Сумын заануудын барилдааны топ 10

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-05-13 17:15 GMT+8

Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн 84 дэх удаагийн барилдаан өнгөрсөн бямба гарагт МБӨ-нд болж өнгөрөв. 448 бөхөөс Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат сумын заан Хүрэлбаатарын Очирхуяг түрүүлж, Баянхонгор аймгийн Жаргалан сумын харьяат сумын заан Энхтайваны Совджамц үзүүр булаав. Тус барилдааны топ арвыг онцолж байна.

  1. Э.Мөнх-Эрдэнэ-Ц.Бямба-Отгон. Увсын залуу даагаа сайхан нэхлээ. Өмнө нь хоёр удаа таарахад Ц.Бямба-Отгон нь давж байсан юм. Энэ удаа Увсын залуу алсын сүвээний барьцнаас шахаж татан давлаа.
  2. Д.Алтанцоож-У.Мөнхтулга. Д.Алтанцоожийг түрүүлэх болов уу гэж хүн бүр л таамаг дэвшүүлдэг. Гахай жилд тэр сумын заанд түрүүлж чадаагүй л явна. Энэ удаа Увсын У.Мөнхтулгад их шөвөгт солгой хутгуулж унав. Увс аймгийн Хяргас сумаас дараалан их шөвөг тодорч байна.
  3. Э.Мөнх-Эрдэнэ-Х.Очирхуяг. Түрүү бөхийн бараг хамгийн чухал даваа. Э.Мөнх-Эрдэнэ шиг өнгөлөг бөх байсангүй. Гэхдээ л аргагүй наймын даваанд түрүү бөхийн хийморьт сөхрөв.
  4. Д.Алтанцоож-Б.Өсөхбаяр. Өмнөх сарын түрүү бөх Б.Өсөхбаяр зааныг зургаагийн даваанд Хэнтийн Д.Алтанцоож аваад зүүн сугадаж хавирдаг дархан мэхээрээ давлаа.
  5. Б.Батбаян-Х.Очирхуяг. Гуравдугаар сарын түрүү бөх Б.Батбаян дөрвийн оноолтод А.Нармандахыг мулталж гарч ирсэн. Зургаагийн даваанд гурав дээр босч ам авахдаа Х.Очирхуягийг амлав. Түрүү бөхийн зүүн мордох мэхэнд унажээ.
  6. Б.Даваадалай-Х.Очирхуяг. Түрүү бөхийн нэгэн чухал даваа нь энэ байв. Болдын Даваадалай заан түрүү бөхийн дунгуйлдах мэхэнд уналаа. Өнөө жил Б.Даваадалай завсаргүй шөвгөрч байна.
  7. Ө.Батсуурь-О.Баярбаасан. Архангайн хоёр сайн сумын заан тав дээр тунав. Ө.Батсуурь нь хөнгөхөн суйлчихлаа. Давсан бөх зургаагийн даваанд Э.Мөнх-Эрдэнэтай тунаж унав.
  8. Э.Совджамц-Б.Гансүх. Хоёр тэргүүлэгч биесээ амлав. Зургаагийн даваанд энэ хоёрын давсан нь долоогийн даваанд гоцлож, их шөвөгт үлдэх нь тодорхой байлаа. Э.Совджамц зүүн этэж давснаар үзүүр булаах замаа заслаа.
  9. Б.Батбаян-А.Нармандах. Дөрвийн давааны хамгийн онцлох барилдаан. Өмнөх барилдааны их шөвөг, гуравдугаар сарын түрүү бөхчүүд дөрвийн оноолтод цолны эрэмбээр таарав. Б.Батбаян хаялцах барьцан дээрээс мордож хаяжээ.
  10. Э.Мөнх-Эрдэнэ-Ө.Батсуурь. Зургаагийн давааны тунаа. Ө.Батсуурь өмнөх даваануудаа тун шуурхай шийдэж байсан бол зургаагийн даваанд Эрдэнэбатын Мөнх-Эрдэнийн шахаж татаанд хариултгүй уналаа.
GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 846 санал өгсөн байна.

Дээшээ