DevSummit 2019: Монголын технологийн салбарын мэргэжилтнүүд туршлага солилцож, цаашдын хөгжлөө хэлэлцлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-05-06 08:43 GMT+8

Монголын мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн анхны бөгөөд хамгийн том цугларалт “DevSummit 2019” арга хэмжээ өчигдөр Корпорэйт Конвеншн төвд боллоо. 

“DevSummit 2019” чуулганы зорилго нь мэдээллийн технологийн салбарын коммюнитиг үүсгэн идэвхжүүлэх, цаашлаад салбарын хөгжлийг хурдасгахад чиглэж байгаа аж. 

Арга хэмжээний эхний хэсэгт системийн аюулгүй байдал, блокчэйн гэсэн сэдвүүдээр богино хэмжээний нийт зургаан илтгэлийг мэргэжилтнүүд танилцуулав. Мөн энэ хэсэгт ЛэндМН бий болгож буй нээлттэй платформоо танилцуулсан нь онцлох үйл явдал байлаа. Тодруулбал, ЛэндМН өөрийн үндсэн Lend апп дотроо мини аппуудыг багтааж, хөгжүүлэгч бүрт хэрэглэгчдэд хүрэх, цаашлаад борлуулалт хийх боломжийг олгох юм. Учир нь хөгжүүлэгчдэд тулгардаг хамгийн том асуудал нь хийсэн бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчид хүргэх байдаг аж.

Мөн чуулганы үндсэн илтгэгчид нь Airbnb, Uber, Gitlab зэрэг гадаад дотоодын технологийн компаниудын туршлагатай экспертүүд, салбарын чадварлаг мэргэжилтнүүд, топ компаниуд, олон улсын нэр хүндтэй төлөөлөгчид мэдээллийн технологийн ирээдүйтэй холбоотой, сүүлийн үед тренд болж буй сэдвүүдээр олон сонирхолтой илтгэл тавьж, туршлагаасаа хуваалцсан юм. Бид арга хэмжээний үеэр зохион байгуулагч, илтгэгч, оролцогчдын төлөөллөөөс сэтгэгдлийг нь сонирхлоо. 

“МОНГОЛЫН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ӨСЧ БАЙГАА, ГЭХДЭЭ ИЛҮҮ ХУРДТАЙ ӨСӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА”

Unread-ийг үүсгэн байгуулагч А.Ундрал:
-“DevSummit 2019” арга хэмжээний гол үр дүн бол энэ салбар дахь хамтын ажиллагаа юм. Технологийн салбарт хамтын ажиллагаа, хоорондын уялдаа холбоо маш чухал байдаг ч энэ нь бидэнд өнөөг хүртэл үгүйлэгдсэн хэвээр байна. Тиймээс технологийн салбарт энд тэнд олон төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжилтнүүд, компаниуд, хөгжүүлэгчид, инженерүүд гээд олон талын хүмүүсийг нэг дор цуглуулснаар тэдэнд бие биенээсээ суралцах, хаана ямар түвшинд явж буйг мэдэх, тэр хэрээр хамтын ажиллагаа хэрхэн үүсч болох талаарх гарцыг олоход уг арга хэмжээ тус болно гэж найдаж байна. 

Өнөөдрийн арга хэмжээнд 600 гаруй оролцогч, үзэсгэлэнд 10 гаруй компани, 28 илтгэгч, 7 воркшоп, 3 панел хэлэлцүүлэг, нийт дөрвөн тайзтай явагдаж байгаа гэдгээрээ онцлог. Мөн дотоодын хамгийн шилдэг, өөр өөрийн салбартаа тэргүүлж байгаа инженерүүдийг урьж авчирахаас гадна олон улсын технологи суурьтай стартапуудын төлөөлөл болох Airbnb, Uber, Gitlab, Steppe гэх мэт томоохон компаниудын төлөөлөл хүрэлцэн ирж илтгэл тавьж байна. Монголын технологийн салбар өсч байгаа, гэхдээ илүү хурдтай өсөх шаардлагатай байна. Тиймээс өнөөдрийнх шиг хамтын ажиллагааны талбар хэрэгтэй юм. 


"БИЗНЕСИЙН САЛБАРТ ИНЖЕНЕРҮҮД, ХӨГЖҮҮЛЭГЧДИЙН БАЙР СУУРЬ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙХ ЁСТОЙ"

ЛэндМН-ий үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхан:
-Бизнесийн салбарт технологи хэр чухал вэ, ирээдүйд аливаа бизнес нь технологигүйгээр цааш явахгүй юм байна гэдгийг мөн цаашлаад бизнесийн салбарт инженерүүд, хөгжүүлэгчдийн байрь суурь үнэ цэнэтэй гэдгийг нийгэмд ойлгуулах нь чухал байна. Компаниуд технологидоо оруулах хөрөнгө оруулалтаа ихэсгэж, үнэлэмжийг өсгөхөд тэнд хангалттай боловсон хүчин нийлүүлэгдэнэ. Одоогоор компаниуд технологийн мэргэжилтний дутагдал байна гэж гомдоллодог ч тэд хангалттай цалин хангамжийг өгдөггүй, хөгжүүлэгч инженерүүдийн оролцоог бизнесийн туслах үүрэг гэж эндүүрдэг. Тэр нь маш буруу юм. Учир нь тэд гол байгууллагын стратегийг хэрэгжүүлэх, өртгийг багасгах, өрсөлдөгчөө ялах гол үндсэн зэвсэг гэж хэлж болно. 

