Дэйв Воусэн Морь унаад ч хамаагүй Монгол оронтой танилцахыг маш их хүсэж байна
Б.Нямдарь Сэтгүүлч

Монгол Улсад суугаа элчин сайдуудын ярилцлагыг бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн ээлжит зочноор Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэнийг урилаа. Тэрээр энэ жилийн хоёрдугаар сараас эхлэн Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Австралийн Гадаад хэрэг, худалдааны яаманд олон жил тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн бөгөөд хамгийн сүүлд Умард Солонгосын асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллажээ. Мөн Вьентьян хот дахь Австралийн Элчин сайдын яаманд Дэд тэргүүн, Австралийн Хөгжлийн хөтөлбөрийн газарт Афганистан, Иракийн асуудал эрхэлсэн захирлаар ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.

-Та шинэ ажилдаа томилогдоод удаагүй байна. Ирэхээсээ өмнө Монгол Улсын талаар тодорхой төсөөлөл байсан байх. Төсөөлснөөс тань хэр өөр байна? Мөн хамгийн их таалагдаж байгаа зүйл юу байна вэ?
-Австраличуудын хувьд Монгол Улс нь очиж үзэхийг хүсдэг онцгой газруудын нэг яах аргагүй мөн. Олон австраличууд Монголын түүхийг мэддэг, тэр дундаа домогт Чингис хааны талаар сайн мэднэ. Ялангуяа түүх, археологи, геологи, уул уурхай, олон улсын харилцааг сонирхож, суралцаж байсан австраличууд Монголын талаар мэдлэгтэй болсон байдаг. Монголыг түүхээр нь илүүтэй мэддэг ч орчин үеийн Монголын талаар мэддэг нь цөөн байдаг.

Миний анзаарснаар орчин үеийн Монгол орны хамгийн сонирхолтой зүйл бол Улаанбаатар хотын хөгжил болон уламжлалт малчин, нүүдлийн амьдралын хэв маяг хоёрын ялгаа юм. Мөн Монголын эдийн засаг маш хурдацтай хөгжиж байсныг хараад хөдөө аж ахуй илүү орчин үеийн технологид суурилсан голлох эдийн засгийн салбар байх болов уу гэж төсөөлж байсан.

- Та ирээд Монголын аймгуудад очиж ажиллав уу? Цаашид хөдөө орон нутагт ажиллах төлөвлөгөө гаргасан уу?
-Би Австралид байхдаа мянга гаруй хүн амтай орон нутагт амьдардаг байсан. Тиймээс би цаг агаарын үзэгдлүүд, ган гачиг, үер мөн хөдөө орон нутгийн иргэдэд тулгардаг зарим бэрхшээлийг сайн мэддэг. Тэгэхээр би аймаг бүртэй танилцаж боломж, тулгарч буй асуудал, хоорондын ялгааг ойлгохыг хүсэж байна. Би саяхан Архангай аймгийн Цэцэрлэг суманд зочилсон. Цаашдаа ч боломжийнхоо хэрээр олон аймагт зочилж, тэр дундаа Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах австраличуудтай хамт Монгол Улсын өнцөг булан бүрд хүрч очих болно.

Би явган, дугуйгаар магадгүй мориор явж Монгол оронтой танилцахыг маш их хүсэж байна. Бодит байдалтай танилцахад онгоц, машин нь хэтэрхий хурдан шүү дээ. (инээв) Нэг үгээр Монголчуудын  амьдралын хэв маяг, сэтгэхүйтэй биечлэн танилцахыг эрмэлзэж байна. Мөн аймаг бүртэй танилцах хамгийн боломжит нөхцөл, санал хүсэлт дээр би нээлттэй хандана. Монгол байгаль, цаг агаарын хувьд зарим нэг бэрхшээлтэй тулгардаг хэдий ч өргөн уудам газар нутаг нь эдийн засгийн боломжийг бий болгож байдаг. Энэ бүхэнтэй би өөрийн биеэр танилцахыг хүсэж байна.

