Япон, Солонгос улс яагаад найрамдаж чаддаггүй вэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-04-21 11:00 GMT+8

Хэдэн үеийн турш үргэлжилж буй Япон, Өмнөд Солонгосын дайсагнал заримдаа зөөлрөх шинж ажиглагддаг. Ялангуяа залуусын дунд харилцан дулаарал үүсэж болох талтай. Солонгосын уншигчид Японы зохиолч Харуки Муракамийн бүтээлийг ихэд талархдаг бол Солонгосын эцгийн эрхт нийгэм дэх эмэгтэйчүүдийн ялгаварлалын талаар роман Японд хит болсон байна. Солонгосчууд Японд аялагчдын тоогоор Хятадын дараа ордог ба Өмнөд Солонгост жуулчилдаг япончуудын тоо өнгөрсөн оны сүүлийн улиралд 770 мянгад хүрчээ. К-попын хамтлаг, дуучид Японы залуусын дунд түгэхийн хамт Японы поп одууд Солонгосын телевизийн шоунд алдаршиж байна.

Гэвч хуучин мөргөлдөөнөөс уламжлалтай энэ хоёр улсын үл итгэлцэл заримдаа аюултай байдалд хүргэдэг. Өнгөрсөн 12 дугаар сарын 20-нд болсон тэнгисийн сөргөлдөөн үүнийг гэрчлэх ба хэн хэн нь бие биеэ буруутгаж буй. Хоёр улсын харилцаа улстөрчдийн оролцоотойгоор ийм доогуур түвшинд улам бүр хурцдах төлөвтэй байна.

Азийн хоёр хөгжингүй эдийн засгийн дайсагнал Хойд Солонгосын асуудлаар Вашингтоны хүчин чармайлтыг сулруулж буй нь нууц биш. 2017 оны долдугаар сард Хойд Солонгосын пуужин Японы хойд арал дээгүүр ниссэнээс хойш Токио Трампын хүчин чармайлтаас зайгаа барих болсон.

Үүнээс гадна Азийн хоёр ба дөрөв дэх том эдийн засгуудын харилцаа ч бас саатаж байна. 100 бээр өргөн Солонгосын хоолойгоор зааглагддаг хоёр улс бие биеийнхээ гурав дахь том худалдааны түнш юм. Гэтэл дээрх сөргөлдөөний улмаас хоёр тал тавдугаар сард болох жил бүрийн бизнесийн уулзалтаа хойшлууллаа. Хоёр Солонгос нэгдэх боломж Японы хуучинсаг улстөрчдөд түгшүүр төрүүлж, “эзэнт гүрэн рүү чичсэн хутга” хэмээх эртний үзэл сэргэж болзошгүй.

Дэлхийн II дайн болон Японы эзлэн түрэмгийллээс хойш 74 жил өнгөрөөд байгаа ч хоёр улс түүхийн шарх сорвиноос салж чадсангүй. Үүний гол шалтгаан нь япончууд 1910-1945 оны хооронд Солонгосын хойгийг колоничлох үед үйлдсэн харгислал юм. Солонгосын соёлыг нухчин дарахын сацуу япон нэр авч, японоор ярихыг шаардаж байв. 1945 оны дараа Солонгосын хойгийн хуваагдлаас зайлсхийж Японд үлдсэн солонгосчуудад иргэншил олголгүй, ялгавартай хандсан гомдол үлджээ.

Бас нэг эмзэг асуудал бол дайны үеийн бэлгийн боолчлол. Түүхчдийн бичсэнээр 50-200 мянган солонгос эмэгтэйг секс мөлжлөгт ашигласан гэж үздэг. Гэвч бэлгийн боолчлол гэдэг нэр томьёог Японы Гадаад хэргийн яам хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь цэргийн гэмт хэрэгтээ гэмшээгүйн илрэл гэж солонгосчууд шүүмжилж буй. Хэдийгээр Токио хохирогчдод нөхөн төлбөр олгох есөн сая ам.долларын сан байгуулсан авч Сөүлийн өнөөгийн удирдлага хангалтгүй хэмээн үзэж, уг асуудлыг дахин сөхөхөө амласан.

