Нийслэлийн Хүүхэд Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газар Олон улсын Улаанбаатар Их сургуулийн Гэр бүл судлалын тэнхим хамтран “21-р зууны Монгол гэр бүл” 20 дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр зохион байгууллаа.
Монгол улсад жилд 4000 гаруй хос гэрлэлтээ цуцлуулж байна
Тус эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь гэр бүлийн асуудлыг шинжлэх ухаан судалгааны эргэлтэд оруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэд судлаачдын судалгааны үр дүнг нэгтгэх, туршлага мэдээлэл солилцоход чиглэж байгаа аж.
Бид энэ үеэр эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон оюутнууд болон мэргэжилтнээс дараах тодруулгыг авлаа.
"МОНГОЛ УЛС ЦӨМТ ГЭР БҮЛЭЭ ХЭРХЭН АВЧ ҮЛДЭХ ВЭ ГЭДГЭЭ БОДЛОГООР ТОДОРХОЙЛОХ ЦАГ ИРСЭН"
Улаанбаатар Их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Доктор, Дэд профессор Б.Оюун-Эрдэнэ:
-Уг эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчид нийт 20 гаруй бүтээл ирүүлснээс шилдэг наймыг нь хэлэлцүүлж байна. 21-р зууны Монгол гэр бүл ямар төлөвтэй байгаа судлаач хүнийхээ хувьд дараах гурван зүйлийг онцолмоор байна.
Хүмүүс цаашид улам бүр бие даасан хараат бус амьдралыг эрхэмлэх хандлага ихэснэ гэж судлаачид таамаглаж байна
Нэгдүгээрт, Монгол гэр бүл дэлхийн гэр бүл аль хэдийнэ болсон. Тухайлбал гэр бүлийн задрал бий болж улс дамнасан гэр бүл, ганц бие гэр бүл, дахин төлөвлөсөн гэр бүл, хамтран амьдардаг гэр бүл, ижил хүйстэн гэр бүл, гэрээт гэр бүл, хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй ч нэгээс олон эхнэртэй гэр бүлүүд нийгэмд байна. Тиймээс олон талт гэр бүлүүдийг шинжлэх ухаанчаар судлах, тэр дундаа цөмт гэр бүлээ хэрхэн авч үлдэх вэ гэдгээ Монгол улс бодлогоор тодорхойлох цаг ирсэн. Учир нь аливаа улс оршин тогтнохын үндэс нь гэр бүл.
Хоёрдугаарт, өдгөө 21-р зууны гэр бүлийн харилцаа, нөхцөл байдал техник технологиос хамааралтай болчихсон. Хүмүүсийн хоорондын харилцаа тэр дундаа ёс суртахуунтай хүнлэг байх, нэгнээ хайрлах, хүндлэх, дэмжиж туслах, сонсож ярилцахад зориулдаг цаг багассаар байна. Амьд харилцаа хэдий чинээ багасна төдий чинээ бие биеэ ойлгоход асуудал үүснэ. Харилцаа нь өөрөө бодитоор өгч, авч байж үр дүнд хүрдэг зүйл учраас энэ нь бодит бус, техник технологи дээр суурилах тусам үр дүн багатай байдаг.
Гуравдугаарт, Монгол гэр бүлийн үнэт зүйл нь өвөг дээдэс, үр хойч гэсэн хэлхээнд оршдог. Амьд байгаа хугацаандаа үр хүүхдийнхээ гарыг нь ганзаганд хүргэх гэж зорьдог, үр хүүхэд нь өсч том болоод аав ээжийнхээ нэрийг хөөдөхгүй, чихийг нь халууцуулахгүй юм шүү гэж хичээдэг үнэт чанартай байсан. Гэтэл өнөө цагт энэ үнэт зүйл алдагдаж эхэлсэн. Удам угсаа, нэр төр, ёс суртахуун гэдэг зүйлс тийм ч үнэ цэнэтэй зүйл биш болоод эхэллээ. Хүн хуулиас гадна ёс суртахуунд захирагдах ёстой.
Судлаачийн хувьд дүгнэхэд дээрх гурван зүйл өнөөдрийн гэр бүлд нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудал болж байна. Мөн хүмүүс цаашид бие даасан хараат бус амьдралыг эрхэмлэх хандлага ихэснэ гэж судлаачид таамаглал дэвшүүлж байна.