-Та Улаанбаатарт чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Би дугуйгаа унаж явах дуртай. Мэдээж өвлийн улиралд дугуй унаад байх амаргүй байдаг. Хэрэв намайг дугуйгаа унаад явж байхтай таарвал гараа даллаарай. Дугуй унах нь эрүүл мэндэд тустайгаас гадна байгаль орчинд ч ээлтэй. Мөн хамт олноороо хийж болдог болохоор надад таалагддаг. Хөдөө орон нутагт ажиллахдаа дугуйгаа заавал авч явж байхаар шийдсэн. Мөн усанд сэлэх нь ажлын алжаал тайлах гоё арга, сэлж байхдаа ярих шаардлагагүй учраас надад сайхан амралт болдог. Ажлаас гадуурх ихэнх чөлөөт цагаа гэр бүл, найз нөхдийн хамт өнгөрүүлдэг. 

Улаанбаатарт байх богинохон хугацаандаа гайхамшигтай дуурь, бүжгэн жүжиг гэр бүлээрээ үзэх боломж гарсан. Мөн “Fat Cat” жааз клубын залуу Монгол хөгжимчдийн авьяас, ур чадвар гайхалтай санагдсан. Бид Австрали хөлбөмбөгийн спортыг Монголд хөгжихийг харахыг хүсэж байна. Монголын хүүхэд залуус крикетийн спортоор хичээллэх сонирхолтойг бид мэднэ. Монголд ажиллаж, амьдардаг Австраличуудтай нийлж нутаг орныг минь санагдуулсан дуртай спортоороо хичээллэх сайхан байдаг.

-Та нэн түрүүнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа болон эхлүүлээд байна вэ?
-Австраличууд амжилтад хүрэхийг хичээдэг, прагматик ард түмэн. Austrade буюу Австралийн Худалдааны төлөөлөгчийн газар болон Австралийн Худалдааны танхимаар дамжуулан Австрали Улс Монголд үйл ажиллагаа явуулаад олон жил болж байна.

Тиймээс бидэнд өмнө эхлүүлсэн ажлаа цааш нь үргэлжлүүлж, туслалцаа дэмжлэг үзүүлэх олон сайхан санаа бий. Эдгээрийн ихэнх нь уул уурхайн олборлолт болон боловсролын салбарт хамаардаг. Австрали, Монголд аль алинд нь ач холбогдолтой ажил, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, сайн үр дүн гарч байвал бид цаашид үргэлжлүүлж хэрэгжүүлэх болно.

Түүнчлэн техник, мэргэжлийн боловсрол сургалтын (ТМБС) талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байна. Аливаа улс чадварлаг ажиллах хүчинтэй байх нь давуу тал болдог. Монгол бол боловсролын өндөр стандарттай орон. Гэхдээ Монгол Улс харьцангуй залуу ажиллах хүчинтэй орны хувьд зарим сорилтууд тулгарах нь гарцаагүй. Уул уурхай нь манай хоёр орны эдийн засагт үргэлж чухал үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой ч Австрали Улсын эдийн засгийн хөгжлийн дийлэнх хувийг үйлчилгээний салбар бүрдүүлж байна. ТМБС-ыг амжилттай хэрэгжүүлж, хувийн хэвшилтэй түншилсэн нь эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал нөлөө үзүүлж ирлээ.      

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг бид бүгд л хүсэж байна. Үүний тулд уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнээс гадна хөдөө аж ахуй, төрөлжсөн үйлчилгээний салбарыг илүү бүтээмжтэй болгох нь чухал.

ТМБС нь эдгээр сайжруулалтыг хийхэд чухал үүрэгтэй гэдгийг би гэлтгүй бүгд л мэдэж байгаа байх. Энэ салбарт шинэчлэл хийгдэж байгааг бид харж байна. Гэхдээ залуусыг ажлын байраар хангах, ажлын байрны эрэлт хэрэгцээг урьдчилан таамаглах зэргээр засгийн газар болон хувийн хэвшлийн байгууллагуудтай ТМБС-ын салбарт үргэлжлүүлэн хамтарч ажиллах нь чухал. 

Оюу толгой төсөл нь бидний хувьд нэн тэргүүнд тавигдах асуудал хэвээр байна. Учир нь энэ төсөл нь Австралиас орж ирсэн том хөрөнгө оруулалт гэдгээс илүүтэйгээр Монголын эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Орлогын эх үүсвэр, ажлын байр, орон нутгийн бүтээмж, экспортын өсөлт урт хугацааны туршид амжилттай хэрэгжихэдголлон нөлөөлж буй хамгийн том төсөл учир Оюу толгойн төслийг амжилттай үргэлжлүүлэх нь бид бүгдэд зайлшгүй хэрэгтэй байна.

