Мөнгө үржүүлдэг салбар Монголд “унтаж” байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-05-16 09:30 GMT+8

ӨНДӨР ТЕХНОЛОГИОС МОНГОЛ УЛСАД ХӨГЖҮҮЛЭХ ХАМГИЙН БОЛОМЖТОЙ САЛБАР НЬ БИОТЕХНОЛОГИ

Азийн арслан, бар болох Сингапурын нийт экспортын 45, Малайзын 43, БНСУ-ын 26 хувийг дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Тэгвэл Монголын нийт экспортын 90 хувийг зөвхөн ашигт малтмал, дөнгөж тав хүрэхтэй үгүйтэй хувийг дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн эзэлж буй. Бид шинжлэх ухаан, технологийн хөгжлөөрөө дэлхий дахинд төдийгүй бүс нутагтаа хол хоцорч хаягдлаа.

Уг нь Монгол Улсад шинжлэх ухаан, технологийг өндөр түвшинд хөгжүүлэх боломж байхгүй биш байгааг салбарынхан учирладаг. Ялангуяа, өндөр технологийн чиглэлүүдээс Монгол Улсад хөгжүүлэх хамгийн боломжтой салбар нь биотехнологи аж. Учир нь энэ салбарыг хөгжүүлэх түүхий эдийн нөөц болон боловсон хүчний бааз суурь манайд бий. Энэ сарын эхээр Монгол, БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны форум болж, хоёр улсын шинжлэх ухааны салбарынхан чуулав. Энэ үеэр Монгол Улсад биотехнологийн салбарыг хөгжүүлэх боломжтойг оролцогчид онцолсон юм.

Энэ сарын эхээр Монгол, БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны форум болж, хоёр улсын шинжлэх ухааны салбарынхан чуулав. Энэ үеэр Монгол Улсад биотехнологийн салбарыг хөгжүүлэх боломжтойг оролцогчид онцолсон юм.

БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам хоёр улсын хооронд дэвшилтэт технологид суурилсан үр дүнтэй хамтын ажиллагааг эхлүүлэх нь зүйтэй. Монгол мэргэжилтнүүд ухаалаг, аливааг суралцахдаа хурдан зэрэг олон давуу талтайг онцолсон юм.

Харин Монголын шинжлэх ухааны салбарын гол компаниудын нэг “Монос” группийн ТУЗ-ийн дарга Л.Хүрэлбаатар “Монгол Улсад өндөр технологи хөгжүүлэх хамгийн боломжит салбар нь биотехнологи. Энэ салбарыг хөгжүүлэхэд төрийн төдийгүй төрийн бус байгууллагуудын дэмжлэг хэрэгтэй. Монгол мэргэжилтнүүд ур чадвараар гологдохгүй. Хамгийн гол нь туршлага, лаборатори, техник хангамж дутагдаж байна” хэмээн өгүүлсэн юм.

Туршилт судалгаагаар хөрс хийж, хөгжин дэвждэг энэ салбарын эрдэмтэд орчин үеийн жишигт нийцсэн лаборатори, техник хангамжгүйн улмаас гар мухардах нь цөөнгүй. Тухайлбал, үүдэл эсийн чиглэлээр судалгаа хийдэг ХБНГУ-ын Фрайбургийн их сургуулийн доктор, биохимич Н.Ариун “Монголд судалгааны сайн лаборатори байхгүй учраас чанартай нийтлэл бичиж чадахгүй л байна. Олон улсын сэтгүүлүүдэд нийтлэгдэх чанартай нийтлэл гаргахын тулд туршилтад хэрэглэх багаж олон улсын стандартад нийцсэн байх ёстой” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлж байна. Мөн тэрбээр микробиологийн лаборатори Монголд байгуулах гэж хэд хэдэн удаа оролдоод бүтэлгүйтсэн билээ.

Биотехнологи нь генетик, микробиологи, молекул биологи, биохими зэрэг солонго адил олон салбарт хуваагддаг. Улмаар хөдөө аж ахуй, хүнс, эрүүл мэнд, уул уурхай, байгаль орчин зэрэг олон салбарт ид шид, үр өгөөжөө үзүүлж, эдгээр салбарын хөгжлийн нэг түлхүүр болдог аж.

Эдүгээ биетехнологийг өндөр хөгжүүлсэн орнууд эсийн аргаар морь, нохой гээд амьтдыг хувилж байхад энэ чиглэлээр хоцорч яваа монголчууд мал сүргээ эрүүлжүүлээгүй, хөдөө аж ахуйн экспортоо хүссэнээрээ өсгөж чадахгүй л сууна. Орчин үеийн биотехнологийн эрдэмтэд ямар нэгэн амьд организмын генийн мэдээллээр дамжуулан шинэ зүйл нэмж, эсвэл түүнээсээ өөр өвөрмөц төрөл үүсгэж, сайн үүлдрийн мал, шинэ сортын ургамал бүтээж байна.

