2019.05.06: Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН үйл явдал

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-05-06 18:00 GMT+8

Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг нэрлэж байна. 

-Татварын ерөнхий газраас Татварын багц хууль, Татварын удирдлагын нэгдсэн системийг танилцууллаа. 2018 онд 551.6 тэрбум төгрөгийн буюу улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нэгдүгээрт оржээ

Эхний арван компани дангаараа татварын нийт орлогын 41 хувийг эзэлжээ. Тэдний 8 нь уул уурхайн компаниуд байна. Нэг нь үйлдвэрлэлийн, үлдсэн нэг нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байна. Компаниудын нэрсийг энэ долоо хоногт зарлах юм байна.    

-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан цусны бүлэг тохироогүй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд анх удаа хийсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Дэлхий дээр 36 оронд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлснээс 20 гаруй хувь нь цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлсний нэг нь Монгол Улс болжээ. 

Энэ хагалгаа 12 цаг үргэлжилсэн бөгөөд 54 настай эрэгтэйд охин нь донор болжээ. Реципент болон донорын бие хэвийн, эмнэлгийн хяналтад эмчилгээгээ үргэлжлүүлж байна гэж Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Гавьяат эмч О.Сэргэлэн мэдээлэв. 

-
Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэнтэй сэтгүүлч Б.Нямдарийн хийсэн ярилцлагыг унших бол ЭНД дарна уу. Монгол Улсад Элчин сайдаар томилогдон 2019 оны хоёрдугаар сараас ажиллаж байгаа Элчин сайд Австралийн Гадаад хэрэг, худалдааны яаманд олон жил ажилласан бөгөөд хамгийн сүүлд Умард Солонгосын асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллажээ.

Мөн Вьентьян хот дахь Австралийн Элчин сайдын яаманд Дэд тэргүүн, Австралийн Хөгжлийн хөтөлбөрийн газарт Афганистан, Иракийн асуудал эрхэлсэн захирлаар ажиллаж байсан туршлагатай аж.

-Увс аймагт өчигдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд тухайн хүнээс сорьц авч лабораторийн шинжилгээнд өгчээ. Халдвар авсан байж болзошгүй хүн нь нохой зууж ирсэн тарвагыг барьсан гэж мэдэгджээ.

Тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан өчигдөр захирамж гаргаж, аймгийн төвд өнөөдрөөс эхлэн 72 цагийн хөл хорио тогтоосон байна. 

-
Монголоос үзүүлсэн найман тонн хүмүүнлэгийн тусламжийг ОХУ-ын онгоц Сирийн Хмеймим агаарын бааз уруу зөөвөрлөжээ. Сирийн хүн амын хамгийн ядуу бүлгүүдэд энэхүү тусламжийг хэдийнээ хуваарилаад эхэлсэн байна.

Энэ тухай “Сирийн ард түмэнд энэ тусламж үнэхээр хэрэгтэй” гэж зэвсэгт мөргөлдөөнд оролцогч талуудыг эвлэрүүлэх төвийн Оросын төлөөлөгч Сергей Смоленский мэдээллээ.

 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