Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг гэр бүлийн СПОРТЛОГ найзууд

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-05-13 09:20 GMT+8

Залуу гэр бүлийн хувьд чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлнэ гэдэг хамгаас чухал. Учир нь ажлын бус цагийг хань ижил, үр хүүхэд гээд хайртай хүмүүстээ зориулах нь гэр бүлийн уур амьсгалд ч эерэг нөлөөтэй. 

Гэр бүлийн долоон хос, нийт 14-үүлээ долоо хоног бүр ямар нэгэн сонирхолтой тэмцээн, уралдаан зохиодог уламжлал тогтоожээ. Ингэснээр тэд гэр бүлээрээ чөлөөт цагийг спиртлэг бус спортлог, нөхөрсөг, эрүүл өнгөрөөж болдог гэдгийг батлаад буй юм. Тэдний төлөөлөл болгон бид Н.Эрдэнэболорыг урьж ярилцсаныг хүргэе.

-Та бүхэн хэрхэн нэгдэж, долоон гэр бүлээрээ тэмцээн уралдаан зохиож чөлөөт цагаа өнгөрөөх болсон бэ?
-Бид 2017 оноос эхлэн тэмцээн зохиож, үүнийгээ уламжлал болгосоор байна. Гэр бүлийн эздүүд бүгд миний сайн найзууд байгаа юм. Тэр дундаа их сургуулийн бакалавр болон магистрын ангийн найзууд гэх мэтээр нэгдсэн хамт олон гэж хэлж болно. Тэмцээн уралдаан зохиохдоо найзуудынхаа санаа бодлыг нь дэмжиж холбодог гол гүүр нь гэх үү дээ. (инээв)

Мөн тогтмол тэмцээн уралдаан зохион байгуулахыг өөр нэгэн ач холбогдол нь гэр бүлийн хосын үзэл бодол, нэгэн зорилго руу тэмүүлэх эрмэлзлэлийг илүү нэгтгэдэг мэт санагдсан.

-Тэмцээнүүдээ хэр тогтмол зохион байгуулдаг вэ?
-Хаврын улиралд хүмүүс их ядардаг, зун нь хөдөө, гадаад амралт зугаалга гээд явчихдаг. Тиймээс бид есдүгээр сард хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь оруулаад ажил амьдрал жигдрээд ирэх цаг буюу намар аравдугаар сараас долоо хоногт нэг удаа тэмцээнүүдээ зохиож эхэлдэг. Гэхдээ мэдээж дунд нь хэн нэг нь гадаад руу томилолтоор явах гэх мэт гэнэтийн ажлууд гардаг болохоор 2-3 долоо хоногт нэг удаа тэмцээнээ зохиосоор оны өмнөхөн шилдгээ шалгаруулдаг уламжлалтай юм. 

-Найзуудын гэр бүлийн тэмцээн зохион байгуулах санааг анх хэрхэн олж байв?
-Анх эрчүүдийн нөхөрлөлөөс л үүдсэн юм. Нэг ижил хоббитой хүмүүс хамтдаа сагсан бөмбөг, биллиард тоглоод эсвэл усанд сэлэх боломжтой. Тэгтэл өөр өөр хобби, сонирхолтой хүмүүс нийлэхээрээ шар айраг уунгаа чаддагаар нь хөзөр тоглоод сууна шүү дээ. Харин эхнэрүүд мэдээж энэ байдалд юу гэж үргэлж дуртай байх вэ дээ. Тиймээс нөхөрлөлөө урт удаан хадгалахын тулд  эхнэрүүдээ хүрээлэлдээ нэгтгэсэн. Ингэснээр эхнэрүүд маань биднийг ойлгох, цаашлаад бидэнд итгэх итгэл нь ч нэмэгдэж байгаа юм. Тэгтэл хааяа нэг уулздаг бид зуслан дээрээ мах шарж идээд, хөзөр тоглоод гэх мэтээр нэг л зүйлээ давтаад байдаг байсан.

