятад улс Арктикийн баялагт тэмүүлж эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-04-20 16:20 GMT+8

Миний бие саяхан Bloomberg-т дэлхийн далай тэнгисийн ёроол, Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын үйл ажиллагааны тухай тойм оруулсан. Хятад улс далай тэнгисийн “Их тоглоом”-оо Арктикийн далайд өрнүүлж эхэллээ. Газрын зураг харвал энэ нь байж боломгүй зүйл мэт. БНХАУ арктикийн бүс буюу Хойд мөсөн далайтай шууд хиллэдэггүй. Гэхдээ л канадчуудын “алс умард” хэмээн нэрийддэг бүс нутагт Бээжин нөлөөгөө ихэсгэхээр идэвхтэй ажиллаж байна.

НАТО-гийн зэвсэгт хүчний нэгдсэн дээд командлагчийн алба хашиж байхдаа Канадын зэвсэгт хүчний штабын дарга, Уолт Натинчикаас оросууд Канадын Арктикт халдан түрэмгийлэх аюулаас болгоомжилдог эсэхийг лавласан удаатай. Натинчик нэгэнтээ мушилзаад “Жим, оросууд халдах юм бол миний үүрэгт ажил-хайгуулын аврах ажиллагаа байх болно” хэмээн хариулсан юм. Түүний хэлсэн үг Арктикт байлдааны ажиллагаа явуулах юутай хэцүүг ойлгуулдаг. Гэтэл энэхүү хахир бүс нутагт ажиллах дадлага туршлага саяхан болтол байгаагүй Хятад улс маш гавшгай суралцаж, үйл ажиллагаа нь эрчтэй өргөжиж эхэллээ.

Хятадууд цөмийн хөдөлгүүрт мөс зүсэгч хөлгүүд байгуулж байгаа нь мөн л АНУ-ын тооцоонд ороогүй зүйл. 

БНХАУ умард туйлын бүстэй хил залгаа Канад, Дани (Гренланд харьяалагддаг), Исланд, Норвеги, ОХУ, АНУ, Швед, Финланд багтдаг Арктикийн Зөвлөл хэмээх нөлөөтэй байгууллагад элсэх өргөдөл гаргаж, 2013 онд ажиглагчийн суудалтай болсон юм. Намайг НАТО-гийн зэвсэгт хүчний тэргүүний хувиар Арктикийн зөвлөлийн хэд хэдэн хуралдаанд (нэг хуралдаан нь зэвсэгт хүчний командлагчдын түвшний) оролцох үед Хятад хэдийн уг байгууллагын дуу шуутай гишүүн болчихсон байв. Хуралдаанд Хятадын дээд түвшний төлөөлөгчид оролцож байгаа нь тухайн үед над тун сонин байсан юм.

Хятадууд цөмийн хөдөлгүүрт мөс зүсэгч хөлгүүд байгуулж байгаа нь мөн л АНУ-ын тооцоонд ороогүй зүйл. ОХУ-ыг тооцохгүй тохиолдолд дэлхийн аль ч улсын урд орох бараг 30 мянга гаруй тонн усан түрцтэй Хятад цөмийн мөс зүсэгч хөлгүүдийн эгнээнд удахгүй ердийн хөдөлгүүрт зургаан онгоц шинээр нэмэгдэнэ. Дэлхийд мөс зүсэгчийн хамгийн аварга флоттой ОХУ-ын мэдэлд хэд хэдэн цөмийн хөдөлгүүрт хөлөг бий. Гэтэл АНУ-д Эргийн харуулын албаны гуравхан мөс зүсэгч зүтгэж байгаагийн хоёр нь жижиг онгоц.

Арктикийн стратегийг амин чухал ач холбогдолтой болгодог хоёр ч зүйлд мөс зүсэгч онгоц гол үүрэгтэй. Нэгдүгээрт, мөс хайлах хэрээр ил гарч буй нүүрс устөрөгчийн нөөц асар их. Арктик ойролцоогоор 56 тэрбум шоо метр шатдаг хий, 100 тэрбум баррел газрын тосны нөөцтэй гэсэн тооцоо бий. Шатдаг хий, газрын тосны цооногуудаас ачаа тээврийн шугам татахад мөс зүсэгч хөлгүүд хэрэгтэй. Арктикийн мөс хайлж байгаа нь Хятадын “Нэг бүс-нэг зам” дэлхийн цараатай хөгжлийн стратегид нь геополитикийн ач холбогдол бүхий тээврийн шинэ зам ч мөн үүсгэж өгнө.

Арктик дахь БНХАУ-ын амбиц ОХУ-тай цэрэг, улс төр, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэхэд суурилж байна. Хоёр их гүрэн Европын усан бүсийн төв дэх Балтийн тэнгисийг оролцуулаад далай тэнгист төдийгүй Сибирийн эх газрын гүнд цэргийн хамтарсан сургуулилалт явуулдаг боллоо. АНУ-ыг сөрж буй энэхүү хоёр улсын хамтын ажиллагаа нь Арктикийн бүс дэх НАТО-гийн гишүүн орнуудад ноцтой эрсдэл учруулах талтай.

Арктик дахь Хятадын өсөн нэмэгдэж буй үйл ажиллагаанд АНУ ямар бэлтгэлтэй байх ёстой вэ. Нэгдүгээрт, НАТО-гийн түншүүдтэйгээ нягт хамтран ажиллах замаар ОХУ, БНХАУ-ын үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй ажиглан хянаж, болзошгүй нөхцөлд сэргэг байх нь чухал. Хоёрдугаарт, Пентагон жилийн турш ажиллах чадвартай, дор хаяж зургаан мөс зүсэгч хөлөг онгоцтой болох хэрэгтэй. Гуравдугаарт, АНУ-ын зэвсэгт хүчин Канад түншийнхээ хамт тус бүсэд тогтмол дасгал сургуулилалт явуулах нь чухал.

Эцэст нь, Вашингтон тус бүс нутагтай холбоотой засгийн газрын албад, агентлагуудын үйл ажиллагааг интеграцчлах шаардлагатай юм. Үүнд Батлах хамгаалах яам, Дотоодын аюулгүй байдлын яам (Department of Homeland Security) хамтын ажиллагаа. Мөн нүүрс устөрөгчийн олборлолт, үйлдвэрлэл хариуцдаг Эрчим хүчний яам, байгаль орчин хамгаалах үүрэгтэй Хүрээлэн буй орчин хамгаалах агентлаг-EPA, холбоотон, түнш, анд нөхөдтэй хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй Төрийн департаментын үйл ажиллагаа ч уялдаатай байх ёстой.

Дэлхий даяар зөрчил хурцадсаар байгаа цаг үед умард, өмнөд хоёр туйлын бүсэд цэрэг зэвсгийн бодит мөргөлдөөн үүсэхээс болгоомжлох шаардлагатай боллоо. Энхийг сахиулах гэвэл Орос болон Хятад улс арктикийн мөснөө юу хийгээд байгааг холбоотнуудынхаа хамт ажиглан хянах нь чухал байна.
                                                                                                                          Жэймс Ставридис

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