СУДАЛГАА: Монголчууд цаг уурч, сувилагч, банкны ажилтнуудад хамгийн их итгэдэг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-04-23 15:08 GMT+8

Монголын банкны холбооноос банканд итгэх иргэдийн итгэлийг хэмжих судалгаа хийлгэжээ. Иргэдийн дунд арилжааны банкуудын талаар ямар хандлага, бодол давамгайлж байгааг олж тогтоох нь судалгааны гол зорилго байсан аж. 

Өнгөрсөн оны судалгааны үр дүнг саяхан нэгтгэхэд дийлэнх иргэд банкны талаар эерэг үзэл бодолтой гэсэн байна. Иргэд банкны үүрэг манай эдийн засагт чухал гэдгийг онцолжээ. Харин судалгааг хийсэн байгууллага болон захиалагч болох Монголын банкны холбоо огт өөр үр дүн хүлээж байсныг тус холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нуусангүй.

Харин Улсын их хурлын гишүүдэд итгэдэг гэж цөөн оролцогч хариулжээ.

Тэрээр “Эдийн засгийн чуулган 2019”-т оролцох үеэрээ энэ талаар танилцуулав. Судалгаанд оролцогчдоос та хэнд хамгийн их итгэдэг вэ гэж асуухад цаг уурын алба, сувилагч нар, банкны ажилтнууд, Ерөнхийлөгчид гэж хариулсан байна. Харин Улсын их хурлын гишүүдэд итгэдэг гэж цөөн оролцогч хариулжээ.

Иргэд банкны үйлчилгээг байнга авснаар энэ нь цахилгаан дулааны хангамжтай ижил түвшинд буюу амин чухал үйлчилгээ гэж үздэг байна. Гэхдээ зээлийн хүүтэй холбоотой шүүмжлэл банкуудыг байнга дагадаг. Иймд энэ асуудлыг зах зээлийн, бодлогын арга хэрэгслээр дамжуулан шийдэх нь зөв гэж үзэж байгаа Ж.Үнэнбат захирал онцлов. 

СЭЗИС-ийн профессор Ц.Батсүх мөнгөний эргэлтийн хурд социализмын жилүүдэд 5 байсан атлаа одоо 2 болж буурсныг танилцуулсан юм.

Яагаад буурав? Уг нь санхүүгийн зуучлал буюу банкуудын үйл ажиллагаа өргөжсөөр байхад мөнгөний эргэлт дагаад өсөх ёстой юм байна. Гэвч урвуу хамааралтай байгаа нь далд эдийн засаг албан эдийн засгаас 2 дахин их байгаагийн шинж тэмдэг гэв.

Өөрөөр хэлбэл Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, НӨАТ-ын тухай хуулиудыг батлан хэрэгжүүлсэн ч албан бус мөнгө эргэлдсээр байгаа аж. Иймд эдийн засгийн системээ зөв танихын тулд нөхцөл байдлын судалгаа хийх шаардлагатай гэж Ц.Батсүх багш үзэж байна. Нөхцөл байдлын дохиологч үзүүлэлтүүдээ хөгжүүлж чадвал цаашид зөв бодлого боловсруулах боломжтой аж.

Монголбанкны Ерөнхийлөгч асан Б.Пүрэвдорж дараах байр суурийг илэрхийлсэн юм.

-Ойрын арван жилд популист улстөрчид нөлөөтэй хэвээр байна. Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль батална гэцгээж байна. Ийм үед банкууд хамтран ажиллаж, байр сууриа хүчтэй илэрхийлэх нь зөв. Эдийн засгийн сэтгүүлчдийг сурган, дуу хоолойгоо улам чанга хүргэх хэрэгтэй байна. Ер нь Төв банкны Ерөнхийлөгч нар улс төрөөс хараат ажиллах боломжгүй юм. Ерөнхийлөгч улстөрчидтэй санал нийлэхгүй бол сайндаа л халагдана биз. Халагдахаас айж болохгүй.          

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