Тиймээс “Хэдүүлээ хааяа нэг тохиох уулзалтаа үр бүтээлтэй өнгөрүүлж байя” гэхэд нөгөө хэд маань ч дэмжсэн. Энэ нөхөрлөлийг бат бөх, удаан үргэлжлүүлэхийн тулд шинэ зүйлсийг хамтдаа туршиж хийж байя гэж бодсон. Нэг нь сайн чаддаг байсан ч нөгөөдүүл нь сурч болохоор шинийг эрэлхийлсэн зүйлс хийхээр шийдсэн нь гэр бүлийн цуврал тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулах эхлэлийг тавьсан юм. 

Мэдээж тэмцээн гэдэг зүйл өөрөө өрсөлдөөний үйл явц, аливаа өрсөлдөөнд хүн өөрөө хөгжиж байдаг шүү дээ. Тиймээс эхнэрүүд маань ч уулзахаараа зүгээр нэг яриад суух бус хоорондоо өрсөлдөж бие биеэ улам мэдэж, дотно болох давуу талтай. Нэг үгээр энэхүү нөхөрлөлөө насан туршдаа авч явахын тулд хийж байгаа зүйл маань, магадгүй бидний үр хүүхэд ч уламжлаад аваад яваасай гэж хүсдэг. 

-Голдуу ямар төрлийн тэмцээн уралдаан зохиодог вэ?
-Үүнийг тэмцээн гэхээсээ илүүтэй гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй, эрүүл хэв маягаар өнгөрөөж байгаа нөхөрсөг арга хэмжээ гэж нэрлэмээр санагддаг. Бидний хоёр жилийн хугацаанд зохион байгуулсан тэмцээнүүд унадаг дугуйн уралдаан, сагсан бөмбөг, ширээний теннис, пүүл биллиард, дартс, боулинг, снүүкбол, мини соккер, буудлага, буухиа хөгжөөнт тэмцээн, мөсний шагай, ханын авиралт, мөсөн дээрх олс таталт, Монгол ардын уламжлалт тоглоом, наадгай зэргийг дурдаж болно. Энэ хугацаанд бидний зохион байгуулсан тэмцээн огт давтагдаж байгаагүй юм. 

1 | 12 фото
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
 

Бид гэр бүлийн нөхөрлөлийг эрүүл, хамтдаа өнгөрүүлэх цагийг үр бүтээлтэй байлгах үүднээс энэхүү уламжлалт тэмцээн уралдааныг зохиодог. 

-Тэмцээн нь шагналын сантай юу?
-Тэмцээний эцсийн дүнд айл тус бүрээс цуглуулсан 100-150 мянган төгрөг, өргөмжлөл, шилжин явах цомын хамт гардуулдаг. Мөн зохион байгуулж байгаа тэмцээн тус бүрт шагналын сантай, зохион байгуулж байгаа айл нь шагналаа бэлддэг. Шагналын хэмжигдэх мөнгөн дүнг тогтоож өгсөн, багахан хэмжээний мөнгө л зарцуулна. Огт шагналын сангүй байвал тэмцээн бас тийм ч өрсөлдөөнтэй, сонирхолтой болохгүй шүү дээ. 

-Та бүхэн жилийн эцсээр шилдэг багаа ч шалгаруулаад шинэ жилээ ч хамт тэмдэглэчихдэг байх нь ээ?
-Бид 2015 оноос хойш хамтдаа шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж, дөрөв дэх жилээ үдлээ. Энэ үеэр бид тухайн жилд хийсэн бүтээсэн ажил, тэмцээн, аялал, амжилт бүтээлээ хамтдаа дүгнэдэг. 

