Б.Дашдондог

“The Hu” хамтлагийн продюсер, Монгол Улсын Гавьяат жүжигчин
Б.Дашдондог: Бидэнд Монгол Улсаа, түүх соёлоо гадаад ертөнцөд сурталчлах зорилго бий

2019.05.15 

Yuve Yuve”, ”Wolf Totem
хэмээх хоёр бүтээлээ YouTube-д гаргаснаас хойш 8-9-хөн сарын хугацаанд нийт 27 сая гаруй хандалт авсан, бусад хөгжмийн хуудсуудыг оруулбал 70 гаруй саяын үзэлт, хандалт авч дэлхийн рокеруудын сонорт хэдийнэ хүрч, таашаалд нийцсэн “The Hu” хамтлагийн продюсер, Монгол Улсын Гавьяат жүжигчин Баярмагнайн Дашдондогийг “GoGo Cafe”-ны зочноор урилаа.

Тавдугаар сарын 23-24-нд “Гэрэг” нэртэй анхны бие даасан концертоо эх орондоо тоглож, Европын орнуудад хийх анхны аялан тоглолтынхоо салхийг хагалах гэж буй “The Hu”. Монгол залуусыг Герман, Францын 65 мянга, 100 мянган үзэгчийн багтаамжтай стадионууд хүлээж байна. Энэ бол Том хариуцлага, Том сорилт, Тэднийг дэлхий хэрхэн угтахыг харах нь монгол түмний хувьд маш сонирхолтой хүлээлт, бахархал юм.

-Хүннү рок төсөл Таны найман жилийн судалгаа, хөдөлмөрийн үр дүн гэж сонссон. Таны хийсэн уран бүтээлүүд дотроос хамгийн том тэсрэлт боллоо гэж харж байна? 

-Тийм ээ, найман жил хөдөлмөрлөсний л үр дүн гарч байх даа /инээв/. Аавыгаа өнгөрснөөс хойш би аавдаа, өвөг дээдэстээ зориулж нэг дуу хийхсэн гэж удаан бодож явсан. Миний санаанд нийтийн дууны ая, нэг поп дууны ая орж ирээд байсан. Би нэг хэсэг аавын нутаг руу ойр ойрхон явсан. Ховд аймгийн Чандмань суманд нэг уулын оройд сууж байхдаа “Чандмань гэдэг чинь хөөмий, хархирааны өлгий нутаг шүү дээ гэсэн бодол толгойд гэнэт  орсон. Би яагаад тэс өөр юм бодоод яваад байгаа юм бэ? Аавын нутгийн тэр сайхан хөөмий, хархираа байхад энүүгээр нь хийморьлог, нэг сайхан дуу хийе л дээ” гэж бодсон. Цаад утгаараа өвөг дээдэстээ, аавдаа зориулсан бүтээл юм. Үүнээс хойш л шимтэн судалж эхэлсэн хэрэг л дээ. 

Би хөөмий, хархирааг судалж, энэ талын уран бүтээл хийж байсан биш. Поп стиль, жанраар дуулдаг, дууны ая зохиодог хүнд гэнэт ийм бүтээлийн санаа ороод ирэхэд судалгаан дээр л үндэслэхгүй бол болохгүй гэдгээ ойлгосон. Удаан судалсан, монгол туургатан орнуудын бүтээлүүдийг, тэдний шинээр гаргаж буй жанр стилүүдийг хайж судалсан, сонссон. Судлаад үзэхэд бидний гаргаад ирсэн, анх олж харсан тэр зүйл арай өөр гэдгийг ойлгосон. Тэгээд л үүнийгээ барьж аваад, яг л ийм байх ёстой гэдэг дээр тулгуурлаад ажилласан даа. 

-Яагаад Хүннү рок стиль гэж нэрлэх болов оо. Монгол рок, Чингис рок гэх мэтээр нэрлэж болоогүй юм уу? 

-Яагаад гэвэл товшуур хөгжим Хүннү гүрний үед үүссэн гэдэг. Товшуур хөгжмөөс хойш хэдэн зууны дараа ч юм семчок буюу нум гарч ирснээр хуур хөгжим бий болсон. Хуур хөгжим хөгжлийнхөө явцад морин толгой, морины дэл сүүлээр нь чавхдас хийх зэргээр баяжиж, Их Монгол Улсын үед Чингис хаан хуур хөгжмийг Монгол төрийн гол хөгжим хэмээн зарласан байдаг. Тэгэхээр товшуур хөгжим хуурын эх, эцэг нь юм байна. Тиймээс л Хүннү рок гэж нэрлэхээр шийдсэн. Хүннүгийн үеийн хоёр чавхдаст товшуур хөгжмийн гол хөг нь кварт ба квинт хөг байсан гэж бодож байна. Кварт Квинт хөг чинь дэлхийд одоо тоглоод байгаа рок хөгжмийн гол хоёр хөг нь шүү дээ.

Рокууд цахилгаан гитарын доод хоёр утсан дээр л гол төлөв тоглодог. Гэтэл энэ хоёр хөгөөр аль Хүннү гүрний үед бидний өвөг дээдэс тоглож байжээ. Тэгэхээрээ хэзээнээсээ урлаг бол аливаа улс гүрний сүр, сүнс нь болж таарах нь ээ. Яах вэ, түүхийн ээдрээ будилаантай он цагийн уртад монголчууд Манжид эзлэгдэж, гаднын шашин соёлын шинэ шинж чанарууд орж, өнгө зүс, дуугаралт нь хувирсаар ирсэн. Хүрээ дуунууд ноёлж, хувцас хунар нь хүртэл өөрчлөгдөөд монголчуудын хийморь сүлд уруудаж доройтсон. 