“ХЭРЭВ ГЭР БҮЛ БҮР ХҮҮХДИЙНХЭЭ СЭТГЭЛ ЗҮЙГ ЭРҮҮЛ БАЙЛГАВАЛ 20, 30 ЖИЛИЙН ДАРАА НИЙГЭМ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ БОЛНО”
Гурав хүртэлх насны хүүхдийн талаарх эцэг, эхчүүдийн мэдлэг, хандлага, хэрэглээг судалсан 165-р цэцэрлэгийн арга зүйч Б.Отгонхүү:
Би бага насны хүүхдүүдтэй ажилладаг хүнийхээ хувьд тэднийг ажиглахад цаанаа ямар нэгэн зүйл дутагдаж байгааг ихэд анзаардаг байсан. Багш нараас шалтгаалахгүйгээр тэдэнд үүсээд буй зан авир, хандлагад нөлөөлөх хүчин зүйл юу байгааг олж мэдэхээр энэхүү судалгааг хийлээ.
Бага насны хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн орчин хамгийн ихээр нөлөөлдөг. Судалгаанаас харахад, залуу гэр бүлүүд хүүхдийнхээ сэтгэлзүйн онцлог, тэдэнтэй хэрхэн харилцах талаар бүрэн дүүрэн ойлголтгүй байгаа нь ажиглагдсан. Гэтэл хүний тархины 90 хувь 0-3 насандаа бүрэлдэж, амьдралынх нь хамгийн идэвхтэй үе явагддаг.
Энэ хугацаанд нас бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Тэгэхээр эцэг эх хүүхдээ 0-1, 2, 3 нас тус бүрийнх нь онцлогийг мэдэж байж хэрхэн харилцахаа тодорхойлох ёстой. Хүүхдийнхээ гаргаж байгаа зан аашийг тухайн насанд нь гардаг хэвийн зүйл гэдгийг мэдсэнээр эцэг эх тэдний зан аашд тайван хандаж, зөв хариуг нь өгдөг. Гэтэл зарим эцэг эх түүнийг нь мэдэхгүйгээр дураараа аашиллаа хэмээн загнаж, гар хүрдэг.
Гэр бүл салалтыг хэвийн үзэгдэл мэт хүлээж авах цаг ард хоцорсон, үүнд нийтээрээ анхаарлаа хандуулах цаг болсон.
Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ нас насны онцлогийг мэддэг, тэдгээрт тохирсон харилцааны арга барилд сурах, энэ талаар илүү их судалж мэдэх шаардлагатай байгааг судалгааны дүн харуулсан.
Мөн 0-3 насанд хүүхэд сэтгэлзүйн ямар нэгэн шарх авахад тэр нь далд ухамсарт нь хадгалагдан үлддэг. Гэтэл томчууд “Энэ юугаа мэдэх вэ дээ” гээд хажууд нь архи дарс ууж, хэрүүл зодоон хийн, хүчирхийлэл үйлддэг. Харин хүүхэд өсч том болоод тэрхүү хадгалагдсан дурсамж бодит ухамсар болон үйлдэгддэг. Одоо гарч буй аймшигтай гэмт хэрэг үйлдэгчид ч мөн бага насандаа анхаарал сул, хайр мэдэрч өсөөгүйтэй холбоотой юм.
Хэрэв гэр бүл бүр хүүхдэдээ анхаарал тавиад, тэдний сэтгэл зүйг эрүүл байлгавал 20, 30 жилийн дараа ирээдүйн залуус өөр болж, нийгэм ч дагаад гэрэл гэгээтэй болно.
Сүүлийн жилүүдэд Монгол улсад гэр бүл салалтын тоо их байгааг хаа хаанаа ярих болсон. 2016 оноос хойш жил бүр 4000 гаруй хос гэр бүлээ цуцлуулсныг та дээрх зургаас харж болно. 2001 онд энэ тоо 650 байжээ.
