Бөхийн нэрт багш, 1960-1970 оны алдарт бөх, нэгэн үеийн алдартнуудын бөх болох зам мөрийг заагч, улсын баяр наадамдаа таван удаа шөвгөрсөн уран барилдаант харцага Данзандаржаагийн Сэрээтэртэй Төв аймагт болсон багийн халз барилдааны үеэр хэдэн хором хөөрөлдсөн юм.
-Гүйх буюу орох мэхийг та ер нь яаж сурсан юм бэ. Олон хүн энэ мэхийг чинь дурсан ярьж байхыг сонссон?
-Дунд сургуулийн сурагч Заамарын наадамд хүрч очлоо. Түрүү морь бөхийн байнд хоёр ижилхэн хүрэн халзан морь өгнө гээд байгаа. Тэр үед Лүнгийн сургууль долоон жилтэй тул зэргэлдээх Заамар, Өндөрширээт, Эрдэнэсант, Угтаалцайдам сумдаас хүүхдүүд ирж суралцдаг байлаа. Ж.Мөнхбат аварга манайхаас арай дээр төгсөлт байсан юм. Тэдний үед Лүнд Лхагважав гэж хүүхэд байв. Мөөеө тэр хоёр ана мана үздэг, голдуу Лхагважав давдаг байв. Заамарын наадмын хоёрын даваанд би Лхагважавыг давчихлаа. Дараагийн даваанд нь Сүүн заводын Мижиддорж гуайтай таарч барилдсан санагдана.
Ж.Мөнхбат аваргын төрсөн ах Чадраавал гэж аваргаас арай намхан, зузаан тэвхгэр хүн байв. Гүйх мэхийг маягтай гоё хийдэг хүн байлаа. Янз бүрийн хувилбараар гүйнэ. Нүд дараад, эрүү зөрүүлээд, сэжиж ороод гээд даваа бүртээ өөр янз маягаар гүйнэ. Би уначихсан мөртлөө наадам дуусгамаар санагдаад болдоггүй. Чадраавал гуайн барилдааныг харах гэж л тэр шүү дээ.
Оройхон хэрд хурандаа Дандар гэдэг бөх, Чадраавал гуайтай үзүүр түрүүнд үлдлээ. Тал талаас нь машин мотоциклийн гэрэл тусгаж байгаад хоёр бөхөө тавилаа. Чадраавал гуай тойроод л байна. Зүүн хойд талаас туссан том гэрлийн харалдаа ирээд нүдийг нь гараараа халхалж байгаад гүйчихлээ дээ. Үзэгчид шуугиад явчихлаа. Чадраавал гуайн тэр олон гоё хувилбараас би хоёрыг л сурсан юм даа. Урьдын бөхчүүд тийм л их баялаг барилдаантай, барилдааны арга ихтэй байж.
-Улсын цолыг Түвдэн багшаараа авсан байдаг байхаа?
-1965 оны наадмын бэлтгэлийн Ж.Мөнхбат аваргатай цуг хийлээ. Бэлтгэлийн буух үеэр аварга хэлж байна шүү. Д.Дамдин аваргатай барилдах бол болоогүй байна. Гэхдээ биений чинь өнгө тун зүгээр байна. Улсын цол авчихаар байна гээд. Зөн совин юмуу дөрвийн даваанд Юүвээ начинг гүйх мэхээрээ хаячихлаа. Түвдэн багшаараа тав давчихлаа. Зургаагийн даваанд Ж.Чойжилсүрэн гуай намайг амлав.
Түүний хавираа тун даацтай бөгөөд хариултгүй. Харин ямар эгзэг нь таарсан юм хавирах агшинд нь хөлөө татчихсан байжээ. Арслан суун тусаад босоод ирлээ. Би унасангүй гэж бодов. Шууд элэг бүсээ тайлаад “Ах нь уначихсан” гэж билээ. Тийм л сайхан жудагтай хүн байжээ. Орой нь наадмын киножурнал үзэж байхад нээрээ Ж.Чойжилсүрэн гуай хий хавираад доошоо суучихаад босч ирсэн юм билээ. Би зааны даваанд Д.Дамдин аваргад уналаа...
- Долгорсүрэн заантай начны даваанд таарч барилдаж байсан юм билээ. Ер нь начны даваанд хэдэн удаа унасан бэ?
-1968 оны улсын наадамд барилдлаа. Мексикийн олимпод оролцох гээд хамаагүй хүчлэж барилдаж болохгүй бэртэл гэмтлээс болгоомжлох маягтай байв. Тэр жил Д.Долгорсүрэн манайд хоноод наадмын өглөө цуг Цэнгэлдэх рүү явлаа. Цэрэг байсан юм. Тавын даваанд Догоог авчихлаа. Хаяад начин авбал тэр биз, унавал тэр биз гээд. Тэгээд намайг хаяж начин болсон юм шүү. Дараа жил нь тавын даваанд Өвөрхангайн С.Жаамааг нэг авчихсан. Зайлуул үе тэнгийн юм даа. Цолгүй үлдэх нь гээд байсан юм... Арай сүүлд санагдах юм тавын давааны ам авах гээд зогсч байтал С.Цэрэн гуай ирээд “Ах нь Булганыхаа айргийг ууж, махыг идэж чадахгүй болчихоод байна...” гэдэг юм байна. Ингээд Нэмэхийн Дашзэвэгийг нэг амласан...