Уг арга хэмжээнд Монголын технологийн салбар дахь нийт 680 гаруй төлөөллийг уриалаад Амазонд ажиллаж байсан А.Амарбаярын санаачилгаар, Ерөнхий зохион байгуулагчаар Unread, ивээн тэтгэгчээр ЛэндМН ажиллаж амжилттай зохион байгууллаа.


Технологийн салбарын чуулга уулзалт болохоор ч тэр үү нэгэн хэвийн арга хэмжээг бодвол ихэд онцгой, чөлөөт үйл ажиллагаа болов. Ирсэн зочид зөвхөн илтгэгдчийн яриаг сонсохоос гадна долоон төрлийн воркшопоос өөрийн сонирхож буй хэсэгт хамрагдаж байлаа. Тэр дундаа ихэд сонирхол татсан нэг хэсэг нь Women in Tech технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн төлөөллийн хэлэлцүүлэг байлаа. 

“ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХАРИЛЦАХ ЧАДВАР НЭЛЭЭН ӨНДӨР ХӨГЖСӨНӨӨС ГАДНА ИЛҮҮ ЭМХ ЦЭГЦТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДАГ”

Women in Tech хэлэлцүүлгийн панелист, ANDSystems компанийн Төслийн менежер Г.Уранчимэг:
-Эмэгтэй хүний гол чадварууд дунд бусадтай харилцах чадвар нэлээн өндөр хөгжсөнөөс гадна илүү эмх цэгцтэй, уялдаа холбоотой, хариуцлагатай байдаг юм болов уу гэж боддог. Би өөрийн мэргэжил (төслийн менежер) дээр жишээ авахад тэнд хийгдэж буй нэг ажлыг энд хийгдэж байгаа өөр нэг ажилтай хооронд нь уялдуулдаг. Манайд технологийн салбарт тэр дундаа хөгжүүлэгч эмэгтэйчүүд харьцангуй цөөхөн байдаг. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэгт энэ салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд тулгардаг гол асуудлууд, тэдний оролцоог хэрхэн нэмэх талаар яриаг өрнүүллээ. 

Мөн манай ANDSystems компани нь улирлын урамшууллын системийг нэвтрүүлсэн байдаг ба энэ нь тухайн ажилтан өөрийн үндсэн үүрэг бүхий ажлаас гадна шийдвэрлэх ёстой гурван зорилго тавина. Түүн дотроо өөрийгөө хөгжүүлэх зорилго багтдаг бөгөөд ингэснээр ажилтан хувь хүнийхээ хувьд ч хөгжих нь байгууллагын бүтээмжид эерэгээр нөлөөлдөг давуу талтай юм. Аливаа байгууллагын хувьд урамшууллын систем нь ажилтныг хөгжүүлэх, идэвхжүүлэхэд маш үр дүнтэй зүйл байдаг. 


“МАНАЙ ХӨГЖҮҮЛЭГЧИД АЛИВААГ ОЙЛГОЖ ТУСГАЖ АВАХДАА САЙН, IQ МАШ ӨНДӨРТЭЙ САНАГДДАГ”

Өнөөдрийн “DevSummit 2019” арга хэмжээнд технологийн салбарын чадварлаг мэргэжилтнүүдээс гадна залуу боловсон хүчнүүд ирсэн байлаа. Уг чуулганд оролцохоор ирсэн, хөгжүүлэгчээр 6 жил ажиллаж байгаа Б.Болдбаярын сэтгэгдлийг сонирхлоо. 

Бид олон зүйлийг нэг дор хийх, нэгээс нөгөөд хөрвөх чадвар бүхий давуу талтай.

Би уг арга хэмжээнд үе үеийн хөгжүүлэгчид ямар түвшинд явж байна, тэд дэлхийн технологийн салбараас юуг судалж байна гэдгийг сонирхохоор мөн өөрийгөө аль түвшинд явж байна гэдэгт дүгнэлт хийхээр ирсэн. Хөгжүүлэгчид өөрсдийгөө хөгжүүлэх боломж маш их байдаг. Тэр дундаа манайхан аливаа томоохон системийн цаана юу болж байна гэдгийг хялбар ойлгож тусгаж авахдаа сайн, IQ маш өндөртэй байдаг мэт санагддаг. Технологи ашиглаад хүнд хэрэгтэй зүйл хийж өгч байгаа нь хөгжүүлэгч хүний давуу тал гэж боддог. 