Youtube дээр “The Hu” хамтлагийн дуунуудыг үзэж буй тоо эрчимтэй нэмэгдсээр байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт  “Yuve Yuve Yu” дууг 15.4 сая үзэлттэй  байсан бол өнөө өглөө хандалт 15.988.577 буюу бараг 16 саяд хүрчээ. 

Домогт Элвис Пресли, Битлз-ээр төлөөлүүлэн яригддаг дэлхийн рок хөгжмийн босго өндөр. Энэ босгыг давах гэж хэдэн зуун рок хамтлаг бүтээлээ туурвисаар байгаа ч хүссэн амжилтдаа хүрч чаддаггүй. Гэтэл Азийн цээжин дэх 3.2-хон сая хүн амтай Монгол Улсын хамтлаг 7-8 сарын дотор 27 сая үзэлт, хандалт авсан нь чамлахааргүй амжилт. “The Hu” хамтлагийн стиль, уран бүтээлийн өвөрмөц  чанарууд нь гаднынхны анхаарлыг зүй ёсоор татаж эхлээд буй юм.

Yuve Yuve Yu дууны тухайд л хэлэхэд  үзэж, сонсогчдын сэтгэгдэл 24 мянга давсан бөгөөд рок хөгжим сонирхогчид энэ хамтлаг “Рок хөгжмийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байна” гэсэн утга агуулга бүхий сэтгэгдэл олон зуугаараа байсан нь анхаарал татлаа. Дууны клипийг “А зэрэглэлийн кино зураг авалтын хэмжээний бүтээл болжээ” хэмээн үнэлсэн байх нь зөвхөн хамтлагийн уран бүтээлчдэд төдийгүй монгол түмний сэтгэл сэргээж, урам өгсөн сайхан үгс. “The Hu”-гийн бүтээлүүд Монголын нэрийн хуудас, гадаад сурталчилгаа болоод эхэлсэн нь илэрхий бөгөөд “Энэ бүтээлүүдийг үзээд Монгол орноор аялахаар шийдлээ” гэсэн сэтгэгдлүүд ч цөөнгүй байсан нь эрхгүй анхаарал татав.  

Хүннү рок-ийг бид тулгах цаг нь биш. Харин “The Hu” хамтлагийг санал болгож байна 

-Хүннү рок гэж Таны нэрлэсэн шинэ урсгалыг гаднын хөгжмийн мэргэжилтнүүд хэрхэн дүгнэж байгаа бол? 

-Хүннү рок-ийг бид тулгахгүй, зүгээр гаргаад тавьчихна. Харин “The Hu” хамтлагийг санал болгож байгаа. Хөгжмийн боловсролтой хэсэг бүлэг хүн “Энэ бол Хүннү рок мөн юм байна” гэх мэтээр дүгнэх боломжгүй л дээ. Ер нь аливаа урсгал жанр гарч ирсэн түүхийг харахад тэр урсгал жанрыг сонирхох, тоглох хамтлаг олшрох тусам, хүрээлэл нь ихсэх тусам сая стиль болж хувирдаг жамтай. Тэгэхээр энд цаг хугацаа хэрэгтэй. Олон улсад “The Hu”-г энэ бол метал рок, хард рок, эсвэл шаман рок гээд л янз бүрээр ярьж, бичиж байна.

Хүннү рок гэж хүлээн зөвшөөрөх өдөр ирнэ гэж би боддог. Хүннү рокийг сонирхох, тоглох залуучуудын тоо нэмэгдэнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Энэ нь өөрөө хэрэгтэй. Хүннү рок урсгал биеллээ олж, энэ урсгалыг сонирхож тоглодог хүний тоо нэмэгдэх тусам хуур хөгжмийг үйлдвэрлэж эхэлнэ. Манай үндэсний хөгжим үнэ цэнэтэй болно. Европчууд гитараа яагаад 2-3 мянга, 10-20 мянган доллараар үнэлээд, бид тэндээс нь худалдаж аваад тоглоод байна вэ? 

-Гитар хөгжмийг тоглогч, сонирхогчид дэлхий дээр олон учраас тэр байх л даа. 

-Тэгвэл монголчууд бид яагаад морин хуур хөгжмөө маш гоёор урлаад 10-20 мянган доллараар зарж болохгүй гэж, мөнгөлөөд хийе л дээ яадаг юм. Мөнгөлсөн гитар гэж байхгүй шүү дээ. Үндэсний хөгжмийнхөө өнгө хийцийг хачин гоё болгоод, дуугаралтыг нь тансаг гаргаж, төгс хэмжээнд нь авчирвал худалдаж авах зах зээл байгаа гэж би хардаг. Энийг дагаад үйлдвэрлэл хөгжинэ. Хөөмий хархираагийн сургалтууд олон болно. Хувцас, эдлэл хэрэглэлүүдийн борлуулалт нэмэгдэнэ, гол нь чанартай байх ёстой. Гэхдээ бас бодлого хэрэгтэй. Юугаа заах вэ, бүх зүйлээ дэлгэж тавьж болохгүй, авч үлдэх хэрэгтэй.

