Ч.Улаан: Гадаад иргэд мах нөөцлөөд зах зээлд нийлүүлж байна гэсэн батлагдсан мэдээлэл алга

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-05-14 13:06 GMT+8

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан махны нийлүүлэлт болон үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

"Улаанбаатар хот дахь махны хангамжийн байдалд саатал гарч үнийн савлагаа үүссэн нь олон түмнийг бухимдуулсан. Энэ асуудлыг шуурхай зохицуулах арга хэмжээ авч байна. Нийслэлийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг. Улсын нөөцийн махыг нийслэлийн 127 цэгээр дамжуулан борлуулж байна. Мөн Хүчит шонхор зах болон хувийн хэрэглээгээр дамжиж хэрэглээ хангагдаж байна.

Дөрөвдүгээр сарын 15-наас улсын нөөцөөс махыг 127 хүнсний дэлгүүрээр дамжуулан борлуулж байна. Өдөртөө 30 орчим тонн мах тогтвортойгоор зах зээлийн дундаж үнээс 20-25 хувийн хямдралтай үнээр борлуулж байна. 

Цаашдаа нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ялангуяа ойрын өдрүүдэд хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар нийслэлийн удирдлагатай хэлэлцэж байна. 

Хүчит шонхор дамжиж зах зээлд нийлүүлэгдэж байгаа махны өдөр тутмын нийлүүлэлтийн хэмжээнд сүүлийн 3-4 хоног хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллөөр саатал гарсан. Орон даяар цас орж, цасан шуурга шуурснаас хөдөө орон нутгаас Улаанбаатарт нийлүүлэх махны нийлүүлэлтэд нөлөөлсөн байна. 

Шатахууны үнийн өсөлт, нөгөө талаас зохион байгуулалтын шинжтэй нөлөөлөл гарсан. Нийслэлд нийлүүлж байгаа махны гарал үүслийн баталгаажилт хангагдаагүйн улмаас мэргэжлийн хяналтын шалгалтаар тодорхой хэмжээний мах саатсан. 

Махны хангамж 30-50 орчим хувиар тасарсан нь өчигдөр оройны байдлаар махны үнэ ханш савласан. Цаашдаа ийм байдал гаргуулахгүйн тулд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа.

Зах дээр нийлүүлэгдэж байгаа махнаас дотоодод боловсруулах үйлдвэрүүд ялангуяа дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүд махны хангамжид нөлөөлж байна. 

Бид энэ байдлыг шалгаж зөрчил дутагдлыг илрүүлсэн. Дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүд хоёр улс тохиролцсон протоколын дагуу итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс махаа бэлтгэж, дулааны аргаар боловсруулж экспортонд гаргах тохиролцоотой. Гэтэл энэ журам зөрчигдсөнөөс болж зах зээл дээрээс шууд махыг боловсруулах үйлдвэрүүд рүү нийлүүлж байгаа явдал гарсан. Үүнийг бид зохицуулж цэгцлэх болно.

Өнөөдрөөс эхлэн махны үнэ харьцангуй тогтворжино гэж үзэж байна. 

Цаашдаа бид дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргах махны хэмжээг дотоодын хангамжтай зохицуулах квоттой болгох зохицуулалт хийнэ. 

Боловсруулах үйлдвэрүүд өөрсдийн хүчин чадлаас давсан хэмжээгээр мах боловсруулж экспортолж байгаа нь тогтоогдсон. Ийм учраас суурилагдсан хүчин чадалд нь тааруулж махаа бэлддэг байх шаардлага тавина. 

Манайд дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдэд махаа нийлүүлэх зөвшөөрөлтэй 14-15 итгэмжлэгдсэн мах бэлтгэх үйлдвэр бий. 

Цаашилбал экспортод үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах гаргаж байгаа компаниудад экспортод гаргаж байгаа махныхаа тодорхой хэмжээг нь дотоодод нийлүүлсэн байх шаардлага тавих болно. Цаашдаа махны зах зээлийг тогтвортой байлгах үүднээс 2018 онд бэлтгэсэн махнаас хоёроос гурав дахин их нөөцтэй байх тодорхой зохицуулалтыг хийж байна. 

Өнөөдрөөс эхлэн махны үнэ харьцангуй тогтворжино гэж үзэж байна. 

2018 онд 4000 тонн мах бэлтгэсэн байсан.  2019 ондоо бид хамгийн багадаа 10-12 тонн мах нөөцлөхөөр ажиллаж байна. 

Гадаад иргэд мах нөөцөлж аваад зах зээлд нийлүүлж байгаа гэдэг ч батлагдсан мэдээлэл алга байна" гэлээ.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