"ДЭЛХИЙН ТОМООХОН KОМПАНИУДАД ЗАЙНААС АЖИЛЛАХ БОЛОМЖ ИХ БАЙДАГ"

Цахиурын хөндийн Gitlab компанийн Ази, Номхон Далайн бүс нутгийг хариуцсан ахлах ижненер А.Амарбаяр
-Олон улсад энэ төрлийн чуулган маш их болдог бөгөөд тэд бие биедээ өөрсдийн мэддэг шинэ зүйлсээ хуваалцаж хамтын ажиллагаага өргөжүүлдэг. Нэг үгээр энэ нь тэдэнд хөгжлийн нэг оч болдог. Энд тэндэхийн технологийн салбарын үйл ажиллагаанд оролцож байхдаа Монголд маань ийм арга хэмжээ зохион байгуулагдаасай гэж хүсдэг байсан. Тиймээс энэ удаад Unread, LendMN-ий мундаг залуустайгаа хамтран зохион байгуулж байна. Бид уг арга хэмжээг жил бүр хийх болно.  

Миний хувьд Америкийн компаниудад арав гаруй жил мэргэжлээрээ ажиллаж байна. Энэ хугацаанд ажигласан зүйл гэвэл монголчууд маань цөөн хүн амтай болоод ч тэр үү, хүн бүр зөвхөн нэг мэргэжлээр дагнан ажиллах боломж олддоггүй. Энэ нь эргээд бидэнд олон зүйлийг нэг дор хийх давуу талыг бий  болгодог. Жишээ нь манайд нэг хөгжүүлэгч кодоо ч биччихдэг, өгөгдлийн сангаа зохион байгуулчихдаг, сүлжээгээ хариуцчихдаг, системээ удирдчихдаг, утсаар орж ирэх гомдлыг ч барагдуулчихдаг чадвартай байна. Барууны орнуудад дээрх дурдсан зүйлийг тус бүр нэг хүн хийдэг. Гэтэл бид олон зүйлийг нэг дор хийх чадвар, нэгээс нөгөөд хөрвөсөн ч түүндээ гомдоллоод байдаггүй зан, дасан зохицох чадвар бүхий давуу талтай.

Бидэнд газарзүйн байршлаа ашиглан дэлхийн томоохон компаниудын Ази номхон далайн бүс нутгийн төлөөлөл, үндсэн ажилтан болж зайнаас ажиллах боломж бий.

Мөн сүүлийн үед Open Source буюу нээлттэй мэдээллийн сан бүхий код, програм, төслүүдийн талаар их ярьж байна. Өмнө нь томоохон компаниуд өөрсдийн код, програмыг хаалттай байлгадаг, хүсвэл гаднаас худалдан авч ашигладаг, бүр заримдаа махчилж оролдон арай ядан сурдаг байсан. Тэгвэл одоо дэлхийн технологийн салбар нууцлалаа ил тод байлгаж, бусадтай хамтарснаар бүгд зэрэг хөгжих юм байна гэсэн хандлагатай болсон. Саяхны жишээ дурдахад, Тесла цахилгаан машиныхаа бүх бүтцийг нээлттэй болгосон. Тэгэхээр манайханд ч мөн тэдний нээлттэй байршуулсан мэдээллийг ашиглаад өөрсдийгөө хөгжүүлэх, суралцах боломж бий. Мөн Open Source-т дэлхийн хаана ч байсан өөрийн хувь нэмрээ оруулж, сайжруулалт хийх саналаа өгч, технологийн салбарынхан нэгдэн орох боломжтой зүйл юм. 

Бас нэг зүйл дурдахад, одоо хийж буй ажлаа би зайнаас буюу хүссэн үедээ дэлхийн хаанаас ч хийж болдогоороо онцлог. Gitlab компани нь нийт 42 орноос ажилладаг 450 гаруй ажилтантай. Өчигдөр TEDxUlaanbaatar-т оролцохдоо ч би мөн үүнийг дурдсан, эх газар маань далайд гарцгүй үед бидэнд газарзүйн байршлаа ашиглан дэлхийн томоохон компаниудын Ази номхон далайн бүс нутгийн төлөөлөл, үндсэн ажилтан болж зайнаас ажиллах боломж бий. Гэхдээ үүнийг зөвхөн мэдээлэл технологийн салбарынхан хийж чадах зүйл гэж эндүүрдэг. Гэвч тийм биш, бизнесийн салбар тэр дундаа маркетинг, банк санхүү, хүний нөөц, хэрэглэгчийн үйлчилгээ, орчуулагч гээд олон мэргэжилтэн хийх боломжтой. 


Эцэст нь дүгнэхэд тус чуулган нь дэлхийн олон оронд зохион байгуулагддаг энэ төрлийн томоохон арга хэмжээнүүдийн адилаар Монголын технологийн салбарын 680 гаруй мэргэжилтнүүд нэг дор чуулж, хоорондоо танилцан мэдлэг туршлагаа солилцож, салбарын хөгжлөө ярилцан, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах боломжийг олголоо.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 848 санал өгсөн байна.

Дээшээ