Байгалийн түүхийн музейд зөвлөх техникийн туслалцаа үзүүлэхийг хүслээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-05-10 14:02 GMT+8

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр БНФУ-ын Хилийн чанад дахь Француудын сенатор ноён Дамиан Ренарыг хүлээн авч уулзлаа.    

Уулзалтын эхэнд дэд сайд Г.Ганбаяр, Түүх соёлын үнэт дурсгал Парисын Дарь эхийн сүм галд автсанд гүнээ харамсаж байна. Маш сайн сэргээн засварлана гэдэгт итгэлтэй байна гээд хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны салбарт бэхжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улс 2024 онд Парист болох зуны олимпын наадамд ач холбогдол өгч,бэлтгэл ажлыг эртнээс зохион байгуулахаар ажиллаж байна. Спортын тодорхой төрлүүд дээр хамтарсан бэлтгэл хийх, багш дасгалжуулагч бэлтгэх, олимпын наадмын үеэр сайн дурын ажилтан ажиллуулахад хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.

Мөн дээд боловсролын байгууллагуудын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх, илүү ойртуулах арга хэмжээг зохион байгуулах талаар санал солилцсон юм. Монгол улсын зүгээс анагаах, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, нийгмийн салбарын үндсэн дөрвөн том сургуулийн Францын их дээд сургуультай явуулж буй хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Ялангуяа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд Францаас суралцах зүйл их бий. Тиймээс Хөдөө аж ахуйн их сургуульд бодит хэрэгцээ шаардлага байгааг дурдлаа.

Франц улсад суралцах хүсэлтэй монгол залуус олон бий. Тэд Францад суралцахын тулд сайн хэлний мэдлэгийг эх орондоо олж авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Багш нарын чадавхийг нэмэгдүүлэх, францын сайн дурын багш ажиллуулах сонирхолтой байгааг мөн уламжиллаа.

Монгол Улсын Засгийн газар Үндэсний их театр, Байгалийн түүхийн музейн шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна. Энэ ажилд уран барилгын арвин их туршлагатай Франц улс зөвлөх техникийн туслалцаа үзүүлэхийг мөн хүслээ.

Ноён Дамиан Ренар нь соёл, соёлын өв, спортын комиссын гишүүний хувьд дэд сайдын тавьсан саналуудыг сайшаан хүлээн авч буйгаа илэрхийлээд, энд яригдсан асуудлуудыг хэрэгжүүлэх талаар хичээн ажиллах болно. Холбогдох байгууллагуудтайгаа уулзаж тодорхой хариу өгөх болно гэлээ.

Эх сурвалж: БСШУСЯ

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 928 санал өгсөн байна.

Дээшээ