2018.04.23 Өнөөдөр болсон ОНЦЛОХ таван үйл явдал

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-04-23 17:59 GMT+8

Улаанбаатар хотын хэрэглэгчийн 1 литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус 9 мөнгөөр, бохир ус 11 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгөөр, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдүүлсэн байна. Шинэ үнийг ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр боллоо.  

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж буй байгууллагын үйл ажиллагааг түр зогсоожээ. Мөн эвдсэн дугуйн замаа засаж, хашаа татахыг хотын Захирагч үүрэг болгожээ.

Дугуйн замыг сүйтгэж, барилга барих гэж байна гэсэн мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлжээ. Мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь шалгахад “Суруга моторс” ХХК “Суруга центр-2” үйлчилгээний барилгын газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих шаардлага тавьж, дугуйн замыг чөлөөлөх үүрэг өгчээ.

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.23/ хуралдаанаар зарим хуулийн төслийг хэлэлцлээ. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор Фэйсбүүк, твиттер гэх мэт харилцаа холбооны үйлчлэгч хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх нь зөв гэж үзжээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Үндэсний номын санд ажиллаж, тус номын сангийн Төвд номын сан, Монгол судлалын танхим, Архив, Үнэт, ховор номын музей, Уншлагын танхим зэрэгтэй танилцаж, ажилтнуудтай нь уулзаж ярилцлаа. Энэ хавар, зун, намар цаг хугацаатай уралдан ажиллаж, Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг Ерөнхий сайд компанийн удирдлагуудад үүрэг болголоо.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь нефть боловсруулах үйлдвэрийн чиглэлд баригдаж буй авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ. Гадаадын гүйцэтгэгч байгууллагууд 1 километр төмөр замын барилгын ажилд 3.2 сая ам.долларын өртөг санал болгож байсан бол Монголчууд дотоод нөөц бололцоогоо ашиглан  1 километр төмөр замыг 800-900 мянган ам.доллараар буюу дээрх үнээс даруй 3 дахин бага өртгөөр бүтээн босгож байна. 44 тэрбум төгрөгийг хэмнэн, хэмнэсэн мөнгөөрөө орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