Портлэнд Трэйл Блэйзерс 3-1 тэргүүлж эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-04-22 17:45 GMT+8

Плэйоффын эхний шатны хамгийн сонирхолтой цувралуудын нэг болох Оклахома Сити Тандер болон Портлэнд Трэйл Блэйзерс багуудын цуврал олны таамгийг эвдэхэд тун ойрхон ирээд байна.

Цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр Оклахома Сити Тандер багийн талбай буюу “Chesapeake Energy Arena”-д явагдаж үндсэн цагт 111:98 харьцаатайгаар Портлэнд хожиж цувралыг 3:1 тэргүүлж эхэллээ.

С.Ж.МкКоллум 27 оноо авч 50%-тай довтолсон бол Дэмиан Лиллард 24 оноо 8 оновчтой дамжуулалт өгч шилдэг тоглолтыг гаргалаа. Харин Тандераас Пол Жорж 32 оноо 10 самбар 6 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн ч Рассэлл Уэстбрүүк 23.8%-тай довтолж, 14 оноо авсан бөгөөд хоёрдугаар хагаст ердөө нэгхэн оноо авсан юм.

Цувралын тав дахь тоглолт 04 сарын 24-нд Блэйзерсийн талбайд явагдах бөгөөд энэ тоглолтод Блэйзерс хожвол хоёрдугаар шатанд шалгарч Тандер хожигдвол тэдний улирал дуусах хүндхэн нөхцөл байдалд ороод байна.

Энэ цувралд ялсан баг нь (2) Дэнвэр Наггетс болон Сан Антонио Спөрс (7) багуудын ялсантай нь хоёрдугаар шатанд таарах юм. Уг цуврал одоогоор 2:2 харьцаатай тэнцүү байгаа бөгөөд 04 сарын 24-нд цувралын тав дахь тоглолт Наггетсын талбайд явагдах хуваарьтай.

П.Хатансайхан

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