Бидэнд өөрийн гэсэн үнэт зүйл байх хэрэгтэй. Мөнгө олохын төлөө байгаа бүхнээ тавиад туучихаж болохгүй. Энэ чинь бидний цаашид авч явах олон жилийн бизнес шүү дээ. Хятадууд будаатай шаазан аяганыхаа ноу-хауг одоо хүртэл хадгалдаг. Тэгэхээр хамгийн сайн шаазанг Хятадаас авахаас өөр аргагүй болдог. Ийм л юм. Энийгээ дагаад Монгол руу зорьж ирэх жуулчдын тоо өснө, зочид буудал, зоогийн газруудын орлого нэмэгдэнэ. Ховдын Чандманьд үндэсний урлагаар сургалт явуулдаг том ордон баригдана, сайн багш нар нь тэндээ байдаг. Хөөмий, хархираа сурахаар хүмүүс тийшээ явна. Онгоцоор нисэцгээнэ, энэ чинь Монголд үлдэх орлого шүү дээ. 

-“Yuve Yuve”, ”Wolf Totem” бол Эзэн Чингис хаан, эх түүхээрээ омгорхсон дуунууд. “Хар сүлд сэр сэр, Хаан төр мөнх манд” гээд л дуулж байна. Цаашид ямар сэдэв барьж уран бүтээлүүдээ туурвих вэ? 

-Эхний дуунуудынхаа сэдвийг зориуд ингэж сонгосон. Монголчууд Хүннү гүрнээс үүдэлтэй баатарлаг түүх, цог золбоогоороо бахархах учиртай, зовхи нь өөдөө ард түмэн. Монголынхоо урлаг, өвөг дээдсийнхээ үндэсний хөгжмийг дэлхийд таниулах, сурталчлах, юу хийж бүтээснийг ойлгуулах нь бидний эхний зорилго. Ирээдүйдээ Монголын эдийн засагт эерэг нөлөө авчрах, Монголын хүүхэд залуус үндэсний хөгжмөөрөө олноороо тоглодог болоосой гээд яривал их зүйл бий. Зүгээр нэг дэлхийд танигдах, мөнгө төгрөг олох төдий биш. Эхний бүтээлүүд маань сайн явж байна. Үүгээрээ бид Монгол орноо дэлхийд сурталчилна. "Yuve Yuve" дууны тухайд, Монголын өнөө цаг үе ороо бусгаа, байгалийн баялаг руугаа дайрсан, улстөрчид нь төрөөс хулгай хийдэг, хүмүүс нь мөнгө олохын төлөө улайран зүтгэх, гаднын зүйлсийг хэт их шүтсэн энэ цаг үедээ л шүүмжлэлтэй хандсан юм.

Нэг л их “би би” гэж цээжээ дэлдсэн, шүүмжилсэн, чанга дуугарсан, газар шороогоо ухсан хүмүүс байна шүү дээ. Би өөрөө ч энэ нийгмийн л бүтээгдэхүүн учир надад ч хамаатай асуудал. “Энэ чинь юу болж байна аа. Монгол түмэн яагаад ийм уруу дорой болчихов, Юу вэ, Юу вэ?” гэж монголчуудаа сэрээх, сэргээх гэж л бичсэн дуу шүү дээ. Дуугаа гаргалаа, нийгэм хүлээж авсан эсэх нь мэдэгдэхгүй байсан. Тэгэхээр нь YouTube-д тавьчихсан чинь дэлхий нийтээр сонсоод эхэллээ. Монголынхоо нийгмийг өөрчлөх, сэрээх, сэргээх гэж  туурвисан бүтээл минь дэлхийд гараад явчихлаа. Цаашдаа дэлхий нийт рүү хандсан уран бүтээлүүд хийхийг зорьж байна. Эцэг, эхийнхээ ачаар хүн болчихоод, тэднийгээ орхиод ор сураггүй явцгаадаг нь хүний ёс мөн үү гэх мэтээр хөндөх, бүтээлүүддээ тусгах сэдвүүд бий.

Манай хэд “Цогт Хунтайжийн үг, Дашдондогийн ая “Агаар нэгэн буй…”” гээд шоглоод байгаа

-Дуунуудын сэдэв нь эх орон, эх түүхээрээ бахархсан үг хэллэг, өнгө аястай юм. Хэт туйлширсан мэт ийм бүтээлүүд гадаад зах зээлд хэр зэрэг хүрэх бол? 

-Бидэнд Монгол Улс, түүх соёлоо гадаад ертөнцөд сурталчлах зорилго байна. “Гэрэг” нэртэй анхны цомгийн дуунууд бүгд эх орон, эцэг өвгөдийн түүхээрээ бахархсан агуулгатай. Түүхийн талаас нь маш их судалсан, зөвлөгөө авдаг түүхч найзуудтай. Тэдэнтэйгээ олон хоногийг хамт өнгөрүүлсэн дээ. Бас давхар уншина, сууна, би өөрийгөө байнга хөгжүүлдэг л дээ. Рок хөгжмийн үүсэл нь бидний өвөг дээдэс Хүннү гүрнээс үүдэлтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэсэн ч маш сайн нягтлах ёстой. Судалгаанд багагүй цаг зарцуулсан даа. Хүннү судлаач Хишгээ гэж залуу бий. Өөрөө калиграп бичээч, зураач хүн, Хишгээтэйгээ ойрхон ажилласан даа. Хүннү рок урсгалын эмблем, Хү хамтлагийн эмблем үндсэн өнгө төрхүүдийг Хишгээтэйгээ л хамтарч гаргасан даа.

-Танай хамтлагийн анхны концерт, анхны цомгийн нэр нь "Гэрэг".  Яагаад энэ нэрийг сонгох болов?