Эдүгээ биетехнологийг өндөр хөгжүүлсэн орнууд эсийн аргаар морь, нохой гээд амьтдыг хувилж байхад энэ чиглэлээр хоцорч яваа монголчууд мал сүргээ эрүүлжүүлээгүй, хөдөө аж ахуйн экспортоо хүссэнээрээ өсгөж чадахгүй л сууна

Түүнчлэн биотехнологи нь байгаа баялгийг ухаж олборлоод дуусгачихдаг бус өсгөн үржүүлж, оргүйгээс баялаг бүтээдэг талбар. Өөрөөр хэлбэл, мөнгө үржүүлдэг зах зээл гэж ойлгож болно.

Өнгөрсөн зуунд энэ салбарын өнгийг барууны өндөр хөгжилтэй орнууд тодорхойлж, үр шим, хөрөнгө оруулалтыг хувааж хүртдэг байсан бол сүүлийн жилүүдэд БНХАУ, Израиль зэрэг орон хүч түрж байна. Мөн хөрөнгө оруулагчид ч технологиос гадна биотехнологи руу хошуурсаар байна.

Тухайлбал, германы биотехнологийн салбарын хөрөнгө оруулалт 2017 онд 674 сая еврод хүрч, түүхэн дээд цэгт хүрчээ. Харин жилд 7.4 хувиар тэлж буй дэлхийн биотехнологийн зах зээлийн хэмжээ 2025 онд 727 тэрбум ам.доллартай тэнцэх төлөвтэйг Grand View Research тооцоолжээ.

Гэтэл мөнгө үржүүлдэг энэ салбар манай улсад харьцангуй хязгаарлагдмал хүрээнд хөрөнгө санхүүгийн гачигдал дор унтаж байна. Гуравдагч орнуудын шинжлэх ухааны холбоо, байгууллагын судалгаагаар Монгол Улс шинжлэх ухааны хөгжлөөр “чив чимээгүй” орнуудын ангилалд багтжээ.

Гэтэл Индонез, Малайз биднийг хол орхиж, үүдэл эс зэрэг олон чиглэлийн лабораторийг хэдийн байгуулсан бол израиль улс нэг хүнд ногдох биотехнологийн гарааны компаниараа дэлхийд тэргүүлж байна. Бидэнтэй адил хөгжиж буй эдгээр орон биотехнологи, нано технологиор салбараа хөгжүүлээд үр шимээ хүртэж, мөнгө олох боломжтойд нь амтшаад эхэлжээ.

Дэлхийн биотехнологийн зах зээл 2025 онд $727 тэрбумтай тэнцэх төлөвтэй

Уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан Монголын онцлогт тохирсон ган, хүйтэнд тэсвэртэй ургамал хүнсийг тарих болон өндөр ашиг шимтэй мал аж ахуйг хөгжүүлэх шаардлага тулгарсаар. Ингэхийн тулд дэлхийтэй хөл нийлүүлж, ахисан түвшний судалгаа хийх шаардлагатай юм. Гэхдээ мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн гаргахад хөрөнгө мөнгөний гачигдал тулгарах нь ойлгомжтой.

Гэхдээ шинжлэх ухаан, технологийн салбарт хийсэн хөрөнгө оруулалт эдийн засагт хэдэн арав дахин нугарсан ашиг болж шингэдэг. Тиймээс ч БНСУ энэ салбартаа ДНБ-ийхээ 4.4, Израиль З.9, Финланд 3.5 хувьтай тэнцэх хөрөнгө зарцуулдгаараа дэлхийд тэргүүлжээ. Энэ үзүүлэлт ДНБ-ий 0.2 хувиас бага байвал тухайн улсад шинжлэх ухаан “үзэгдэл төдий” байна гэж эрдэмтэд дүгнэдэг.

Бусад улс орон ДНБ-ийхээ 4-5 хувийг инновацын хөгжилд зарцуулдаг  байхад манайх шинжлэх ухаандаа ДНБ-ийхээ дөнгөж 0.12 хувийг зарцуулж байх жишээний. Үүнийг нэг хувьд хүргэчихэд л улс орондоо төдийгүй дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулах мэдлэг үйлдвэрлэх бүрэн бололцоотой. Гэтэл орчин цагт улс орнуудын хөгжил дэвшлийг байгалийн баялаг бус инновац, технологи нь тодорхойлох болсон.

Биднийг энд алт ухаж, илүү их нүүрс экспортлохоор муйхарлах хооронд бусад улс илүү их мэдлэгийг баялаг болгохын төлөө зүтгэж байна. Тиймээс мэдлэгийн салбар буюу боловсрол, шинжлэх ухаандаа онцгой анхаарах цаг болжээ.

Г.Байгал

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 914 санал өгсөн байна.

Дээшээ