-Энд ирэхээс өмнөх туршлага тань их сонирхол татаж байна. Хойд Солонгос болон Афганистан, Иракийн асуудал эрхэлсэн захирал байсан гэсэн. Энэ талаар дэлгэрүүлбэл…?
-Гадаадын орнуудад өөрийн улсыг төлөөлөх нь нэр төрийн хэрэг бөгөөд тухайн орны хамтран ажиллаж буй хүмүүсээс туршлага хуримтлуулна гэдэг бүр гайхалтай зүйл. Яг л түүн лугаа адил Монголд томилогдон ажиллах хугацаандаа жинхэнэ нөхөрлөл, ажил хэрэгч харилцаа, шинэ туршлага, амьдралын хэв маягийг бий болгож байна. Улс орных нь нөхцөл байдал өөр хэдий ч хүмүүс хоорондын харилцааны хувьд төстэй.

Афганистан, Ирак Улсад хамтран ажиллагсадтайгаа мөр зэрэгцэн тухайн улсын нөхцөл байдал, улс төр, эдийн засгаа тогтворжуулах ажилд хувь нэмрээ оруулсан нь их том завшаан гэж боддог. Тэдний эх орондоо өргөсөн тангараг, хүн амынхаа амьжиргааг дээшлүүлэх гэсэн чин хүсэл өдөр тутамд нь илрэх эр зоригоос илт харагддаг байв. Эдгээр туршлагууд минь мартагдашгүй бөгөөд эргэн дурсах бүрд урам зоригийг минь төрүүлдэг.

Мөргөлдөөн, зөрчилдөөнтэй эсвэл түүний дараах нөхцөл байдалтай улсад ажиллах нь надад өвөрмөц хувийн туршлагыг үлдээсэн. Үүнийг хүний ​​мөн чанар, зөрчилдөөний шалтгаан, түүнийг хэрхэн шийдвэрлэж болох талаар шалгасан үйл явц гэж тодорхойлж болно. Австрали, Монгол Улс нь энхийг сахиулах үйл ажиллагаанд дэлхий даяар хамтран оролцож байгаа нь сайшаалтай. Хүний эрхийг хамгаалах, энх тайван, тогтвортой байдлыг хангах замаар бид өөрсдийн хүссэн зорилгодоо хүрэхээр хамтран ажиллаж байгаа нь бидний давуу тал юм.   

1 | 5 фото
1
1
1
1
1

“МОНГОЛ УЛС АВСТРАЛИ УЛСЫН ЭКСПОРТЫН ОРНУУДЫН ЖАГСААЛТЫН 72-РТ БИЧИГДДЭГ”

- Та мөн Гадаад худалдааны яаманд олон жил ажилласан туршлагатай нэгэн. Тэгэхээр магадгүй Монгол, Австрали Улсын хооронд худалдааны салбарыг хөгжүүлэх талаар ямар бодолтой байна вэ?
-Монгол, Австрали хоёр улс хамтдаа хөгжих маш олон боломж бий. Хоёр улсын уул уурхайн салбар болон экспортод тулгуурласан эдийн засгийн бүтцэд төстэй талууд бий. Эдийн засгийн хамтын ажиллагаанд маш олон талт үйл ажиллагаа байдаг. Манай хоёр улсын зах зээлд хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх боломж их байна.

Одоогоор хоёр улсын хоорондын худалдааны хэмжээ бага ч голдуу Австралийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ Монгол руу экспортлогдож байна. Монгол Улс Австралийн экспортын орнуудын жагсаалтын 72-т бичигддэг бөгөөд үүнийг цаашид ахиулах бүрэн боломж бий.

Мэдээж Монгол нь Австралийн хувьд уул уурхайн салбарын ноу-хау, технологийн чухал зах зээл юм. Цаашлаад, амжилттай эдийн засгийг бий болгоход эрүүл, боловсролтой хүн ам хэрэгтэй бөгөөд энэ хүрээнд монголын чадварлаг залуусыг австралийн их дээд сургуульд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрөөрөө дамжуулан багагүй хувь нэмэр оруулж байна. Австралид суралцсан монголчууд төр засаг болоод эдийн засгийн бүхий л салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байх болно.

Гэхдээ хөрөнгө оруулагч нарт шийдвэр гаргахад эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг урьдчилан таамаглах боломжтой байх нь чухал байдаг. Монгол Улс дэлхийн түвшинд өрсөлдөж байна. Монгол Улс дараагийн том төсөлдөө шаардлагатай далайцтай хөрөнгө оруулалт татахын тулд бусад орнуудын зах зээлтэй өрсөлдөх шаардлага гардаг. Ийм учраас зах зээлээ хөгжүүлэх шинэ боломжуудыг ашиглахын тулд Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй.   

