50:50

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Зууны мэдээ

2019-05-16 13:10 GMT+8

2013 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгож байсан.  Түүнээс хойш  Өмгөөлөгчдийн холбоо ТББ-ын статустайгаар өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.  Харин энэ хаврын чуулганаар Өмгөөллийн тухай хуулийн төслийг батлахаар ярьж байна.

Энэ хуулийн төсөл нь  Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдэж,  УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлагдах шатандаа яваа юм Тэгвэл Өмгөөллийн тухай хуулийн төсөл дээр хуульч Ж.Эрхэмбаатар, өмгөөлөгч Х.Баасанжав нар ямар байр суурьтай байгааг “50:50” булангаараа хүргэж байна.

Ж.Эрхэмбаатар: ӨМГӨӨЛӨГЧДИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ АЛДАГДАНА

-Өмгөөллийн тухай хууль бол зөвхөн өмгөөлөгчдөд хамаатай хууль биш. Иргэд шүүхийн өмнө  эрхээ баталгаажуулахад энэ  хуулийн зорилго орших ёстой юм. Өөрөөр хэлбэл, Өмгөөллийн тухай хууль байх шаардлагатай гэж үзвэл энэ нь өмгөөллийн үйлчилгээг авч байгаа иргэдэд үйлчилдэг байх ёстой гэсэн үг. Харин одоо ярьж байгаа хуулийн үзэл санаа, хуульд оруулсан зохицуулалтууд нь энэ зорилгодоо хүрэхгүй байгаа учраас өмгөөлөгчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Зөвхөн байгууллагын хууль болсон гэж үзэж байгаа.

Өнөөдөр хуульчид жилд 240 мянган төгрөгийн татвар төлдөг. Дахин нэг байгууллага байгуулбал татварын ачаалал үүсэхээр байна гэж зарим өмгөөлөгч үзэж байна лээ. Гуравдугаарт, Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбоотой үүсч буй хамгийн том сөрөг тал бол хуульчдын хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг үгүй хийж, эрх баригчид хуульчдыг мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь хяналт тавих, өөрт хамааралтай болгох оролдлого хийж байна. Түүнчлэн төсөлд зааснаар шинээр дахин нэг Өмгөөллийн холбоо үүсгэн байгуулахаар заасан байна. Ингээд нэр, чиг үүрэг давхацсан дөрвөн байгууллагатай болж байна. Энэ нь иргэдэд төөрөгдөл үүсгэж байгаа юм.

Х.Баасанжав: ЗАСГИЙН ГАЗРЫН ЭСРЭГ МАРГААНД ОРОЛЦОХОД ХҮНДРЭЛТЭЙ БОЛНО

-Би Өмгөөллийн тухай хууль дээр эсрэг байр суурьтай байна. Яагаад гэхээр Хуульчдын холбоо гээд тусдаа байгууллага бий. Тэнд дан ганц өмгөөлөгч гэлтгүй шүүгч, прокурор гээд хуулийн бусад байгууллагын асуудал шийдэгддэг. Ялангуяа, хуульчийн тусгай зөвшөөрлөө бид эндээсээ авдаг. Ямар нэгэн яам, төрийн байгууллагаас авдаггүй. Хуульчдын холбоондоо хандаад асуудлаа шийдчихээд хараат бус ажиллаж чаддаг. Түүнчлэн миний хувьд Захиргааны хэргийн шүүх дээр нэлээд маргаантай ажилладаг. Засгийн газар, яамдуудтай холбоотой хэрэг маргаан үүсгэсэн иргэдийн эрхийг хамгаалах маргаанд нэлээд орж  ажилладаг. 

Тэгэхэд би яамнаас тусгай зөвшөөрлөө авдаг болчихвол тэдний эсрэг ажиллана гэдэг нэлээд хүндрэлтэй болно. Тиймээс эсэргүүцээд байгаа юм. Тэртэй тэргүй аливаа хуулийн маргаанд өмгөөлөгч ямар эрх үүрэгтэй оролцох вэ гэдэг нь үйл явцын хуулиараа заасан байдаг. Бие даасан хуулиар түүнийг зохицуулах ямар ч боломж байхгүй. Одоо Өмгөөллийн бие даасан хуулиар юм зохицуулах гээд байгаа юм гээд харахаар тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, бие даасан байгууллага байгуулах асуудал яригдаж байгаа юм билээ. Тэгэхээр бие даасан өмгөөллийн хууль байх нь өөрөө ямар ч ач холбогдолгүй болчихоод байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 911 санал өгсөн байна.

Дээшээ