ЖҮДО: Ц.Цогтбаатар, О.Ууганбаатар нар Азийн аварга боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-04-22 13:10 GMT+8

Арабын Нэгдсэн Эмират улсын Фужайра хотноо жүдо бөхийн 24 дэх удаагийн Ази тивийн АШТ амжилттай зохион байгуулагдаж байна. Манай улсаас тус тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 8, нийт 17 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна. Бямба гарагт эхэлсэн тэмцээний эхний 2 өдрийн дараах байдлаар Монголын жүдочид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль авсан амжилтаар 39 орны баг тамирчдыг тэргүүлж явна.

Эрэгтэйчүүдийн 73кг-ын жинд 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, 2018 оны Екатеринбургийн их дуулгын аварга, ОХУМ Цэнд-Очирын Цогтбаатар түрүүлснээр анх удаа тивийн аварга болжээ. Энэ жинд хамгийн их буюу 35 тамирчин өрсөлдсөн бөгөөд Ц.Цогтбаатар алтан медалийн төлөө 2018 оны дэлхийн аварга, БНСУ-ын Ан Чан Римийг ялсан байна. Харин 81кг-ын жинд 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОХУМ Отгонбаатарын Ууганбаатар мөн анх удаа тивийн аварга боллоо. О.Ууганбаатар нийт 4 барилдсан бөгөөд аваргын төлөө Азийн АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Шарофиддин Болтабоевыг ялсан байна. Энэ жинд нийт 31 жүдоч өрсөлдсөн юм.

Эрэгтэйчүүдийн 60кг-ын жинд Э.Ариунболд, 66кг-ын жинд ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн байна. Харин эмэгтэй жүдочдын хувьд 63кг-ын жинд ОУХМ Б.Ганхайч, 52кг-ын жинд ОУХМ Л.Сосорбарам нар мөнгөн медаль, 57кг-ын жинд ОУХМ Л.Энхрийлэн хүрэл медаль хүртжээ. Тэгвэл МУГТ Д.Сумъяа 57кг-ын жинг тэргүүлэн барилдсан ч Японы бөх Кана Томизавад ялагдсан юм. Өнөөдөр эмэгтэйчүүдийн -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн -90кг, -100кг, +100кг-ын жингийн аваргууд тодорно.

А.Одбаяр

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