- Хоёр улс уул уурхайн салбарт багагүй хугацаанд хамтран ажилласан. Австралийн 50 орчим компани Монгол улсад салбартай. Эдгээрийн томоохон нь уул уурхайн салбарт ажилладаг. Энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тоо хумигдах эсвэл нэмэгдэх хандлагатай байна уу? 
-Австралийн Худалдааны танхим (AustCham) нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаран Австрали компанийг дэмжиж, тэдний маш сайн төлөөлөл болдог.

Австралийн ихэнх компаниуд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ нь ДНБ-ийн өсөлт, төсвийн орлогыг бүрдүүлэхэд уул уурхайн салбар гол үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулж байна. Миний хувьд Австралиас Монгол руу чиглэсэн экспортыг нэмэгдүүлэх, Монголыг сонирхох австрали компаниудын тоог нэмэгдүүлэхийг хичээж ажиллах болно. Австралийн Худалдааны төлөөлөгчийн газар нь Монгол дахь таатай боломжуудыг Австрали дахь экспортлогчид болон хөрөнгө оруулагч нарт танилцуулах зэргээр идэвхтэй ажилладаг.

Аливаа үйл ажиллагааг тогтвортой байлгах хэд хэдэн хүчин зүйл байдаг. Тэр дундаа ашиг, үр өгөөж бий болгох нь мэдээж маш чухал юм. Бүс нутаг, дэлхийн түвшинд үйл ажиллагаа явуулж буй ямар ч компани эрсдэлийг үнэлж, боломжит өгөөжийг үргэлж тооцоолж байдаг.

Хөрөнгө оруулагчдын итгэл найдвар бол бидний анхаарал хандуулж буй нэг хэмжүүр бөгөөд зах зээлд юу тэдний сонирхлыг нь татаж, өрсөлдөх чадвартай байлгах боломжтойг тэднээс асууж байх нь чухал юм. Хууль эрх зүйн орчны тогтвортой байдал, арилжааны маргааныг шийдвэрлэх чадвар, хөрөнгө болон зээлийн боломж, мэргэшсэн боловсон хүчнээрээ Монгол Улс бүс нутгийн болон дэлхийн тавцанд өрсөлдөх шаардлагатай болдог. 

Австралийн хөрөнгө оруулагчид, бизнесийнхэн гэрээ хэлцлээ тууштай дагаж мөрдөнө гэсэн хүлээлттэй байдаг. Гэрээ хэлцэл нь бизнесийн үйл ажиллагааны итгэлцлийг бий болгож, зээлэх, хөрөнгө оруулах суурь нөхцөлөөр хангадаг.    

"МОНГОЛЫН УУЛ УУРХАЙ, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫГ ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ БОЛГОХОД БИД ТУРШЛАГАА ДУРТАЙЯА ХУВААЛЦАНА"

-Уул уурхайн салбараас гадна жишээ нь мал аж ахуйн дэвшилтэт технологи ашиглах зэргээр хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой юу? Ингэж асуухын учир нь Монгол, Австрали Улсын эдийн засгийн нэг хэсгийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг шүү дээ. 
-Монгол Улсын хувьд тулгамдаад буй асуудлыг хөндсөн сэдвийг та асуулаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) нь аливаа улс орон эдийн засгаа далайцтай хөгжүүлэхэд том түлхэц үзүүлдэг. Австрали Улсын хувьд ч мөн адил уул уурхай, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхэд ГШХО чухал нөлөө үзүүлсэн байдаг.

Австрали, Монгол Улс нь хоёр том сорилттой тулгарч байгаа гэдгээрээ төстэй байна. Үүнд экспорт хийж буй орнуудтайгаа харьцуулахад харьцангуй бага хүн амтай бөгөөд жижиг эдийн засагтай. Манай хоёр улс их долоон улсын гадна оршиж байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг шууд утгаар нь капитал гэж ойлгож болох ч үүний цаана өргөн хүрээний технологи, систем, ноу-хоу, олон улсын тэргүүн туршлага гэх мэт нүдэнд үл харагдах хэдий ч үр ашиг багатай салбарын үйл явцыг сайжруулахад хувь нэмэр оруулж байдаг. 