-Яг нэг өдөр тэмцээнээ зохиоход хэн нэгний гэр бүл хүүхэд харах хүнгүй болчих ч юм уу тохиолдол гарахгүй юу?
-Бид 1975-1989 оны залуус. Арай ах найзуудын маань том хүүхдүүд дүү нараа харах хэмжээний болчихсон. Гэтэл зарим нь жаахан хүүхэдтэй болохоор яах аргагүй түр харах хүн гуйна. Бүр хүн олдохгүй бол “Манай хоёрыг түр хараад өгөөч” гээд найз нөхдөө ч гуйх тохиолдол хааяа гарна. Бидний үйл ажиллагааг эргэн тойронд хүрээлж байгаа найз нөхөд, ээж аав маань маш их дэмждэг. Хадам аав маань “За яасан, та хоёр минь түрүүлсэн үү” гээд угтдаг байж билээ. Гэр бүлийнхэн маань их дэмждэг болохоор хүүхэд харах асуудал харин бага байдаг шүү. (инээв)

-Янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс байдаг байх. Тэдний дунд спортын хүн байгаа юу?
-Бидний дунд спортын хүн нэг ч байхгүй. Нягтлан бодогч, инженер, эдийн засагч, эмч, багш, автын механикч, менежер, маркетер, орчуулагч гэх мэт мэргэжилтэй олон салбарын хүмүүс бий. 

-Өнөөгийн залуу гэр бүлүүдийн дунд бүгд биш ч, нөхөр нь PUBG тоглоод, эхнэр нь гар утсаараа сошиал орчинд хов жив сонирхож цагийг дэмий үрэх дүр зураг ажиглагдах болсон. Эсвэл найз нөхдөөрөө уулзахаараа ууж дарвидаг. Тэгтэл та бүхний энэхүү зүйл маш гэгээлэг, залуус хэрэгжүүлмээр сайхан санаа шиг санагдлаа.
-Амьдрал өөрөө маш баялаг шүү дээ. Зөвхөн гэр бүл, ажил төрөл, бизнесээс гадна хүний амьдралд хүрээлэл буюу нөхөрлөл байх ёстой гэж боддог. Ажлын хамт олон, ангийн найз нөхөд байдаг шиг гэр бүлийн найз нөхдийн хүрээлэл байх хэрэгтэй мэт санагддаг. Бид гэр бүлийн нөхөрлөлийг эрүүл, хамтдаа өнгөрүүлэх цагийг үр бүтээлтэй байлгах үүднээс энэхүү уламжлалт тэмцээн уралдааныг зохиодог. 

Мөн үүний өөр нэгэн ач холбогдол нь гэр бүлийн хосын үзэл бодол, нэгэн зорилго руу тэмүүлэх эрмэлзлэлийг илүү нэгтгэдэг мэт санагдсан. Түүнээс гадна гэр бүлийн уур амьсгалыг ч эерэг сайхан болгоно, бидний нөхөрлөл ч тэр хэмжээгээр бат бөх болж байна гэсэн үг. Бидний дунд PUBG огт тоглож үзээгүй хүн надаас авахуулаад бий. Мөн бид тэмцээн уралдаанаас гадна гэр бүлийн найзуудын хүрээнд “Алдарт эцгийн одон”-г санаачлан нэгэндээ гардуулсан.

-Алдарт эцгийн одон гэхээр та бүхэн дөрвөн хүүхэдтэй нэгэндээ өгсөн гэсэн үг үү?
-Тийм. Ээжүүдэд маань улсаас “Алдарт эхийн одон”-г олгодог, ямар ч танил тал арын хаалгагүй одон хэмээгддэг шүү дээ. Тэгтэл аавуудад байдаггүй. (инээв) Тиймээс бид дөрвөн хүүхэдтэй найздаа “Алдарт эцгийн одон” захиалж хийлгүүлэн өгсөн.