-Даагаа нэхэх тохиолдол бөх хүнд бишгүй л биз?
-1971 онд Булганы Володяг (Цавирын Болоож улсын наадамд хоёр удаа дөрөв давсан) амлаж барилдав. Тэр жил бэлтгэл жаахан тааруу нэг л болж өгөхгүй байлаа. Дөрвийн даваанд ам амахаар болтол хамгийн эхэнд Болоожийн нэр нь байхаар амлачихлаа. Хаячихна гэж бодож байгаад гэнэгүй уналаа. Хоёр жилийн дараа даагаа нэхэхээр тавын даваанд авлаа. Ам авахаар явж байтал засуул Ш.Лүгдэв гуай таарав. “Болоож манай хөгшний хамаатан юм. Чи мэднэ дээ...” гэж байна. Унах даваандаа унасан юм. Одоо давах газраа авч байна гэлээ. Би гарахдаа өөрийн засуул С.Жамц гуайд хэллээ. “Та Ш.Лүгдэв гуайг бид хоёрын барилдаан руу ойртуулалгүй тогтоож байгаарай...” гэж захив. Гарангуутаа суйлчихлаа. Хэрэв Ш.Лүгдэв гуай ойртоод ирвэл миний барилдааныг сайн мэдэх хүн заавар өгчихнө шүү дээ.
-Мөөеө аваргын сүүлийн түрүүлдэг жил хамт бэлтгэлд гарсан гэдэг бил үү?
-1974 онд бид хоёр цугтаа бэлтгэлд гарлаа. Хандгайтад. Бэлтгэл сайхан ч жигдэрсэн байв. Би мотоцикльтой. Хоёулаа бэлтгэлээсээ хөдлөөд Долоон буудал уруудаад давхиж байтал аварга “Хоёулаа Толгойтын баруун салаа орноо. Тэнд С.Цэрэнгийн гал байгаа” гэж байна. Яваад очлоо. Булганы голдуу арав орчим хүн байна. Аварга нэг бэлтгэл хийгээдэхье гээд бүгдийг нь зодоглууллаа. Цөмийг нь цувуулчихлаа. С.Цэрэн гуайтай хоёр барилдаж давлаа. Хоол идчихээд мордоод давхиж байснаа “Өнөө жил ах нь Төв индэрт түрүүнд нь биш юм гэхэд аман хүзүүнд гарах байх шүү. Овоо байна. С.Цэрэнг их сайн байгаа болов уу гэж бодсон. Тааруу байгаа юм байна. ” гэж билээ. Тэр жил улсын баяр наадамд зургаа дахиа түрүүлсэн дээ.
-1981 оны алдарт наадмын тухайд. Заан болох шахсан гэдэг биз?
-Тэр жил уг нь Д.Дамдин аварга намайг зургаа дээр авчих байсан юм. Олон жил зүтгэсэн. 16 жилийн дараа таарч барилдаж байгаа учир бас хаявал хаячихна гэж бодож байв. Тавын даваанд Говь-Алтайн Д.Цэрэндаштай таарч чамгүй хүч зарж давсан. Гэтэл зургаагийн давааны өмнө Д.Дамдин аварга амаа солиод Д.Цэнд-Аюушийг авчихсан. Тавын даваанд М.Мөнгөн, Д.Адъяатөмөр хоёр маргаад хасагдсан гэж мэдэгдсэн юм. Би барилдалгүй гоц мөргөж их ойн жил тул заан болох тухай яриа гарлаа. Хувцас өмсөхөөр суутал “М.Мөнгөнтэй одоо барилд, зургаагийн давааны чинь учраа” гээд гаргаад ирдэг юм байна. Бямбажав гэдэг хүн бөхийн ерөнхий шүүгч байсан юм. М.Мөнгөнийг гаргаж ирээд хүчээр золгуулахаар барилдахгүй зулартал М.Мөнгөн барьцаа тавьж би арагшаа суучихлаа. Ингээд М.Мөнгөн давсан болж би унасан юм даа...
-Бөх хүнд айраг ер нь хэр вэ?
-Айраг сайн шүү дээ. Гэхдээ барилдаан ойртсон үед дэмий. Бие нялхарч, гэмтэх магадлалтай. Сар орчмын өмнөөс бол уух хэрэггүй. Манай өвөг дээдэс чинь туйлын ухаантай хүмүүс байжээ. Өвөл, хаврын махны хороо зуны дэлгэр цагт цагаан идээгээр тайлдаг. Айраг, тараг их ууж нөгөө ходоодонд байгаа махны үлдэгдлийг цэвэрлэж байсан байна. Шар будаа сайн. Одоо чинь бид цагаан будаанд л дурлаад байхаас жинхэнэ будаа чинь шар будаа юм шүү дээ.
О.Наранбаатар