Тэгэхээр ГШХО-ыг даган орж ирдэг технологийн дэвшил чухал хэдий ч дан ганц техник технологийн дэвшлээр аль ч салбар шууд хөгжих боломжгүй л дээ. Нэг үгээр энэ нь зөвхөн шинэ техник, тоног төхөөрөмж импортлох асуудал биш юм. Тэгэхээр асуудлын гол нь Монгол Улс шууд хөрөнгө оруулалт татах боломж, чадвараа хэрхэн сайжруулахад байна. Гэхдээ зөвхөн уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт татсанаар тус салбарууд цаашид улам хөгжиж, эдийн засаг төрөлжинө.  

Энэ талаар хуваалцах олон туршлага Австрали Улсад бий. Бид уул уурхай, хөдөө аж ахуйн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын сонирхлыг хэрхэн татах, тааламжтай орчинг бий болгоход хэрэгтэй асуудлуудыг эргэн харах, дэлхийн зах дээлд өрсөлдөхүйц нэгэн болоход хэрэгтэй гэсэн туршлагаа дуртайяа хуваалцах боломжтой. 

Бид өрсөлдөхүйц цогц бодлого боловсруулж, дагаж мөрдөх дүрэм журмаа тодорхой болгож, аливаа бизнесийн үйл ажиллагаа амжилттай явагдах боломжийг нээж өгөх нь чухал гэдгийг ойлгож авсан.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь уул уурхайн экспортын нэгэн адил нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн цогц сүлжээнд тулгуурладаг. Технологи, инноваци нь энэ үйл явцын нэг шат дамжлага нь болдог ч бид эцсийн зорилтод хүрэхийн тулд бусад шат дамжлагыг ч боловсронгуй болгох хэрэгтэй юм.

- Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг хүлээн авч уулзахдаа улс хооронд төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж бий хэмээн та бүхэн санал нэгдсэн. Энэ талаар тодорхой жишээ дурдвал?
-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хоёр улсын Парламент, Засгийн газар, бизнес эрхлэгчид, боловсролын байгууллагууд, иргэд хоорондын харилцааг цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар нухацтай ярилцсан. Бүхий л салбарын түвшинд бидэнд олон боломж бий. Миний хувьд хоёр улсын дээд түвшний айлчлал, улс төрийн гишүүд болон бизнес солилцооны айлчлалын тоог нэмэгдүүлэхийг ихэд хүсэж байна. Бидэнд бие биедээ санал болгох маш олон санаанууд бий. 

Монгол, Австрали шиг улс орнуудад олон улсын дүрэм журам чухал. Бидэнд эдийн засаг, улс төрийн нөлөө, цэргийн хүчээ ашиглаж бусад улс оронд нөлөөлөх хүсэл сонирхол, боломж ч байхгүй. 

Манай хоёр орон ардчилсан үзэл баримтлал, бүс нутгийн тайван байдал, дүрэм журмыг харилцан хүндэтгэх зэргээр нэгдмэл ашиг сонирхол бүхий үнэт зүйлсийг эрхэмлэдэг учраас бид хоёр орны харилцааг эрхэмлэдэг. Иймд хоёр талын харилцаанд ахиц дэвшил гарч байгаа бөгөөд аль аль нь дор бүрнээ хичээж байна. Мөн бид бүс нутагт хамаатай асуудлуудыг нягт уялдуулж, сайн туршлага, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр хамтран ажиллаж байна. 

-Австралийн сайн дурын 250 гаруй мэргэжилтэн 2002 оноос хойш Монголд ирж ажиллан, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсан байдаг. Мөн 2018-2019 онд шинээр сайн дурын 22 ажилтан ажиллана гэсэн байсан. Тэдгээр ажилчид яг ямар салбарт ажилладаг болон энэ хөтөлбөр Монголчуудад хэр үр өгөөжтэй байдаг талаар дэлгэрүүлбэл…?
-Австралид сайн дурын үйл ажиллагаа их үнэлэгддэг. Австраличууд олон төрлийн сайн дурын үйл ажиллагаанд оролцдог бөгөөд орон нутгийн Гал түймэртэй тэмцэх газарт гал сөнөөгч хийхээс эхлээд далайн эргийн аврагч, Яаралтай тусламжийн төв зэрэг байгууллагад сайн дураар ажилладаг. Сайн дурын байгууллагууд нь Австраличуудын амьдралд онцгой үүрэгтэй.

