Дүрэмгүй давхиж, журамгүй авирладаг жолооч нарыг хүлцсээр байх уу

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-05-15 09:20 GMT+8

АЙМАГ, СУМАНД БЭЛТГЭСЭН ЖОЛООЧ НАР ХӨДӨЛГӨӨНД СОЁЛГҮЙ ОРОЛЦОЖ, ГАЙ ДЭЭР ЛАЙ НЭМЖ БАЙНА

Монголд үйл ажиллагаа явуулдаг дипломат байгууллагын гадаад жолоочтой ярилцаж суух зуур, тэрбээр монгол жолооч нарын тухай тун таагүй сэтгэгдэлтэй байдаг төдийгүй, гаднын зочид төлөөлөгчдийн өмнө сэтгэл зовнидог талаар бухимдлаа илэрхийлэв. Түүний ярьснаар монголчуудын замын хөдөлгөөний соёл дэлхийд хаана ч байхгүй онцгой юм. Онцгой гэдэг нь онц гэсэн дүгнэлтийн эсрэг утгатай.

Дохио, толь хоёртойгоо харьцдаггүй, эгнээ байр эзэлдэггүй, дохио өгөлгүй гэнэт зогсдог, шахдаг, сигналддаг гээд манай өнөөгийн замын хөдөлгөөний аюултай байдлыг нэг бүрчлэн дурдах янзтай. Өөрсдийгөө өмөөрөх гарцгүй болгосон харь хүний хатуу үг үүнийг өөрчлөх ямар арга зам байгааг бэдрэхэд хүргэв. Хараал хэлсэн, хэрүүл гуйсан, ёс зүйгүй авиртай жолооч яагаад улам нэмэгдээд байгааг судалж үзвэл сургалтын чанар “0”, хөтөлбөр дутуу гэсэн дүгнэлт дээр огтлолцож байна.

Өнгөрсөн онд аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 336 жолооны курст аттестатчилал явуулж 60 гаруй дамжааны эрхийг цуцлах шийдвэр гаргажээ.

Жолооны сургалтын чанарт анхаардаггүй байдал ийн даамжирсан эхний шалтгаан нь дөрвөн өөр байгууллага жолооны курсүүдийг хариуцдагтай холбоотой аж. Энэ олон чанаргүй сургалтын байгууллагад хаанаас эрх олгодгийг лавлавал ХНХЯ-ны харьяаны байгууллага байх юм. “Өмнө нь хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын хариуцдаг асуудал байснаа өнгөрсөн оноос манай яамных болсон” гэж хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэбат ярьж байна.

Өнгөрсөн онд аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 336 жолооны курст аттестатчилал явуулж 60 гаруй дамжааны эрхийг цуцлах шийдвэр гаргажээ. Мөн найман сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоож ажил сайжруулах шаардлага хүргүүлэн, 26 курст нөхцөлөө сайжруулах даалгавар өгсөн байна. Гэвч жолооны сургалтын чанар сайжирсангүй, ослын тоо буурсангүй.

Ганцхан жилийн дотор хариуцлагагүй, дүрмээ мэддэггүй олхиогүй жолоочийн буруугаас 35,685 осол гарсан статистик мэдээлэл байна. Мөн хугацаанд 507 хүн амь насаа алдаж, 1258 хүн хүнд гэмтжээ. Энэ нь жолооч бэлтгэх сургалтын чанар хангалтгүй байгааг харуулж байна. Мөн үүнийг нотлох бас нэг баримт байгаа нь тээврийн цагдаагийн байгууллагаас гаргасан статистик. Тус байгууллага цахимаар жолооны шалгалт авдаг болсоор жил гаруйн хугацаа өнгөрлөө. Цахимаар өдөрт 500 гаруй хүн шалгалт өгөхөд ердөө 10 хувь нь л тэнцдэг талаар тээврийн цагдаагийн газрынхан ярьж байна.

Жолооны сургалт нэрийн дор зөвхөн мөнгө олох арга хэрэгсэл болсон курсүүд цөөнгүй байх аж. “Манай жолооны сургалтын төв таныг заавал төгсгөнө” гэсэн зарын цаана “мөнгө чинь чухал, шалгалтдаа хэд унах нь бидэнд хамаагүй” гэсэн мессеж өгөөд байхад л очиж бүртгүүлээд, орсон шалгалтдаа бүдрээд байдаг нь амрыг эрж, хялбарыг хайж явдаг монгол зантай нийлэхээрээ чанаргүй сургалт болж байна. уг нь жолооны сургалтын үйл ажиллагаа эрхлэх журамд “Жолооч бэлтгэх сургалтыг чанаргүй зохион байгуулснаас сонсогчдод учирсан хохирлыг уг сургалтыг зохион байгуулсан сургууль, курс хариуцна” гээд тодорхой заагаад өгсөн юм.  Гэтэл иргэдийн мэдээлэлгүйг далимдуулж мөнгөний хойноос улайрсан жолооны дамжаанууд олширсоор байгаа нь сургалтын чанарын том “дайсан” болсон. Энд бүхнийг харлуулах гэсэн санаа агуулаагүйг үйл ажиллагаа нь жигдэрсэн төвийнхөн авах гээхийн ухаанаар болгооно биз ээ.