-Бидний өвөг дээдэс дэлхийн түүхэнд олон шинэчлэлийг бий болгосон нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг даа. Монголчууд дэлхийн анхны цаасан мөнгийг гаргасан. Гэрэг бол дэлхийн түүхэнд анхны дипломат паспорт. Торгоны замаар жин тээж яваа худалдаачдыг дээрэм тонуулд өртөхгүй, саадгүй явах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Мөн захиа, зарыг өртөө улаачаар хүргүүлдэг байсан нь дэлхийн анхны шуудан холбоо шүү дээ. Дэлхийн анхны хууль цаазат ёс буюу төрт улсыг байгуулсан гээд яривал даяарчлалыг дэлхийд хамгийн анх бидний өвөг дээдэс бий болгожээ. Энэ түүхийг бид уран бүтээлдээ магтан дуулж, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх ёстой юм. Бидний урын санд "Гэрэг" гэж дуу бий. “Гэрэг” цомог маань аль хэдийнэ бэлэн болсон. Цомгийн нээлт удахгүй болно. Цомог, пянз болоод гарахад нь хүмүүс сонсох биз дээ, гоё уран бүтээлүүд бий.
“….Дээр тэнгэр хааны аху хийгээд
Дэлхий дахь хан богдсан аху газар
Дээр дорын ялгал болвоос 
Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй...” гэж Цогтын хадны бичгээр дуу бүтээсэн. Манай хэд “Цогт хунтайжийн үг, Дашдондогийн ая “Агаар нэгэн буй…”” гээд шоглоод байгаа. Бас сонин л юм. Эртний хаад, тайз гээд түүхэн хүмүүсийн гэрээсэлсэн үг өнөө хэр нь ач холбогдол, үнэ цэнээ алдаагүй байна. Энэ дууг нэг тоглоод л манай хамтлагийн залуус өөрсдөө хямардаг, тийм нөлөөтэй хүчтэй бүтээл болсон. Студид тоглохыг сонссон хүн ч “Асар их зүйл” бодогдож байна. Энэ хорвоод яах гэж ирсэн, яаж амьдрах ёстой юм гэдгийг сануулаад байна гэж нэг бус хүн хэлсэн шүү. 

-“The Hu” хамтлагийн Youtube-д нийтэлсэн эхний хоёр дуу өнөөдрийн байдлаар 27 сая хандалт аваад байна? 

-Youtube-ээс гадна itunes зэрэг хөгжмийн цахим сувгуудын хандалтыг оруулахад 70-аад сая хандалт авсан. Бид Европын орнуудад хийх тайлан тоглолтоо Германы Берлин, Нюрнбергээс эхэлнэ. Францын SAMA рок, Английн Download зэрэг фестивалиудад оролцоно. 65 мянга,  100 мянган хүний багтаамжтай стадионуудад тоглох гэж байна. Европын хэд хэдэн оронд бид бие даасан тоглолтоо хийнэ. Тухайлбал, Англид 500 хүний суудалтай танхимд бүрэн хэмжээний концерт хийхээр төлөвлөөд байсан ч билет нь дамлан зарагдсан, үзэх хүний тоо их байгаа учир концертийн танхимаа томруулах зэргээр өөрчилж байна. 

-Энд зөвхөн сайн уран бүтээлээс гадна маш чамбай маркетинг хийж байх шиг харагддаг. Гаднын ямар компаниудтай хамтарч ажиллаж байна вэ? 

-Анх бол үнэндээ өөрөө л гардаж ажилласан. Одоо Америкийн "ElevenSevenMusic" label-тэй хамтарч ажиллаж байна. Энэ бол маркетинг, интернэт мэдээлэл, тасалбар борлуулалт, цомог пянз гаргахаас эхлээд маш олон төрлийн үйл ажиллагаатай том агентлаг л даа. Миний хувьд уран бүтээлийнхээ талаас анхнаас нь судалсан, яг ямар байх бүх төлөвлөлтийг хийж, төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. Эхний зүйлийг өөрөө гардаж хийхээс аргагүй байна. Хөгжмийн найруулга дээр ч өөрөө л сууж байна. Хөгжмийн сонголт, ямар хэмнэл явах ёстой юм гэдгээс эхлээд бүгдийг бодож ургуулж, төлөвлөсөн учир өөрөө л хийхээс аргагүй болж байна.

Дууныхаа үг, аяыг нь зохиохоос эхлээд яаж дуулах арга барилыг нь хүртэл зааж өгдөг. Ямар хэв шинж, ямар хуурын дуугаралтуудыг оруулах юм, тэгээд клипээ ч бодно. Маркетинг менежмент ч ялгаагүй, өөрөө л хариуцаж байна даа. Одоо эхнээсээ хүмүүс оролцож байгаа, цаашдаа эд нар маань суралцах байх, яг миний бодож байгаа шиг сэтгэх хүртэл нь цуг явна, тэр үед л санаа амрах байх. 

Сүнслэг байдал, рок, хийморьлог шинж чанар бол “The Hu”-гийн гол ялгарал

-Монголын хамтлаг анх удаа дэлхийн супер оддын тоглодог танхимуудад тоглох гэж байна. Та бүхэн бэлэн үү? 

-Яг энэ асуултыг Америкийн Үндэсний радиогийн сэтгүүлч надад тавьсан. Би бэлэн гэж хариулсан. Одоо цаг хугацаа дөхлөө, явцгаана даа. 

-Та хамтлагийн гишүүдийг нэг жил гаруйн хугацаанд хайж бүрдүүлсэн гэсэн? 

-Тийм ээ, үндэсний хөгжим тоглодог залуус олон ч тэндээс шүүж авах амаргүй байсан. 

-Яг бодсон, хайсан залуусаа олж чадсан уу? 

