Найруулагчийн төсөөллийг биет болгодог киноны зураачид үзэсгэлэнгээ гаргажээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-05-04 16:36 GMT+8

Дэлгэцийн уран бүтээлийн зураачид Монголд анх удаа үзэсгэлэнгээ гаргалаа. “Холливууд Монголд” олон улсын анхдугаар кино наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй “Домгийн жимээр” үзэсгэлэнд тайз дэлгэцийн зураач мэргэжилтэй найман залуу уран бүтээлч түүхэн болон үлгэр домгийн кинонуудынхаа хувцас хэрэглэлийг онцлон үзэсгэлэнд дэлгэжээ. 

Холливуудын өндөр зэрэглэлийн жүжигчин, найруулагч, уран бүтээлчид Монголд ирсэн учир тэдэнд үндэсний онцлог, үндэсний агуулга бүхий хувцас хэрэглэлийг танилцуулахыг зорьсон байна.



Дэлгэцийн уран бүтээлийн зураач гэдэг аливаа дүр дүрслэлийг, хувцас зүүсгэл, жижиг хэрэглэлээр дамжуулан уран бүтээлийг тайз, дэлгэцнээ амилуулдаг. Энэхүү гар ажиллагаа урлан бүтээх нарийн үйл явц нь зураачаас олон талын мэдлэг, чадвар, сэтгэмж, мэргэжлийн туршлага зэрэг цогц ур чадварыг шаарддаг онцлог мэргэжил аж.



Зураач Л.Батбилэг, Би Дүрслэх урлагийн дээд сургуулийг 2011 онд Тайз, дэлгэцийн зураач мэргэжлээр төгсөж, 2015 онд Тайвань улсын Тайчуны Үндэсний боловсролын их сургуульд Урлаг судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2009 оноос эхлэн 10 гаруй уран сайхны киноны зураачаар ажилласан. Энэ үзэсгэлэнд өөрийн ажилласан “Ану хатан”, “Содура”, “Эрхий мэргэн” киноны эскиз, хувцсыг дэлгэж байна.



Гаднын орнуудад киноны зураачид эскиз, хувцас үйлдвэрлэлийг тус тусад нь нарийн мэргэжлийн хүн хариуцаж төрөлжиж ажилладаг бол Монголын нөхцөл байдлаас шалтгаалан эскиз, хувцас үйлдвэрлэл зэргээр кинонд ашиглахэд бэлэн болгох бүх ажлаа зураачид өөрсдөө хариуцаж ажилладаг.


Үзэсгэлэнг үзэж сонирхсон холливуудын уран бүтээлчид бидний ажлыг гайхалтай сайхнаар хүлээн авсанд урамшиж байна. Бид энэхүү бүтээлүүдээрээ дамжуулан монголчууддаа болон гаднын уран бүтээлчдэд нүүдэлчний онцлог, дүр төрх, зан характер зэрэг сонин содон зүйлсийг харуулах зорьсон гэв.

Энэ үэзсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд бол кино нь гараагүй, хувцас хэрэглэл нь бэлтгэл шатандаа яваа, эсвэл эхнээсээ зураг авалтад хэрэглэж эхэлсэн бүтээлүүд аж. Тухайлбал, “Эрхий мэргэн” гэж үлгэрийн киноны гол дүр Хулагү мэргэний дүрийг жүжигчин Баярцэцэг бүтээх бөгөөд хувцасны эскиз, хувцсыг хамтад нь дэлгэсэн байв. Энэ киноны зураг авалт хараахан эхлэх болоогүй аж.



Зураач Э.Батцэнгэл, Би 2007 оноос эхлэн 20 гаруй кино, жүжгийн зураачаар ажилласан. Одоо “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын киноны зураачаар ажиллаж байна. Киноны зураач бол зохиолтой анх танилцдаг 2-3 хүний нэг байдаг. Зураачид найруулагчийн төсөөллийг биет болгодог. Сайн уран бүтээл хийе гэвэл хувцас хэрэглэлийг нэг жил хүртэлх хугацаанд бэлэн болгоно” гэж ярилаа.  

"Домгийн жимээр" үзэсгэлэнг гаргаж буй уран бүтээлчид

“Домгийн жимээр” үзэсгэлэн энэ сарын 8-ныг дуустал Тусгаар тогтнолын талбайн баруун    талд байрлах “MN Tower” барилгын 17 давхар дахь үзэсгэлэнгийн танхимд гарч байна. 
 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