Хөвгүүд охидтой хэрхэн зөв харилцах вэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч А.Наранцацрал

2019-04-27 14:10 GMT+8

Эсрэг хүйснийхээ  хүнтэй харилцахад дандаа амар байдаггүй. Хүүхдүүд бага наснаасаа бие биедээ хүндэтгэлтэй,  зөв боловсон харилцах ур чадварт суралцсанаар насанд хүрсэн хойноо ч тэр дадал зуршлаа алддаггүй.

Хүүхдүүд хоорондоо зөв харилцаж сурснаар үе тэнгийн хүчирхийллээс ангид байх боломжтой юм.

Тэгвэл хөвгүүд охидтой хэрхэн харилцах талаар Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн сэтгэл зүйч  Н.Ариун-Эрдэнийн зөвлөгөөг хүргэж байна.

Юуны өмнө хөвгүүд ааваасаа үлгэр дуурайлал авдаг гэдгийг сэтгэл зүйч хэлж байна. Тиймээс аавын үүрэг оролцоог зөвлөгөөний эхэнд тэмдэглэсэн юм.

ААВУУД ХӨВГҮҮДИЙН НАСАН ТУРШИЙН ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ НЬ

Хүүхдэд аавтайгаа хамт өнгөрүүлсэн дурсамж насан туршид үлддэг ба хүүхэд ааваасаа аливаа зүйлийг сурахад бэлэн байдаг бөгөөд шинэ юмыг шууд хүлээн авч дуурайдаг байна.

Хүүхдийн бага насанд аавын оролцоо илүү байдаг ба аав хүүхдэд цаг гаргах, ярилцах, тоглох зэрэг нь хүүхдийг өөртөө итгэлтэй байхад нь их нөлөөлдөг. Хүүхдэд багаас нь аав нь эр хүний зөв шинж чанарыг зааж өгөх хэрэгтэй. Ингэснээр:

1. Аливаа зүйлд ялах, хожигдох гэж байдгийг тоглоомоор дамжуулан ойлгуулах.

Тоглоом, тэмцээнд оролцон ямар их хүч зардаг, өөрийн хөдөлмөр чармайлтаар хождог эсвэл хожигдох нь аливаа тоглоом, тэмцээний нэгэн хэсэг гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Ингэснээр хүүхэд хожигдол амссан ч бууж өгөлгүй дахин боломж байгааг тооцоолж сурна.

2. Эр хүн ямар байх талаар сайн ярилцаарай.

Уураа хэрхэн барих, үгээ тэвчих, амьдралд бусдын төлөө болон өөртөө ямар үүрэг хүлээдэг талаар ярилцаарай.

3. Хүний итгэл даадаг байх.

Найз нөхдийнхөө итгэл, хайр хүндэтгэлийг хэрхэн хүлээх талаар аав өөрийн амьдралын дурсамж, туулж өнгөрүүлсэн бодит жишээн дээрээ тулгуурлан ярилцаж байх.

4. Эмэгтэй хүний талаар зөв хандлагатай болгох.

Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй инээх, ярилцах, хамт хоол идэх, гэрт нь дөхүүлүүлэх зэрэг нь хүн хоорондын энгийн нөхөрсөг харилцааны илрэл бөгөөд эрэгтэй хүнд ойртон дотносох гэсэн ямар нэгэн санаа биш болохыг ойлгуулах нь зүйтэй. Хэрэв аав та өөрөө ингэж боддог  бол энэ өдрөөс эхлэн эмэгтэй хүний талаарх төсөөлөл, хандлагаа зөв болгоорой. Эмэгтэй хүнийг хүндлэх, хайрлах талаар зааж өгөх нь бага насны хүүхдийн хүмүүжилд маш чухал ач холбогдолтой юм.

ХӨВГҮҮД ОХИДТОЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ

1. Охидыг сайн сонсоорой.