-Олсон гэж бодож байна. Хамтлаг маань аянга хуурч Галбадрах, гал хуурч Энхсайхан, товшуур хөгжимчин Тэмүүлэн, цуур болон төмөр хуурч Нямжанцан гэж дөрвөн залуугийн бүрэлдэхүүнтэй. Мэдээж дөрвүүлээ хархирна, хөөмийлнэ.  Бид нар гаднынхнаас юугаараа ялгарах вэ? Хархираа, хөөмий, шахаа, хуур болон цуур, хуур, товшуур хөгжим зөвхөн монгол хүмүүст бий, бидний өв соёл шүү дээ. Тиймээс бид үүцээ задалж байна, үүгээрээ л бид ялгарна. Монгол хүмүүс үндэсний өв соёлоо мэдэрч, монгол хүн л гаргаж чадах зүйл л дээ. Гаднын хөгжим, урлаг, соёл Монголд орж ирж байна, тэр бүхнийг бид сонсдог, суралцдаг, түгээн дэлгэрүүлдэг. Тэднээс сурсан зүйлээ өөрийнхөө үндэсний хэв маягтай хослуулан, орчин үеийн хөгжмийн шинэ урсгалыг гаргаж ирсэн. 

-Үндэсний хөгжмөөр тоглодог хамтлагууд Монголд хэд хэд бий. “The Hu” хамтлаг тэднээс юугаараа ялгаатай вэ? 

-Өөрийн тоглодог хөг хамгийн чухал. Хөгөө дагаад тоглох арга барил нь өөр, үүгээрээ бид ялгарна. Дээр нь өөрсдийн зохиосон шинэ уран бүтээлүүд маань  байна. Дээр нь рок, хийморьлог шинж чанар маш чухал юм. Үндэсний урлагаар тоглож байгаа хамтлаг манайд олон бий. Эхэлж гарсан хамтлагууд амжилттай явсан. Үүнээс хойш 4-5-уулаа нэгдээд борооны дараах мөөг шиг л олон хамтлаг байгуулагдсан. Ингээд багахан зардлаар мөнгө олж болох юм шиг санагдсан байх гэж хардаг. Энэ нь том алдаа. Шинэ хамтлаг бүр өөрийн онцлог, хэв шинж, арга барилтай, өөрийн уран бүтээлтэй байх ёстой.  

-Танай хамтлагийн хөгжмүүд хэдийгээр эртнийх ч гэлээ загвар, хийц нь маш өвөрмөц содон харагдаж байна? 

-Хөгжмийн зэмсгүүдийнхээ загварыг гаргаад, "Эгшиглэн магнай" үйлдвэрт зургаа өгөөд хөгжмөө захиалсан. Манай хөгжмүүд зөвхөн энэ үйлдвэр төдийгүй, хөгжмийн загвар гаргасан зураач, мөнгөний дархан, чулууны дархан гээд олон урчуудын хамтын бүтээл болсон.  Дуугаралтын хувьд хуучнаас өөрчлөгдсөн зүйл юу ч байхгүй. Тэрийг бид алдагдуулж болохгүй, тэгвэл хуур биш болно. Өнгө үзэмж, дизайн л шинэчлэгдсэн. Энд хэлэх нэг зүйл бол үндэсний хөгжмөө хуучны уламжлалт загвараар нь хийж байх ёстой. Мөн хүмүүсийн сурах хэрэгцээнд нийцүүлэн боломжийн үнэтэй хууруудыг урлаж байх шаардлагатай. Дээр нь гадаад зах зээлд худалдагдахаар үнэ цэнэтэй, өнгө дизайнтай хөгжмийн зэмсгүүдийг үйлдвэрлэдэг болох тухай хэлээд байгаа юм л даа.    

Хүүхэд залуучуудыг энэ хөгжмүүдээр тоглох сонирхлыг өдөөе гэвэл өнгө үзэмж, хэв хийцэд  шинэчлэл хийхээс өөр аргагүй. Шинэчлэл хийж байж хүүхдүүд энэ хөгжмөөр тоглохыг хүснэ, тоглож сурснаараа бусдынхаа бахархлыг төрүүлнэ. Мөн үндэсний хэв шинжтэй тоглолтуудыг шинээр гаргаж, хөгжлийг хурдасгана. 

-Үндэсний хөгжмийн зэмсгээр рок хөгжмийн хөг аялгуу гаргахын онцлог нь юу вэ?

-Рок гэдэг чулуу, хатуу гэсэн утгатай үг шүү дээ. Хад чулуу, уул, оргил мэт харагдахаар тэр урлаг манай өвөг дээдсийн онцлог байсныг би олж харсан. Би зохиочихсон юм биш, зөв голдиролд нь оруулах л хамгийн чухал. Эмээ өвөө бясаа гурав-ыг Европын ямар ч хөгжмөөр тоглож болдог. Яг хүннү рок-ийн хөгөн дээр энийг тоглож чадахгүй. Яагаад гэвэл тэс өөр тоглох арга барилтай, хөгтэй. Ийм байж гэмээнэ хүннү рок гэдэг стиль болж байгаа юм.  Энэ дотор орж байгаа хархираа, шахаа, хөөмий маань бага зэрэг хувираад ороод ирж байна. Хуурын хэв шинжүүд нь мөн дагаад өөрчлөгдөж байна. Дуугаралтын өнгө, тембр нь нэлээд доошоо маягтай. Эдгээр зүйлүүд үндсэндээ шинэ стиль болох суурийг тавьж өгч байгаа юм.

-Таны судалгаа, төсөөллөөр Хүннү гүрний үеийн монголчууд ямар байсан хэрэг вэ?