Эдгээр байгууллагууд нь австраличууд тэр дундаа тусгай хэрэгцээ шаардлагатай хүмүүст тусламж үзүүлэхийг зорьдог. Сайн дурынхан олон мянган хүнийг сурч, хөгжих, цаашлаад ажил мэргэжилтэй болоход нь туслалцаа үзүүлдэг. Австраличуудын хувьд сайн дурын ажлуудыг эх орондоо хийж эхэлсэн бөгөөд хожим гадаад улсуудад сайн дурын ажилчдаар очиж ажилладаг болсон.  

Тиймээс Засгийн газрын дэмжлэгтэйгээр тэднийг аялангаа өөр улсад туршлага хуримтлуулах, амьдралдаа сайн сайхан дурсамжтай үлдэх нөхцөлийг бүрдүүлдэг юм. Австралийн маш олон сайн дурынхан Монголд ажиллаж байгаа нь сайшаалтай. Сайн дурынхан Монгол орны аль ч салбарт ажиллах боломжтой бөгөөд хаана туслалцаа дэмжлэг хэрэгтэй байна тэнд ажиллах хүсэл сонирхолтой байдаг.

Сайн дурын ажилтан хөтөлбөрийн амжилттай байх чухал хүчин зүйл нь тэдний ур чадвар, туршлага юм. Бүх сайн дурын ажилтан маань маш чадварлаг, тэдний дунд сургуулиа дөнгөж төгссөн залуус ч бий. Мөн бид тэднийг ажиллуулах байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг нь урьдчилан тодорхойлж, тохирох сайн дурын ажилтныг холбож өгснөөр тэдний үйл хэрэг илүү амжилттай болдог.  

Сайн дурын ажилтан бүр, тэдний хийж буй ажил болгон харилцан адилгүй байдаг.  Жишээ нь, хөрөнгө босгох, өмгөөллийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх эсвэл байгууллагын удирдлагад туслахад тохирсон сайн дурынхан байдаг. Нэг үгээр хаана дэмжлэг хэрэгтэй тэнд ажиллах нь илүүтэй амжилт дагуулдаг. Тэд маань бүгд л Монголд ажиллаад арвин их дурсамж, түүхтэй болоод эргэн ирдэг юм. Жил ирэх тусам байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байна.

-Австралийн Засгийн газрын сургалтын тэтгэлгээр 530 гаруй монгол иргэн Австралид суралцжээ. Тэтгэлэг хэрэгжсээр, монгол залуусын хүсэн хүлээдэг тэтгэлэг болсон. Цаашид уг тэтгэлэгийн квотыг нэмэх боломж байгаа юу?
-Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь бидний хамгийн сайн хөрөнгө оруулалтуудын нэг болсон юм. Таны дурдсанчлан Австралид уг тэтгэлгээр Монголын 500 гаруй оюутан суралцсан байдаг ч өөрийн хувийн зардлаар суралцсан нь түүнээс ч олон бий. Өнөөдөр 4500 гаруй монгол оюутан австралийн их дээд сургуулиудад суралцаж байна. 

Австралид төгсөгчид цаашид манай төгсөгчдийн сүлжээнд элсэх боломжтой бөгөөд бид үүгээр дамжуулан тэдэнтэй холбоотой байж хамтын ажиллагаа өрнүүлсээр байх болно. 

Монголын эдийн засаг өсөхийн хэрээр хувийн хэвшил болон төрийн байгууллагууд монгол оюутнуудын гадаадад суралцах боломжийг илүү ихээр нэмэгдүүлж, Австрали Улс ч суралцахад таатай нөхцөлөө хадгалсан хэвээр байх болно гэж найдаж байна.

Бидний жил бүрийн хуваарилалт улсын төсвөөс шууд хамааралтай байдаг. Аливаа улсын хувьд боловсрол хамгийн чухал салбар байдаг ч төсөв нь сонголт болон тухайн жилд юуг чухалчилж байгаагаас хамаардаг. Бид уг тэтгэлгийг хэзээ ч зогсоохгүй гэж амлаж чадахгүй ч хөтөлбөрөө аль болох амжилттай үргэлжлүүлэх бөгөөд энэ нь ирээдүйн хөгжлийг авчрах хамгийн сайн бизнесийн жишээ гэж боддог.