Тантай ярьж байгаа хүн тань руу огт харахгүй байх үед та юу мэдэрдэг вэ? Мэдээж намайг огт хүндлэхгүй байна гэсэн мэдрэмж төрдөг. Тиймээс охидын хүндлэлийг хүлээхийн тулд тэднийг илүү ойлгохыг хичээж сайн сонсоорой.

2.Охидтой харилцахдаа аль болох эерэг биеийн хэлэмж илэрхийлэхийг хичээгээрэй.

Үл тоомсорлосон, сөрөг дохио зангааны хэл ашиглах нь харилцаж буй хүндээ ямар сэтгэгдэл төрүүлэх вэ? гэдгийг Ч.Дарвин 1872 онд хэвлүүлсэн "Хүн, амьтны сэтгэл хөдлөлийн илэрхийлэл" хэмээх бүтээлдээ анх дурдаж байжээ. Өнөөгийн судлаачид 90 орчим хувь нь хэн нэгэнтэй үр дүнтэй харилцахад чиний биеийн хэлэмж болон дохио зангаа ихээхэн үүрэгтэй. Тиймээс охидтой харилцахдаа аль болох эерэг биеийн хэлэмж илэрхийлэхийг хичээгээрэй.

3. Хандлагаа эерэг болгоорой.

Аливааг бодитойгоор  ойлгохоосоо өмнө ямар нэгэн таамаглал дэвшүүлэх нь харилцааг амжилтгүй болгоход нөлөөлдөг.  Хөвгүүн та ямар нэгэн харилцаанд алдаа гарсан бол охид буруутай гэж бодож байсан болэнэ хандлагаа эргэн нэг харж, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг хичээгээрэй. Охидыг бусдын үгээр бус өөрийн харилцаагаар дүгнэж, хандлагаа эерэг болгоорой.

4. Сэтгэл хөдлөл болон ярьж байгаа зүйлээ хянаарай.

Охид хэчнээн эмзэг гээч. Хөвгүүн чиний нэг л буруу ойлгож хэлсэн үгнээс болж, насан туршдаа нэр хүндэд нь сэв суудаг. Чи хичнээн ууртай байсан ч хийж байгаа үйлдэлдээ, хэлж байгаа зүйлдээ түүний талаарх бодлоо хэлэхээс болгоомжлоорой.

5. Охидод сайхан үг хэлээрэй.

Охид бол цэцэг. Хөвгүүн чамд охидын юу нь буруу юу нь зөв гэдгийг тайлбарлах боломж хэзээд олдоно. Эхлээд зүгээр л магтаж, сайхан үг хэлж байгаарай. Мөн тэднийг өөр өөрийн гэсэн онцлогтой бие хүн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаар нь хүлээн авахыг хичээгээрэй.

6. Охидын юу мэдэрч байгаагаа илэрхийлэхэд нь туслах, хэзээд тусалж чадна гэдгээ илэрхийлээрэй.

Хүн бүр алдаа хийдэг. Харин түүний ярьсан зүйлийг нь сонсон, бас нууцлаарай. Бас хэзээд итгэл хүлээх хүн байж чадна гэдгээ харуулаарай. Хөвгүүд охидод ингэж л өөрийн эр хүний мөн чанараа таниулан, итгэл хүндэтгэлийг нь хүлээх гэж хичээдэг биш гэж үү. Охидын мөрөөдөл хан хүүгээр өөрийгөө авруулах, тэгээд халамжлуулах...

Хөвгүүд бол баатар. Ямагт магтуулахыг хүсдэг. Өөрөө жаргалтай байж, хүссэн магтаалаа сонсохын тулд охидыг хүндэлж, хайрлаарай...

Та бүхэн GoGo.mn сайтын хүчирхийллийн эсрэг сэдвээр цувралаар хийсэн бусад мэдээ нийтлэлийг ЭНД ДАРЖ  /"Нийгэм" цэсний "Хүчирхийллийг үл тэвчье" дэд цэснээс/ уншина уу. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 449 санал өгсөн байна.

Дээшээ