-Мэдээж морин дэл дээр давхиж, аян дайнд гараад арцалдан тэмцэж, ялж явсан улсууд орой нь ирээд “Янжуур тамхийг ээ….” гэж хэзээ ч дуулахгүй шүү дээ. Тийм хүрээ, суудал суурин маягийн урлагийн хэв маяг огт байгаагүй гэж үзэж байгаа. Бүгд л хархираа хөөмий хийж, “хү ха, хү ха…” гэсэн, сүр хүчтэйгээр дэвж шавж бүжиглэж, айргаа цалгиулан залгилж, махаа хөшиглөж идээд л наргиж цэнгэнэ биз дээ. Тийм цаг үед хүний характер тийм л байх ёстой, энгийн логикоор бодоход л тэр. Би лав морь унаад сайхан салхи сэвэлзтэл давхиж байгаад гэрт орж ирвэл баавартай нь завилж суугаад, айргаа гүд гүд хийтэл залгилна. Энэ чинь хүссэн хүсээгүй бидний цусанд байдаг шинж. Би шууд тэгж л мэдэрсэн.

Энэ бүхэн миний мэдрэмжээр дамжин хөгжим болж та бүхэнд, рок хөгжим сонирхогчдод хүрч байна. Бидний өвөг дээдэс Хүннүгийн үеэс л рок хөгжим тоглож байжээ. Европчууд, Битлз, Элвис Пресли юм уу, энэ бол рок хөгжим гээд томъёолоод орчин үеийн хэлбэрт оруулаад дэлхий нийтэд гаргаад ирсэн л дээ. Гэхдээ рок хөгжмийн суурийг монголчууд, бидний өвөг дээдэс тавьсан байх магадлалтай. Яваандаа энэ сэдвээр эрдэм шинжилгээний ажил, хэлэлцүүлэг хийх, эрдмийн зэрэг хамгаалах бодол бий. Түүх соёлоо баталгаажуулъя, авч үлдье гэсэн сонирхол ч их байгаа.

-Урлаг бол маш үнэ цэнэтэй. Урлагаар дамжуулан улс орны эдийн засагт хувь нэмэр оруулж болох тухай санааг Та их хэлж байна л даа?

-Тийм ээ, тэгж харж байна. К-попыг хар л даа. Америкт К-поп маш өндөр рейтингтэй явж байна. Өнгө өнгийн үстэй тэр залуучуудын тоглолтын билет пирхийгээд алга болдог, тэр залуучууд Америкт ноёлж байна шүү дээ. Тэд чинь улсдаа хэдэн тэрбум доллар оруулж байгаа. Тэднийг кимчи, хүн орхоодой, өмсдөг стилийн хувцаснууд нь дагаж байна гээд яривал их зүйл бий. Бид ч тэгэх л ёстой. Ард нь чацаргана, Говь-ийнхоо ноолуурыг, Ноён сэврэй хийцийн мөнгөн аягаа барих хэрэгтэй. Монголчууд өчнөөн л юм хийж байна шүү дээ. Бараагаа дотооддоо борлуулах гэж аргаа барж байна, энийг бид олж хараад толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Газар шороогоо ухдагаа одоо зогсооё, байгаль дэлхийгээ онгоноор нь авч үлдье. 

-Монгол Улс уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай. “Уул уурхайгаас бус өөр салбараас олох орлогоо нэмэгдүүлье, эдийн засгаа солонгоруулъя” гэж улстөрчид их ярьдаг. Та урлагийн салбарыг санал болгож байна уу? 

-Яг тийм. “Урлагаар солонгоруул” гэж хэлмээр байна. Солонгос улс К-попыг гаргаж ирэх гэж тэрбум доллар зарцуулсан. Солонгосын нэг том менежер миний танилын яриа шүү. Тэр хүн “Жил бүрийн эхэнд Солонгосын төрийн төлөөлөл, толгой бизнесмэнүүд урлагийнхантайгаа уулзаж “Ирэх жил юу гаргах вэ? Юуг нь улс, юуг нь бизнесийнхэн  дэмжих вэ? гээд дэлхийд улсаа сурталчлах, эдийн засгаа тэлэх төлөвлөлтийг гаргаж, ажил хэрэг болгодог.  Одоо К-поп нь дэлхийд гарсан, өөрийгөө санхүүжүүлэх чадвартай болсон учир үндэсний урлагтаа хөрөнгө хаяад эхэллээ. Манай улс ч гэсэн ийм бодлогоор явж, урлаг соёлоо дэмжвэл сайн байна. 

-Тэгвэл өнөөдөр бидэнд ямар контент хэрэгтэй байна вэ? 

-Манайд сүүлийн үед гаднын кино, дуу хөгжмийг маш их гаргаж байна. Бидний багад гардаг байсан хүн байхын мөн чанарыг өгүүлсэн тэр үлгэрүүд хаачив. Болохгүй байна уу, яагаад орчин үеийн залуус маань тийм өгөөжтэй, баялаг контентуудыг хийхгүй байна вэ. Нэг л их алаан хядаан, зодоон нүдээнтэй, эсвэл баян хоосны ялгааг харуулсан, алийг нь дөвийлгөж сурталчлаад байгаа нь ойлгомжгүй, өнгө үзэмжийн хойноос хөөцөлдсөн юмнуудыг асар ихээр хийж байна. Бид нар тийм ядуу сэтгэлгээтэй, урлаг соёлтой ард түмэн биш. Өвөг дээдсээс уламжилж ирсэн ур ухаан, урлагийн арвин сан хөмрөгтэй ард түмэн биз дээ. 

Аав намайг холбоочин болгохыг хүссэн ч би тэр мэргэжлийг арай өөр тийш залаад хөгжимчин болчихсон

 

-Таныг дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч, багш, продюсер гэж олон талаас нь харж болохоор байна. Та чухам хэн юм бэ? 

