Монголбанк: Цаашид бүх банкнаас Тогтворжуулалтын төлөвлөгөө авдаг болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-04-23 15:44 GMT+8

Капитал банкийг албадан татан буулгасны дараа ер нь манай банкны салбар найдвартай юу, дархлаагаа хадгалсаар байна уу гэсэн асуулт зүй ёсоор урган гарав.

Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Н.Батсайхан банкны хяналт шалгалтын олон улсын чиг хандлагыг танилцуулсныг хүргэж байна:

-Банк ихээхэн онцлогтой салбар. Энэ салбар итгэлцэл дээр суурилдаг. Иймд банкны нэр хүнд их чухал. Мөн олон нийтийн хөрөнгийг дайчлан энэ бизнесийг хийдэг. Хэрэв банк хүндрэлд орвол тухайн улсын санхүүгийн зуучлал зогсох эрсдэлтэй. Мөн олон нийтийн хуримтлал эрсдэлд ордог. Олон улсад БАЗЕЛ 3 стандартыг банкууд нэвтрүүлж байна. Ялангуяа олон улсад үйл ажиллагаа явуулдаг банкуудад илүү хамаатай.

Арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийж, дотоодын нийт бүтээгдэхүүний 1.9 хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдал байгааг илрүүлсэн.

Зөвхөн дотоодод үйл ажиллагаа явуулдаг банкуудад хяналтын өөр стандарт мөрдүүлэхийг Төв банкнаас шийдвэрлэсэн. Бид БАЗЕЛ 3 стандартыг хэсэгчлэн нэвтрүүлэх зорилго дэвшүүлсэн юм. Банкууд эрсдэлээ өөрсдөө удирдаж чадна гэх итгэл үнэмшил давамгайлж байв. Гэвч 2008 оны дэлхий нийтийн хямралын дараа худлаа гэдэг нь харагдсанаар банкуудад тавих хяналт шалгалт эрчимжсэн. Монголбанкны тухайд системийн банкуудад илүү их цаг зарцуулдаг. Зайнаас болон газар дээрх хяналт шалгалтыг хийж байна. Тайланг тогтмол давтамжтай авч, дүн шинжилгээ хийдэг. Мөн эрсдэлд суурилсан хяналт руу аажмаар шилжиж байна. Мөн стрессс тестийг илүү түлхүү ашиглах болов. Банкуудад гарсан зөрчлийг тухай бүрд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж байна. Цаашид газар дээрх хяналтаас илүүтэй эрсдэлд суурилан шалгадаг болно. 

Арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийж, дотоодын нийт бүтээгдэхүүний 1.9 хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдал байгааг илрүүлсэн. Энэ үнэлгээг баталгаажуулан, нэмэлт хөрөнгийг тооцоолон гаргаж ирсэн. Ингээд банкуудад өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөх хугацаатай шаардлагыг хүргүүлсэн юм. 

Энэ оны хагас гэхэд бид хяналт шалгалтын хоёр гол журамд өөрчлөлт оруулна. Актив ангиллын журмыг илүү чангатгана. Мөн Базелийн хоёрдугаар стандартын тулгуур 2-ыг хэрэгжүүлнэ. Дараа нь барьцаа хөрөнгийн үнэлгээг олон улсын түвшинд хүргэнэ. Сангийн яам, Үнэлгээчдийн холбоотой хамтран журмын төсөл дээр ажиллаж байна. 

Мөн банкуудын ТУЗ-ийн гишүүдэд тавих шаардлагыг нэмсэн. Банк, санхүү, эдийн засаг, хуулийн чиглэлээр арваас доошгүй жил ажилласан байна. Хугацаа хэтэрсэн зээлгүй байна. Гүйцэтгэх удирдлагын шаардлагад мөн энэ салбарт таваас доошгүй жил ажилласан байна гэж нэмсэн. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч дампуурлын хэрэгт холбогдож байгаагүй байна.

Хэрэв банк зохистой харьцааны шалгуураа хангаагүй бол албадлагын арга хэмжээ авна гэх мэтээр Монголбанкны эрх мэдэл нэмэгдсэн. Энэ тохиолдолд тухайн банканд бүрэн эрхт төлөөлөгч, тусгай төлөөлөгч эсвэл эрх хүлээн авагч ажиллуулна. Цаашид бүх банкнаас Тогтворжуулалтын төлөвлөгөө авдаг болно. 

Хүндрэл үүссэн цагаас эхлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Гэхдээ Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Капитал банкны үйл явдал давхацлаа. Бид хяналт шалгалтын хүрээнд олж авсан мэдээллээ гурав дахь талд задруулах эрхгүй байдаг. Прокурорын зөвшөөрлөөр л олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Өмнө нь энэ банканд байцаагч, хянагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон. Эдгээр хүмүүсийн орон тоог ч нэмж үзсэн. Энэ банканд бүтцийн өөрчлөлт хийвэл илүү зардал гарах байсан тул эрх хүлээн авагч томилох шийд гаргасан юм. 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 

Дээшээ