ФОТО: Дуучин Б.Сарантуяагийн 11 дэх удаагийн "Амьдрал" тоглолтоос

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-04-21 12:21 GMT+8

Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Сарантуяа төрсөн өдрөөрөө "Амьдрал" тоглолтоо толилуулдаг уламжлалтай. Тэрээр  өчигдөр 11 дэх удаагийн тоглолтоо хийв. Түүний "Амьдрал" тоглолт Corporate Convention Centre концертийн их танхимд болсон юм.

Тоглолтод “RANDOM” амьд хөгжмийн хамтлаг, Монгол Улсын Морин хуурын чуулга, "Харанга" хамтлагийн гоцлол дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУСТА поп дива дуучин С.Сэрчмаа, ая зохиогч  дуучин Чойжоо нар оролцлоо. 

Тоглолтыг Морин хуурын чуулгын хөгжимчид нээв. Тоглолтын эхний хэсэгт уянгын дуунууд зонхилж байв. Харанга хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн хөгжмийн зохиолч Б.Балхжавын хөгжим "Монгол ээж" дуугаа өргөн барилаа. Дараа нь дуучин Б.Сарантуяа аавынхаа дурсгалд зориулан "Тэнгэр аав минь" дууг дуулсан юм. Энэ дууны хөгжмийг хөгжмийн зохиолч н.Мөнх-Ертөнц, үгийг СГЗ Ү.Хүрэлбаатар бичжээ. Дуучин Б.Сарантуяа ээж аавдаа зориулан дуун суварга босгон шинэ бүтээлүүд туурвиснаа энэ тоглолтод анх удаа дууллаа.

Охинтойгоо хамт "Мэлмий" киноны дуу "Бурхан ээж" дууг дуулсан нь үзэгчдэд гэнэтийн бэлэг байв.

Харин дуучин Сэрчмаа "Ангир ээж" дуугаа өргөн барьж, үзэгчидтэй хамт дуулсан юм. Тоглолтын эхний хэсэг "Миний сайхан ээж" дуугаар үргэлжлэв. Дуучин Б.Сарантуяа энэ дууг найрал дуучдын хамт дууллаа. Мөн охинтойгоо хамт "Мэлмий" киноны дуу "Бурхан ээж" дууг дуулсан нь үзэгчдэд гэнэтийн бэлэг байв. Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжим, ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэг "Аав ээж хоёр минь" дуугаар тоглолтын эхний хэсэг өндөрлөсөн юм.

"Би жаргалтай" дуугаар тоглолтын хоёр дахь хэсэг эхлэв. Энэ хэсэгт өөрөө шүлгийг нь бичсэн "Хонгор найз", "Чам руу над руу урсана", дуучин Чойжоогийн хамт дуулсан "Хаврын ганц улиас", "Нүд дурлахад бэлэн байдаг уу" дуунуудыг толилууллаа.

Тоглолтод хүрэлцэн ирсэн үзэгчид "Нүд дурлахад бэлэн байдаг уу" дууны анхны сонсогчид болов. Өвөр Монголын Хөлөн буйрын яруу найрагч н. Эрдэнэчимэг түүнд зориулан шүлгийг нь бичиж, Нисванис хамтлагийн Амгаа хөгжмийг нь зохиосон байна.

Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлэг, Долгионы хөгжим "Шүүдрийн ганцхан дусал" дууг тоглолтод нь хүрэлцэн ирсэн бүх эрчүүд, залуучуудад зориулан дуулсан юм.

Үргэлжлүүлээд хөгжмийн зохиолч Л.Балхжавын хөгжим "Уучил", Б.Ангирмаагийн хөгжим "Чиний төрх", "Миний дуу"-нуудаа үзэгчидтэй хамт дуулав.

Дуучин Б.Сарантуяа ийнхүү 11 дэх удаа төрсөн өдрөө фэнүүдтэйгээ хамт тэмдэглэн өнгөрөөв. 16 настайгаасаа дуулсан тэрээр өчигдөр 49 нас хүрлээ. Тоглолтынхоо төгсгөлд тэрээр "Намайг байгаагаар нь, ийм цамц, ийм даашинзтай чигээр нь хүлээн авдаг та бүхэндээ маш их баярлалаа. Энэ их алга ташилтыг сонсоод би их урам авдаг. Дараа жилийн энэ өдөр дахин уулзацгаая." гэснээр тоглолтоо өндөрлүүлэв.

Хөтлөгч н.Ялалтын тодотгосноор манай өнөөгийн урлагийн ертөнцөд тод гэрэлтсэн од хэвээр байгаа тэрээр 33 жилийн турш уран бүтээлээ туурвисаар байгаа юм.

1 | 6 фото
1
1
1
1
1
1

Гэрэл зургуудыг Э.Батзавъяа

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