Дүрэмгүй жолооч, журамгүй залуурч ихсэхэд хамгийн гол нь аймагт жолооны дамжаа төгссөн болоод хотын замын хөдөлгөөнд оролцож буй нөхдүүд голлох үүрэг гүйцэтгэж байна. Нөгөө олны хэлдгээр “орк”-уудын тоог ч нэмж байгаа юм.

• Цахимаар өдөрт 500 гаруй хүн шалгалт өгөхөд ердөө 10 хувь нь л тэнцдэг.
• Дүрэмгүй жолооч, журамгүй залуурч ихсэхэд хамгийн гол нь аймагт жолооны дамжаа төгсмөрөө болоод хотын замын хөдөлгөөнд оролцож буй нөхдүүд голлох үүрэг гүйцэтгэж байна.
• Тээврийн цагдаагийн газраас хэдэн жилийн өмнө жолоочийн ёс зүйн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулах саналаа хүргүүлсэн ч олоо болтол таг чиг.

Аймгийн төвийн замаар зоргоороо давхин, дуртай газраа, хүссэн үедээ зогсож найраан дундаа ороод сурчихсан жолооч сэтэртэнгүүд хотын түгжрэлд оронгуутаа ёс зүйгүй, арчаагүй үйлдлүүд гаргаж байна. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэгчлэн хөдөлгөөн багатай аймгийн төвийн зуршил, дадлаар нийслэлд давхилдаад байгаа нь нэг талаар гай дээр лай нэмсээр. Үүнд аймаг бүрт жолооны сургалтын эрхийг олноор нь олгосон ХНХЯ-ыг буруутгахаасаа өмнө шаардлага доогуур тогтоосон ХЗДХЯ-ыг онилохоос аргагүй.

Үүний уршгаар төв аймаг 12, Булган, Хөвсгөл аймаг зургаан жолооны курстэйгээр улсад тэргүүлж байна. Тэр байтугай суманд жолооч бэлтгэж буй дөрвөн ч сургалтын төв байх юм. Тэнд сургалтын чанарын талаар ярих нь дэндүү хэтийдэл болохыг хэлүүлэх юун. Хичээл заах багшийн шаардлагаас эхлээд хотын жолооны дадлага хийх нөхцлийн эрс, тэс нөхцөл тэнд оршиж буйг дурдах ч юм биш.

Энэ долоо хоногт УИХ-аар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэлэлцэх ёстой.

Уг нь жолооны сургалтын төвд багшлах мэргэжилтний шаардлагад “хууль тогтоомжийн хичээл заах багш нь авто инженер механикийн дээд боловсролтой, жолоодлогын дадлагын багш нь авто механикийн дунд буюу түүнээс дээш боловсролтой, ЗТХЯ, БСШУСЯ-ны хамтран баталсан хөтөлбөрөөр техникийн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуульд суралцсан, эрх бүхий байгууллагын багшлах эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн буй. Эдгээр шаардлагыг хангасан багш сум байтугай аймагт ховор. Ийм л учраас яс дүрэмгүй, ёс журамгүй хүмүүст жолооны үнэмлэх “хэвлээд” өгчихөж байгаа юм.

Чанартай жолооч бэлтгэж чадахгүй байгаад БСШУСЯ бас буруутай. Учир нь сургалтын хөтөлбөрийн агуулгыг тус яамныхан баталж, мөрдүүлэх ёстой. Тээврийн цагдаагийн газраас хэдэн жилийн өмнө жолоочийн ёс зүйн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулах саналаа хүргүүлсэн ч одоо болтол таг чиг. Мөн жолооны курсүүд сургалт явуулж, харин тээврийн цагдаагийн газар шалгалтаа авдаг системийг нэвтрүүлэхээр холбогдох яаманд хүсэлтээ өгсөн ч бас замхарчээ. Гурван яамны дунд жолооны сургалтыг сайжруулах ажил ийн хаягдаж  хоцорсон байна. Үүнийг хэзээ, яаж өөрчилж болохыг хэн нь ч дугарч түвдэхгүй өдий хүрлээ.

Энэ долоо хоногт УИХ-аар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэлэлцэх ёстой. Анхан шатны хэлэлцүүлгээс эхлээд жолооны сургалтад ёс зүйн хичээл ордог болох, чанаргүй сургалт зохион байгуулсан курсийн үйл ажиллагааг цуцлах, шалгалтын төвийг хэрхэн байгуулах саналаа хүргүүлбэл үр дүнд хүрэх боломжтой.

Үүн дээр тус хуулийн шинэчлэл болсон гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах заалтыг хуульчлаад өгчихвөл бүдүүлэг жолооч нарын үйлдэл хумигдах учиртай. Мөн ажлаа мэддэггүй яамдын хариуцах чиглэлийг тодорхой болгож, сургалт гэдэг утгаар нь БСШУСЯ-нд хамааруулах ёстой юм. Ингэж эмээнэ цонхоороо хог, тамхины ишээ хаядаг, дүрэмгүй давхиж, журамгүй авирласан “орк”-уудыг цөөрүүлж чадна.

Г.Билгүүн

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 914 санал өгсөн байна.

Дээшээ