Австралийн их сургуулиуд нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиудтай байнга өрсөлдсөөр ирсэн бөгөөд олон оюутан Австрали Улсыг сонгон суралцдагт бид баяртай байдаг. Үүний зэрэгцээ Австралийн үзэсгэлэнт далайн эрэг, амьдралын хэв маяг, амттай кофе зэрэг нь хүмүүсийн сонирхлыг мөн татдаг болов уу.     

-Монгол улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих хамтарсан цэргийн сургуулилтад Австрали Улс оролцдог. Цаашид хоёр улс батлан хамгаалахын салбарт хэрхэн хамтран ажиллах вэ?
-Австрали Улсын хувьд “Хааны эрэлд” энхийг дэмжих хамтарсан цэргийн сургуулилтад байнга оролцож, энэ нь батлан хамгаалахын салбар дахь бидний оролцооны гол тавцан байдагт үргэлж бахархалтай байдаг. Австрали, Монголын хамтарсан энхийг сахиулах үйл ажиллагаа нь үндэстэн дамнасан хамтын ажиллагааны хэрэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс цаашид Монголын энэ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах оролцоогоо үргэлжлүүлж, хэрэв шаардлагатай бол нэмэлт дэмжлэгийг ч үзүүлэхэд хэзээд бэлэн юм. 

Мөн бид энхийг сахиулах үйл ажиллагааны оролцоог дэмжихээр Монгол Улсын Зэвсэгт Хүчний албан тушаалтнуудыг Австрали Улсад англи хэлний сургалтад хамруулдаг. Австралийн цэргүүд Монголын алба хаагчидтай хамтран ажиллахдаа таатай байдаг. Тэдэнд бие биеэсээ сурах, хамтдаа хөгжих олон сайхан давуу тал бий. 

 

"МОНГОЛ УЛС ДЭД БҮТЦЭЭС ГАДНА ШУУД НИСЛЭГИЙН ТООГ НЭМСНЭЭР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛАА ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ"

- 2018-2019 онд хэрэгжүүлэх Бичил төслийн хүрээнд ЛГБТ төв бэлгийн цөөнх иргэдийн эсрэг ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх зорилгоор нөлөөллийн цогц үйл ажиллагаа явуулна гэсэн байсан. Энэ сэдэв Австралийн нийгэмд олны анхаарлыг хэр их татдаг вэ? Манай нийгэмд хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага нэлээд давамгайлаад байх шиг санагддаг. Нөлөөллийн ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх вэ?
-Та их чухал сэдэв хөндлөө. Энэ бол хүний эрхийн талаарх асуудал гэдэгтэй би санал нэгдэж байна. Энэ бол өргөн хүрээтэй, тал талаас нь авч үзэх ёстой олон улсын асуудал юм.

Энэ бол хүний эрхийг шинээр бий болгох гэж буй хэрэг огт биш юм. Энэ нь бүх хүн эрх тэгш байх, ялгаварлан гадуурхлаас хүн бүрийг хамгаалах явдал юм. Үүнд ЛГБТ хүмүүсийн эрх ч мөн хамаарна.

Зөвхөн эдийн засгийн талаас нь авч үзвэл, хөдөлмөр эрхлэлтэд олон талын үзэл бодлыг агуулсан, алсын хараатай, асуудлыг шийдвэрлэх туршлагатай хамгийн сайн ажиллах хүчин бидэнд хэрэгтэй. Тэгэхээр ямар ч ажлын байранд аливаа хүн бэлгийн чиг баримжаанаас хамааран ялгаварлан гадуурхалт өртөх учиргүй. Ялгаварлан гадуурхалт нь байгууллага болон хувь хүнд аль алинд нь сөргөөр нөлөөлдөг. Хүмүүс ажлын байрандаа өөрийнхөөрөө амар тайван байж, бүрэн потенциалдаа хүрэхэд нь дэмждэг байх ёстой юм.

Үүнээс илүүтэйгээр хүний эрхийн асуудлын өнцгөөс харвал бид аливаа хүнийг үндэс угсаа, гадаад байдал,үзэл бодол болон бэлгийн чиг баримжаанаас үл хамаарч тухайн хүний төрөлх үнэлэмжийг нь хүлээн зөвшөөрч байх нь зөв.

Миний хувьд хүйсийн чиг баримжаанаасаа хамаарч ямар нэгэн ялгаварлан гадуурхалт, доромжлол, хүчирхийлэлд өртөж байгаагүй. Гэхдээ ингэлээ гээд ямар ч асуудал байхгүй гэж үгүйсгэдэггүй. Зарим хүний үзэл бодлыг эдийн засаг, хүний суурь эрх аль ч талаас нь аргумент хийсэн ч өөрчлөх боломжгүй байдаг.    

