Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн ЕБС-ийн 2100 гаруй төгсөгчдөд МУИС-ийн элсэлтийн танилцуулга мэдээлэл өглөө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-04-22 17:12 GMT+8

Монгол Улсын Их Сургуулийн багш, удирдлагуудаас бүрдсэн элсэлтийн танилцуулга мэдээллийг баг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай, 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор, 4 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай, 4 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголт, ирээдүйн мэргэжлийн чиг хандлагын талаар лекц уншиж, элсэлтийн танилцуулга, мэдээллийг тус тус хүргэлээ.

Элсэлтийн танилцуулга, мэдээллийн өдөрлөгөөр эдгээр 4 аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, анги удирдсан багш нар, сургуулийн захирлууд, эцэг эхийн төлөөлөлд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг, Элсэлт, бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Оюунбилэг нар тус сургуулийн танилцуулга, элсэлтийн бодлого, элсэлтийн журмын шинэлэг зохицуулалт, шилдэг элсэгчдэд олгох хөнгөлөлт, урамшуулал зэргийг танилцуулсан юм. Түүнчлэн МУИС-ийн багш, доктор Д.Бумдарь “Мэргэжлээ сонгох нь”, МУИС-ийн багш, доктор Д.Эрдэнэбаатар “Ирээдүйн боловсролын чиг хандлага” сэдвээр тус тус лекц уншив.

Түүнчлэн 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сум, 4 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын төгсөх ангийн сурагчдад МУИС-ийн элсэлтийн дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө өгсөн юм.

Энэхүү үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн 300 гаруй, 11 дүгээр ангийн 250 орчим сурагч, мөн анги удирдсан багш, эцэг эхийн төлөөлөл зэрэг нийт 600 гаруй хүн оролцсон бол Баянхонгор аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн 200 орчим, 11 дүгээр ангийн 250 гаруй сурагчид, анги удирдсан багш нар, эцэг эхийн төлөөлөл зэрэг нийт 500 орчим хүн оролцлоо.

Говь-Алтай, Ховд аймагт зохион байгуулсан МУИС-ийн элсэлтийн танилцуулга мэдээллийн өдөрлөгт ЕБС-ийн төгсөх ангийн нийт 600 гаруй, 11 дүгээр ангийн 500 орчим сурагч хамрагдав. Тухайлбал Ховд аймгийн Дарви, Буянт, Манхан, Мөст сумдын ЕБС-ийн захирал, сурагчдын төлөөлөл, Дөргөн, Дуут сумдын багш, сурагчдын төлөөлөл оролцсон юм.

Тодруулбал, дөрвөн аймагт зохион байгуулсан элсэлтийн танилцуулга, мэдээлэлд төгсөх ангийн 1100 гаруй сурагч, ахлах ангийн 1000 орчим сурагч, багш, эцэг эхийн төлөөлөл 100 гаруй хүн хамрагдсан байна.

Сурагчид өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж буй нийгэм, цаг үед боловсролын чиг хандлага хэрхэн хувьсаж, хаашаа чиглэж буйг, энэ эгзэгтэй цаг үед мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухай манай сургуулийн эрдэмтэн багш нарын сонирхолтой лекцийг хүлээн авч МУИС-д элсэхдээ аль бүрэлдэхүүн, салбар сургуулийг сонгож цаашдаа ямар мэргэжлийн хөтөлбөрийг сонгох нь өөрт тохирох, ирээдүйд үнэ цэнтэй байх тухай тодорхой мэдээлэлтэй болов.

Мөн орон нутгийн телевизүүдэд дээрх сэдвийн хүрээнд ярилцлага, тодруулга өгч мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангаж, орон нутгийн иргэдэд үнэн бодитой, тодорхой мэдээллийг хүргэсэн юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 103 санал өгсөн байна.

Дээшээ