-Аль аль нь. Монголд анхны аналоги студи болох “Сонор” студийг байгуулж, 24 замаар анхны дуу бичлэгүүдийг хийж эхэлсэн. 1998 он шүү дээ, тэр үед Монголын урлагт өөрийн цомгоо гаргасан нэг ч хамтлаг байгаагүй. “Соёл-Эрдэнэ” хамтлаг Орост бичүүлсэн нэг пянзтай л байсан. Анхны олон замын студитэй болсноор хамтлагууд цомгоо гаргаж, цомогтоо зориулж тоглолт хийдэг боломжийг бүрдүүлсэн. 

Дараа нь 100 гаруй замаар бичдэг Монголын анхны бичлэгийн студийг оруулж ирснээр дахин цоо шинэ эргэлт хийсэн. Тэр үеэс дуу бичүүлэхэд алдсан газраасаа дуулдаг, алдсан газраас хоолойг нь засаж эмхэлдэг болсон. Протүүлс-ийн систем Европт дөнгөж гараад байхад нь шинээр нь оруулж ирж байлаа, нэлээд үнэтэй боссон. Одоо ийм студи Монголд тав зургаа бий. Студи байгуулснаас хойш 340-өөд цомог бичжээ. Дуулаачийн сургалтаа 2003 онд анх “Nature sound” студиэ байгуулснаас хойш 35 дахь төгсөлтөө хийж, 1500-1600-гаад шавь гарсан байна. Тэд маань Монголын рок попын залуу уран бүтээлчдийн 90 хувийг эзэлж байна. Бусад нь дуучин болдоггүй юм гэхэд компаниудад сайн менежер, зохион байгуулагч хийгээд ажиллаж байна. Энэ бол урлагийн ач. Урлаг хүний чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх бүх зүйлүүдийг өгдгөөрөө том давуу талтай. Гаднынхан хүүхдүүдээ урлагийн хүн болгохгүй ч урлагийн аль нэг төрлөөр сургах гээд байдгийн учир энэ. Манай монголчууд ч урлагийн боловсролын чухлыг ойлгож, хүүхдүүдээ сургадаг болж байна. Энэ бол соёлын том хэмжүүр болно. 

Хүүхэд залуус маань тэр дундаа үндэсний урлагаа сонирхож, судалж, тоглож эхэлбэл Монголоороо бахархана, ертөнцийг үзэх үзэл нь шинээр нээгдэнэ. Одоо дуулаачийн сургуульд шалгуулахаар ирдэг хүүхдүүд дандаа гадаад дуу дуулдаг, нэг ч монгол дуу мэдэхгүй. Энэ маш аюултай. Тиймээс Монгол гэдэг үзэл баримтлал, Монгол соёлоо хадгалж үлдэхийн тулд хүн бүхэн зүтгэх ёстой. Дэлхий нийтийн хөгжмийн чиг хандлага, энэ талын мэдээлэл багадаагүй, үндэсний соёл урлагаа сурталчлахад хэвлэл мэдээллийнхэн ч анхаарах хэрэгтэй гэж боддог. 

-Та ер нь ямар мэргэжилтэй хүн вэ?

-Би Холбооны сургалтын төвийн Телевиз засварын ангийг төгссөн, холбооны мэргэжилтэй. Тэнд дөрвөн жил сурахдаа холбооны мэргэжлээс гадна хамгийн гол нь хөгжмийг олж харсан. Тухайн үед техникум, ТМС-үүдийн дундах урлагийн үзлэгээр намайг дөрвөн жил сурах хугацаанд Холбооны сургалтын төв дөрвөн жил дараалан нэгдүгээр байр эзэлсэн. Би хоёрдугаар курсээсээ цэрэгт явах гэсэн ч сургууль явуулдаггүй, сургуулиа төгсөөд л шууд цэрэгт явсан даа. Хөгжим рүү ороход нөлөөлсөн хүчин зүйлүүд бий. Миний аав намайг 6-7 дугаар ангид байхад хөгжимд дуртайг минь олж хараад, надад Япон руу Элчингийн хүнд магнитофон захиж, өнөөхийг нь Монголын хилээр нууж хааж байж оруулсан гэдэг. Тэр үед Японоос хөгжим оруулна гэж хүний санаанд орохооргүй шахам үе шүү дээ. Магнитофонтой болсон би бөөн баяр, өөртөө байсан 10-аад кассетыг ээлжилж сонсож, дагаж дуулдаг хүүхэд байлаа.

-Аав тань хаана ажилладаг байв? 

-Миний аав Орбит станцын ерөнхий инженер. Оросын нэвтрүүлгийг Монголд цацах ажлыг хариуцдаг байсан, холбооны салбарт олон жил ажилласан хүн. Аав намайг холбоочин болгох гэж сургуульд нь оруулсан. Тэр мэргэжлийг би арай өөр тийш нь залаад хөгжимчин болчихсон. Холбооны мэргэжил минь студи байгуулах, амьд хөгжмийг залгах, тохируулах, дуугаргах зэрэг техниктэй холбоотой ажлын гол суурь нь боллоо шүү дээ. 

-Анхны концертоо яагаад “White rock center”-т хийхээр сонгосон бэ. Танай хамтлагийн хөгжмийн дуугаралтад тохироод байна уу? 