"ГЭР БҮЛ САЛАЛТАД ХҮҮХЭД ӨӨРИЙГӨӨ ИХ БУРУУТГАХ ХАНДЛАГАТАЙ БАЙДАГ"
Гэр бүл салалтаас үүссэн цочролын дараах стрессийн эмгэгийг судалсан магистр Э.Болормаа:
Гэр бүл салалт эерэг болон сөрөг гэсэн хоёр үр дагавартай. Хэрэв гэр бүлийн орчинд бие махбодь, сэтгэлзүйн дарамт хүчирхийлэлд байсан бол энэ нь хохирогчид эерэг үр дагаварыг авчирна. Харин сөрөг үр дагавар нь, өрх толгойлсон эцэг эхийн тоо нэмэгдэж, тэд ганцаараа санхүү, өрхийн амьжиргаагаа залгуулах шаардлагатай болдог.
Мөн сэтгэлзүйн хувьд ганцаардаж, магадгүй архинд донтох эхлэл нь тавигддаг. Эсвэл сэтгэл гутрал өндөр түвшинд хүрвэл амиа хорлох ч тохиолдол гарна. Зарим хүнд салалтын цочролын дараах стрессийн эмгэг үүснэ. Анагаахын шинжлэх ухаанд энэхүү эмгэг байгалийн гамшгийн дараа, хүчирхийллийг нүдээрээ үзсэн эсвэл мэдэрсэн, дайнд оролцож байсан хүмүүст голдуу илэрдэг. Энэ нь үйл явдал өнгөрч 10 жилийн дараа ч энэ талаар бодоход таагүй санагдах, сэтгэл санаа тааламжгүй болдог шинж тэмдэг юм. Салалтын дараа ч энэ эмгэг үүсэх нь бий.
Хамгийн гол үр дагавар нь хүүхдэд тусдаг. Гэр бүл салсны дараа хүүхэд аав ээжийнхээ аль нэгэнтэй үлдлээ ч тэднийг хоёуланг нь алдсан мэт мэдрэмжтэй явдаг. Мөн хүүхэд салалтад өөрийгөө их буруутгах хандлагатай байдаг. Тэгэхээр гэр бүл салалтыг хэвийн үзэгдэл мэт хүлээж авах цаг ард хоцорсон, үүнд нийтээрээ анхаарлаа хандуулах цаг болсон.
БНСУ-Д ГЭР БҮЛ САЛАХАД ХҮҮХЭД АСРАМЖЛАХ ЭРХИЙГ ААВД ӨГДӨГ
Дэлхийн хөгжингүй улсуудад гэр бүлийн тогтвортой байдлыг хангахаар олон төрлийн бодлогыг хэрэгжүүлдэг. Тэдгээрээс дурдвал, Ази болон Скандинавын, Европын орнуудын гэр бүлд зориулсан бодлого, хууль тогтоомж нэлээн үр дүнтэй байдаг аж.
Жишээ нь, БНСУ-д Эрүүл гэр бүлийг дэмжих тухай хууль гэж байдаг бөгөөд үүнд хэрэв гэр бүл салбал хүүхэд асрамжлах эрхийг аавд өгдөг байна. Ингэснээр хүүхдээ аваад салсан эцэг хүнд нөхцөл байдалтай үлдэхээс гадна эх хүн үр хүүхдээсээ сална гэдэг хэцүү учраас энэ нь гэр бүлийн тогтвортой байдлыг хангах нэгэн хөшүүрэг болдог. Мөн залуу гэр бүлд зориулсан байр, орон сууцны дэмжлэг, зээл байдаг. Түүнээс гадна нялх биетэй ээжийг тэнхрэх хүртэл туслуулахаар улсаас асаргааны ажилтанг өгдөг. Түүний цалингийн 80 хувийг улсаас, гэр бүл 20 хувийг төлдөг зохицуулалттай байдаг.
Японд байгууллагын үндсэн ажилтан хүүхэд төрүүлэхэд хүүхдийг хоёр нас хүртэл асрахад нь зориулж цалингийн 80 хувийн нэмэгдлийг олгодог. Дани, Швед, Норвеги зэрэг орнуудад хүүхэд нь төрсөн залуу аавд нэг жилийн цалинтай чөлөө өгдөг. Мөн эдгээр улсуудад залуу гэр бүлд зориулсан байр, орон сууцны маш олон дэмжлэг бий. ЕБС-иас эхлээд их сургуулиудад нь гэр бүлийн боловсролын хичээлийг заадаг. Монгол улсад гэр бүлийн боловсролын хичээлийг бие даасан хичээл болгох талаар бодлогын түвшинд нөлөөлөхийг зорьж байна гэдгийг Улаанбаатар Их сургуулийн доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.