Дугуйн зам эвдсэн компанийн үйл ажиллагааг түр зогсооно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-04-23 16:15 GMT+8

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж буй байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, эвдэн сүйтгэсэн дугуйн замаа засаж, хашаа татахыг хотын Захирагч үүрэг болгожээ.

Дугуйн замыг сүйтгэж барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлжээ.

Энэхүү мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад “Суруга моторс” ХХК нь “Суруга центр-2” үйлчилгээний барилгын газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих шаардлага тавьж, дугуйн замыг чөлөөлөх үүрэг өгсөн аж.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр дугуйн замын нөхцөл байдалтай танилцахаар “Суруга моторс” ХХК-ийн  барилгын талбайд очжээ.

Тус компанийнхан барилгын газар шорооны ажил эхлүүлэхээсээ өмнө зохих ямар ч зөвшөөрөл авалгүйгээр дугуйн замыг хашиж, сэтэлсэн гэдгийг холбогдох албаныхан энэ үеэр хэлсэн байна. Тиймээс хотын Захирагч дээрх үүргийг өгсөн байна.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