Алабама мужид үр хөндөлтийг хориглох хуулийн төсөл баталлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-05-15 15:55 GMT+8

АНУ-ын Алабама муж улсын хууль тогтоогчид үр хөндөлтийг хориглох хуулийн төслийг олонхийн саналаар мягмар гарагт баталжээ. Сенатын гишүүдийн саналын тоо 25-6-гийн харьцаатай байв.

Уг хуулийн төслийг одоо муж улсын захирагч Кей Айвид өргөн барина. Айви тус баримт бичигт гарын үсэг зурах эсэх нь тодорхойгүй байгаа ч үр хөндөлтийн эсрэг хүчтэй байр суурь илэрхийлдэг хүмүүсийн нэг аж.

Уг хуулийн дагуу эхийн эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй нөхцөл үүссэн тохиолдолд үр хөндөлт хийхийг зөвшөөрөх юм. Хамгийн гол нь уг баримт бичигт хүчингийн хэргийн хохирогч болсон, цус ойртсон зэргийг зохицуулах ямар ч заалт оруулаагүй байна. Жирэмслэлтийг зогсоохыг завдсан эмчид 10 жил, үр хөндөлт хийсэн эмчид 99 жил хорих ял онооно. Харин ээжид ямар нэгэн хариуцлага тооцохгүй.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үндэсний байгууллагын гишүүд уг хуулийг “үндсэн хуульд харшсан” хэмээн үзэж байна. “Эмэгтэйчүүдийн хувьд бараан өдөр тохиож байна. Улс төрчид энэхүү саналыг өгснийхөө төлөө насан туршдаа харамсаж амьдарна” гэж нийгмийн идэвхтнүүд байр сууриа илэрхийлэв.

Харин Бүгд найрамдах намын хууль тогтоогч Терри Коллинс хэлэхдээ уг хуулийн төсөл эхийн хэвлий дэх ургийг хүн хэмээн үзэж байна гэжээ. Энэхүү баримт бичгийг АНУ дахь хамгийн чанга хууль тогтоомж хэмээн нэрлэж байна.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 915 санал өгсөн байна.

Дээшээ