“Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” хүүхдийн бүжгэн жүжгийг үнэ төлбөргүй тоглоно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-05-15 08:30 GMT+8

“Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” хүүхдийн бүжгэн жүжгийг тавдугаар сарын 18-ны өдөр 17 цагаас  “Улаанбаатар” чуулгын тайзнаа олон нийтэд нээлттэй үнэ төлбөргүй тоглох гэж байна. 

Бүжгэн жүжгийг ХБНГУ-ын бүжиг дэглээч Фолкер Айзенах дэглэн, ЕБС-ийн 34 хүүхдэд орчин үеийн бүжгийн сургалтыг зохион байгуулжээ.

Дэлхийн түүхийн нэгээхэн хэсэг болох 1948-1949 оны хүйтэн дайны үед Барууны холбоотнууд Баруун Германы бүслэгдсэн ард иргэдэд агаарын замаар хоол, хүнсний тусламж үзүүлж, олон мянган иргэдийг аварсан тухай уг жүжигт өгүүлнэ

“Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” бүжгэн жүжигт дэлхийн түүхийн нэгээхэн хэсэг болох 1948-1949 оны хүйтэн дайны үед Барууны холбоотнууд Баруун Германы бүслэгдсэн ард иргэдэд агаарын замаар хоол, хүнсний тусламж үзүүлж, олон мянган иргэдийг аварсан найрамдалт, нөхөрсөг хамтын ажиллагааг орчин үеийн бүжгийн элемент, хөгжмийн хэмнэлээр түүхэн үйл явдлыг дүрслэн илэрхийлэх богино хугацааны сургалтанд сурагчид хамрагдан тайзнаа амилуулж буйгаараа онцлог юм. 

Төслийн хүрээнд ХБНГУ-ын “Faster-Than-Light-Dance” бүжгийн компанийн уран сайхны удирдаач, бүжиг дэглээч, ХБНГУ-н төрийн соёрхолт Фолкер Айзенахын удирдлаган дор ПАШ-Түнш сургуулиудын хөтөлбөрийн хамтрагч Улаанбаатар хотын ЕБС болон СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн нийт 34 сурагч 10 хоногийн турш орчин үеийн бүжгийн эрчимжүүлсэн сургалтанд хамрагдсан байна.

Фолкер Айзенах нь Сонгодог ба Орчин Үеийн Бүжгийн Рамберт Сургууль болон Лондонгийн Эзэн Хааны Бүжгийн Багшийн Нийгэмлэгийг тус тус дүүргэсэн. Тэрээр 15 настайдаа анх бүжгийн урлагт суралцаж эхэлжээ. 1992 онд Faster-Than-Light-Dance-Company (FTL) бүжгийн компаниа байгуулж, 1998 оноос хойш уран сайхны удирдаачаар ажиллаж байна. 

Фолкер Айзенах нь Berliner Philharmoniker, Carnegie Hall, Bregenz Festival, Vienna Festival, Зимбабве Улсын Harare International Festival of the Arts, Opera Neukölln, Bach-Days Halle, Дани улсын International Music Festival Holstebro and Berlin Cathedral-ийн “Jedermann”-Theatre-Festival зэрэгт ажиллахын сацуу сургууль, олон нийтэд чиглэсэн бүжгийн төслүүд дээр ажиллаж, олон арван орчин үеийн бүжиг дэглэсэн туршлагатай уран сайхны удирдаач юм. Тэрээр Берлиний Филармоний “Ариун хаврын тахилга”, “Хэмнэл бол Энэ!” жүжгийн бүжиг дэглээчээр болон урлагийн боловсролын төслүүдийн туслах найруулагчаар ажиллаж байжээ.  

Монгол Улс, ХБНГУ-н хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил, Герман Улс нэгдсэний 30 жил, Берлиний Агаарын Гүүрийн 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяагийн санаачилгаар хоёр орны соёл, урлаг, боловсрол, нийгмийн найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор уг төслийг тавдугаар сарын 6-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хэрэгжүүлээд байна.

Төслийг Монголын Урлагийн Зөвлөл, Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө ТББ, Freundeskreis der Jugendkunstschule Charlottenburg-Wilmersdorf e.V. хамтран, албан түнш МУ дахь ХБНГУ-ын ЭСЯ ба ХБНГУ-ын Гадаад Харилцааны Яам, ПАШ-Түнш Сургуулиудын хөтөлбөр, Конрад Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй.

Төслийн зорилго нь орчин үеийн бүжгээр дамжуулан хүүхэд залуучуудад урлаг, гоо зүйн боловсрол олгох, дэлхийн түүхээс суралцах боломжийг олгох замаар хоёр орны хэл, урлаг, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. 

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 911 санал өгсөн байна.

Дээшээ