Эзэнт гүрний үед Солонгост ажиллаж байсан Японы компаниуд нутгийн иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлсэн асуудал бий. Японы тал 70 компанид хамаарах арав гаруй хэрэг шийдлээ хүлээж буйг мэдээлжээ. Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын шүүх Mitsubishi компанийн бүртгүүлсэн патентуудыг нөхөн төлбөр болгон хураах шийдвэр гаргав. Токио маргааны улмаас компаниудын хөрөнгийг хураавал хариуд нь Өмнөд Солонгосын 100 төрлийн бараанд тариф ногдуулах асуудлыг авч хэлэлцэнэ гэж Jiji Press агентлаг уламжилсан байна.

Эзэнт гүрний үед Солонгост ажиллаж байсан Японы компаниуд нутгийн иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлсэн асуудал бий.

Түүнчлэн Солонгосын 750 мянган ажилчныг Японы арлууд болон Сахалин руу уурхай, барилга, хөлөг онгоц үйлдвэрлэлийн ажилд дайчлан авч ясан гэж Stanford-ын судалгаанд дурдсан. Ажилчдын олонх нь одоо нас барсан агаад 1965 онд нөхөн төлбөрийн гэрээ байгуулж, 300 сая буюу өнөөгийн ханшаар 2.4 тэрбум ам.доллар олгосны дээр 200 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл өгснөөр уг маргааныг хаасан гэж Японы тал үздэг.

Гэвч Өмнөд Солонгосын удаа дараагийн Засгийн газрууд Японыг шүүмжлэх замаар улс төрийн дэмжлэг авах оролдлогоо зогсоосонгүй. Парламентын спикер Мун Хи Сан хоёрдугаар сард хэлсэн үгэндээ эзэн хаан Акихито дайны гэмт хэрэгтний хүүгийн хувьд зугаацуулагч эмэгтэйчүүдээс өөрийн биеэр уучлал гуйх ёстой гэсэн нь Японд дуулиан тарьж, Ерөнхий сайд Абэ үгээ хянахыг шаардсан боловч ноён Мун татгалзав.

Авлигын эсрэг давалгаан дээр гарч ирсэн Ерөнхийлөгч Мун Жэ Ин бас л ийм байр суурьтай байгаа тул хоёр талын харилцаа мөддөө дулаарах шинж харагдахгүй байна. Ноён Абэ зургадугаар сард Осакад болох Их 20-ийн уулзалтын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй нуур тулан уулзахаас татгалзаж болзошгүй. Санал асуулгаас үзэхэд хоёр талын байр суурь улам чангарсаар байгаа. Трамп, Кимийн уулзалт нуран унасны дараа хоёр улс ядаж ганц зүйл дээр хамтрах боломж олдож байгаа нь батлан хамгаалах бодлого юм.

Гэтэл энэ сард хийхээр төлөвлөсөн АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан хээрийн сургуулилтыг Япон улс алгасахаар шийдсэн гэсэн мэдээлэл тарлаа. Зөвхөн соёл, эдийн засгийн илүү гүнзгий солилцоо Дэлхийн II дайнаас улбаатай энэхүү дайсагналыг давахад тусалж магадгүй. 2013 оны санал асуулгаар Японы талаар сөрөг үзэл 75 хувь байсан бол 2018 онд 50 хувь болтлоо буурсан. Япончууд илэрхий Солонгосын эсрэг үзэлтэй улстөрчдийг зориудаар сонгодоггүй боловч эцэг өвгөдийнхөө хийсэн үйлдэлд үргэлж буруутгагдахаас залхаж буй бололтой.

Өмнөд Солонгост эсрэг этгээдээ “Японтой хамтрагч” хэмээн буруутгах нь улс төрийн оноо авах ашигтай арга хэвээр байна. Токио дахь Жосай их сургуулийн профессор Эндрю Хорват “Санал зөрөлдөөнийг хөөрөгдөх нь эх оронч харагдах боломж олгодог. Эвлэрэлд хүрэхийн төлөө ажиллахаар үндэсний бахархлаа үл тоолоо хэмээн шүүмжлүүлэх эрсдэлтэй” хэмээн бичжээ.

Изабел Рейнолдс

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 427 санал өгсөн байна.

Дээшээ