-“White rock center”-ийн 360 градусын видео үзүүлбэртэй нь надад их таалагдсан. Тэр нь манай тоглолтын агуулгатай маш сайхан авцалдана. Хоёрдугаарт, “White rock center” дууны сайн япон инженерүүдтэй. Тэд дуугаралтын чанарт их ач холбогдол өгдөг. Хэдий гоё танхим байгаад сайн инженер, сайн дуугаралт гаргадаг хүн байхгүй бол ямар ч хэрэггүй. Тэр бөмбөгөр, цуурайтай заалыг инженерүүд нь маш гоёор дуугаргадаг. “White rock center”-т “The Hu” хамтлаг тоглоно гээд Японоосоо нэг номерийн дууны инженерүүдийг авчрахаар болсон гэсэн. “Энэ чинь дэлхийд гарсан хамтлаг, Биллбоардад нэр нь дэвшсэн, бараг Грэмми-д нэр нь дэвшихэд ч ойрхон яваа хамтлаг шүү дээ” гэж гаднынхан ингэж ач холбогдол өгч байна. Энэ нь бидэнд маш сайхан санагдаж байна. 

-Их ажлынхаа хажуугаар цаг гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа. Та бүхний анхны концерт, аялан тоглолтод амжилт хүсье. 

 

Санал болгох

Монос группийн гүйцэтгэх захирал Х.Анандтай кофе уунгаа хөөрөлдөв. Тэр бол хоёр дахь үеийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Социализмаас ардчилалд шилжсэн, алдаа оноотой, шуургатай он жилүүдэд бизнесээ эхлүүлсэн мөс зүсэгчид хүүхдүүдэдээ ажлаа хүлээлгэн өгчээ. Улс төр, эдийн засгийн маш тогтворгүй, таамаглахад бэрх үед компаниа байгуулсан гавьяатнууд одоо зөвлөхөөр ажиллан, залуусыг бизнесийн тэргүүн шугамд сойж байна. Х.Анандын үеийнхний ялгаа нь ЗХУ-д биш харин АНУ, Канад гэх мэт барууны орнуудад дээд боловсрол эзэмшин, Англи хэлийг бүрэн эзэмшсэн, олон орноор аялж, хөгжлийн түүхийг холоос биш ойроос судалсан. Товчоор бол юм үзэж, нүд тайлсан, эрч хүчтэй залуус. Бүгдийг тэгээс эхлүүлсэн эхний үеийнхний бизнесийг дараагийн түвшинд гаргах нь шинэ удирдагчдын үүрэг.

Х.Ананд: "Монос" гэр бүлийн компани мэт боловч үйл ажиллагаа, цар хүрээгээрээ олон нийтийн компани болчихсон

2018-11-05 106 1107 Дэлгэрэнгүй
“Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Монгол Улсын гавьяат жүжигчин Дамбын Отгонбаярыг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. “Чи минь байгаа болохоор” нэртэй уран бүтээлийн тайлан концертоо энэ сарын 23, 24-ний өдөр UB Palace-д тоглохоор бэлтгэж буй түүний их ажлын хажуугаар хэсэг зуур ярилцсанаа Уншигч танд хүргэж байна. 

Хүрэн форм өмссөн хөдөөгийн бүрэг даруу бор хүү хотын дунд сургуульд орж, арын ширээнд чимээгүйхэн суудаг байв. Ашгүй, сургуулийн урлагийн үзлэг болж ухаан орохоосоо “балбасан” банзан гитар тоглож сурснаа гайхуулах боломж олдлоо. Ангийнхан ч бүчээд авлаа. Урлаг, хөгжим ямар агуу болохыг тэр анх сургуульд ороод л мэдэрсэн нь энэ байв. 

Д.Отгонбаяр “Чи минь байгаа болохоор” концертдоо 10 жилийн ангийнхаа 21 сурагчийг урьжээ.

Д.Отгонбаяр: Өөрийгөө ялж чадвал жинхэнэ утгаараа амьдарч байна гэсэн үг. Би одоо л амьдарч эхэлж байна

2018-11-14 53 3349 Дэлгэрэнгүй
“Клийн энержи Ази” компанийн гүйцэтгэх захирал, “Forbes” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг 30 хүртэлх насны Азийн шилдэг 30 залуугийн нэгээр 2019 онд шалгарсан Э.Орчлонг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Арав хүрээгүй насандаа ээжийгээ даган гадаадад амьдрах болсон хүү Нью-Йоркийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд Монголдоо ирж дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд ажиллах санал авч, амжилттай ажиллажээ. "Оюутолгой"-н бизнесийн шинжээчээр томилогдохдоо компанийн үр ашгийн тооцооллыг хийхээс эхлээд Рио Тинтогийн зэсийн ерөнхий зөвлөх хүртэл дэвшин ажилласан чадварлаг мэргэжилтэн. Улмаар “Ньюком” группийн эхлүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мегаваттын салхин цахилгаан станц барих төслийг удирдан, цахилгаан станцаа ашиглалтад оруулсан эрчим хүч үйлдвэрлэгч. Монгол орноо эрчим хүчний эх үүсвэрээр найдвартай хангах, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, хээрийн салхи, нарны элчийг эрчим хүч болгон “хувиргаж”, гадаад руу экспортлох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, түүнийгээ бодит болгохын төлөө зогсолтгүй ажиллаж байгаа шинэ цагийн оюунлаг Монгол залуу. Түүний хүүхэд насны амьдрал ч сорилт сургамжаар дүүрэн өнгөрчээ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө бэрхшээлийг даван өнөөдрийг бүтээх шат гишгүүр болсон бага насных нь дурсамж ч сонирхол татаж байв.

Э.Орчлон: Залуу хүн тансаг машин, эд зүйл авах төдийгөөр мөрөөдлөө хайрцаглавал хамгийн хайран

2019-04-27 86 808 Дэлгэрэнгүй

Дээшээ