Мэдээж “Алдарт эхийн одон”-той хэзээ ч дүйцэхгүй ч гэр бүлийн найзуудын дунд зохион байгуулсан, нэгэндээ дурсамж нэмж, урамшуулж байгаа л зүйл юм. Шалгуурыг шударга, бага бага зэрэг марзан байлгах үүднээс одоо хамт амьдарч байгаа эхнэр тэр хоёрын дундаас төрсөн дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй аавд уг одонг олгоно гэх мэт заасан. Аз болоход бид бүгд урд өмнө нь амьдрал зохиож байгаагүй, анхныхаа зохиосон гэр бүлээрээ бат бөх амьдарцгааж байна. Зарим нь ирэх жил мөнгөн хуримаа хийх талаар ярьж эхэлсэн. 

Дараа нь АХА зохион байгуулна. Гэхдээ тодорхой хэдэн ном сонгоод яг тухайн номонд дурдагдаж буй утга агуулгаар асуултаа бэлтгэнэ. Энэ нь эргээд бидэнд ч үлдэцтэй, мэдлэгээ тэлсэн зүйл болох болно.

-Та хэд маань үр хүүхдүүдээ тоолбол нийт хэдүүлээ вэ?
-Бид 28-уулаа. Заримдаа гэмтэж бэртэхээргүй, аюулгүй тэмцээн уралдаан дээрээ хүүхдүүдээ дагуулж ирэн хамтдаа бужигнадаг юм. 

-Найзуудаараа зохион байгуулж буй олон тэмцээн уралдааны дунд хөгжилтэй явдлууд гардаг л байх. 

-Тэгэлгүй яах вэ. Нэг удаа бид мини соккер /ширээний хөлбөмбөг/-ийн тэмцээн зохион байгуулсан. Манайхны нэг гэр бүлийн эхнэр нь нөхрөө хааяа шүүмжилнэ л дээ. Тэгээд нөхөр нь бага зэрэг удаан хөдөлгөөнтэй хүн, хаалгач хийгээд тоглож байтал гоол нэлээн алдаад байсан юм л даа. Тэгтэл эхнэр нь шүдээ зуун инээмсэглэнгээ “Сүхээ, наад зүүн гар чинь...” гээд уурлаж чадахгүй хэлснийг хараад бид бөөн инээдэм болж билээ. Одоо ч тэр найзыгаа “Сүхээ, наад зүүн гар чинь...” гэж бид цаашлуулдаг юм. 

1 | 3 фото
1
1
1
 

-Хааяа тэмцээн ширүүхэн болох, шартай нөхөд уурлах үе гарах уу? 
Тийм тохиолдол хааяа байдаг. Нэгэндээ гомдоод тэмцээнээ үргэлжлүүлэхгүй "Манайх ингээд хожигдлоо, ингэж гоё өгч байхад авсангүй, чи албаар алдаад байгаа юм уу" гэх мэтээр хөгжилтэйгөөр шаралхах үе хааяа гардаг л юм.

-Дараагийн тэмцээндээ юу төлөвлөж байна вэ?
-Бид урьд нь зохиосон тэмцээнтэй давхцуулахгүйгээр байт харваа, талбайн теннис, усанд сэлэлт гэх мэт биеийн жин, хүчний ялгаа гарахгүй тэмцээн төлөвлөхөөр зөвшилцсөн. Мөн АХА зохион байгуулна. Гэхдээ тодорхой хэдэн ном сонгоод яг тухайн номонд дурдагдаж буй утга агуулгаар асуултаа бэлтгэнэ. Тэр дундаа байгаль орчин, нийгэм, газар зүй гэх мэт сэдвийн хүрээнд тодорхой хугацаатайгаар ном уншина. Энэ нь эргээд бидэнд ч үлдэцтэй, мэдлэгээ тэлсэн зүйл болох байх.

-Ярилцсанд баярлалаа. Та бүгдийн гэр бүлд аз жаргал хүсье. 
-Баярлалаа. Та бүхний ажил үйлс өөдрөг, амьдрал сайн сайхан байх болтугай.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