Тиймээс бид бусдын эдийн засгийн боломж, нэр хүнд, хамгаалал, хүний эрхийг үгүйсгэж хүйсийн чиг баримжаанаас нь хамаарч илт ялгаварлан гадуурхаж буй хүмүүсийн хандлагыг нь өөрчлөхөд анхаарах хэрэгтэй юм.  Бидний хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ, тухайлбал Бичил төслийн хөтөлбөрөөр дамжуулж зохистой хууль эрх зүйн орчинг дэмжихийг зорьж байна. Жишээлбэл, ижил хүйстний хоорондох харилцааг гэмт хэрэгт үл тооцох хэвээр байлгах явдал юм. Ялгаварлан гадуурхлыг халж, иргэдийг тэгш эрхээр хангах нь тэднийг хөдөлмөрийн зах зээл дээр ч мөн тэгш эрхтэй байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Үүний зэрэгцээ, таны дурдсан асуулт бүхий зарим нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бидэнд илүү сайн ахиц дэвшил хэрэгтэй байна. Зарим оронд ЛГБТ-тэй холбоотой гутаан доромжлол нь тухай хүнд хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авахад сөргөөр нөлөөлдөг хэвээр байна. 

Австрали Улсад 2017 оны арванхоёрдугаар сарын 9-нд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн. Ямар ч нийгэмд хууль эрх зүйн өмнө тэгш боломжоор хангах алхмууд нь маш чухал байдаг. Австрали Улс нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хүний эрхийг хангахын төлөө анхаарч ажилласаар байх болно. 

- Австралиас Монгол руу аялал жуулчлалын тогтмол урсгал бий болгох боломж бий юу? Энэ тал дээр Элчин сайдын яамны зүгээс хэрэгжүүлж буй эсвэл төлөвлөж байгаа зүйл байна уу?
Австраличуудын хамгийн их зорчдог арван улс бүгд Улаанбаатар хот руу шууд нислэгтэй байдаг бөгөөд энэ дунд Тайланд, Хятад, Япон зэрэг багтдаг. Тиймээс цаашдаа энэхүү агаар тээврийн хөдөлгөөнийг ашиглан Монгол улсад ирдэг жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой. 

Австраличуудын аялахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь шууд нислэг болон үнэ боломжийн агаарын тээвэр, аяллын виз авахад хялбар нөхцөл болон өвөрмөц аяллыг илүүтэй сонирхдог. 

Монголчууд аялал жуулчлалын зах зээлд маш их зүйлийг санал болгох боломжтой, тэр дундаа адал явдалт аяллын туршлагын хувьд бүр их бололцоо бий. Мөн Улаанбаатар хотод чанартай үйлчилгээ хүргэх, боломжийн үнэтэй 3-4 одтой зочид буудлууд нэмэгдэх нь жуулчдыг татах нэг арга байх болно. 

Мэдээж дэд бүтэц нь аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг гол хөшүүрэг болдог бөгөөд энэ ч бас нөлөөтэй. Түүнээс гадна шинэ нисэх онгоцны буудал, тэр дундаа шууд нислэгийн чиглэлийн тоог нэмж, илүү өрсөлдөхүйц үнийн нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. 

Гэхдээ миний хийх ажлын нэг хэсэг нь мэдээж Австралийн бизнес, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг сурталчлан дэмжих явдал шүү дээ. 

Австрали Улс нь жуулчдын хувьд аяллын гол бүс нутаг хэвээр байсаар байна. Төрөл бүрийн авиа компаниуд Австралийн олон хот руу шууд нислэг хийдэг нь үнийн өрсөлдөөнийг бий болгож, үнийг тогтвортой болгож байдаг. Монголоос Австралийг зорьж байгаа зорчигчдын ихэнх нь аяллынхаа талаар өгүүлэхдээ тус улсын алдартай далайн эрэг, цэвэр цэмцгэр хотууд, гайхамшигт хөшөө дурсгал зэргийг голчлон дурддаг. Жуулчид мөн Австралийн уугуул иргэдийн ёс заншил, соёл урлагийг ихэд сонирхдог. Эцэст нь австрали долларын ханш бага байдаг нь аялах боломжийг илүү бий болгодог юм.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Дээшээ