Үнийн өсөлт өрхийн сарын орлогын өсөлтийг 72.1 мянган төгрөгөөр бууруулжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-05-16 16:35 GMT+8

Дөрөвдүгээр сард улсын инфляци долоон хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оноос ийнхүү өсөхөд хүнсний бараа, эм тариа, түлшний үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна.

Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оноос 20.4 хувиар өссөн нь инфляцийг эрчимжүүлжээ. Шатахууны үнийн нөлөө дөрөвдүгээр сард бага байсан байна. Харин тавдугаар сарын инфляцид нөлөөлөх төлөвтэй байгааг Үндэсний статистикийн хороо онцолж байсан юм.

Азийн хөгжлийн банк “2019 онд Монгол Улсын инфляци 8.5 хувьд хүрэхээр байна. Үүнд төсвийн зардал нэмэгдсэнээс үүдсэн дотоод эрэлтийн өсөлт, мөн 2018 оны сүүлийн хагаст төгрөгийн ханш суларсан болон шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь нөлөөлнө” гэж таамагласан юм. Хэдий тийм боловч Монголбанк инфляцийг найм орчим хувьд тогтвортой байлгахаар зорьж байна. Дунд хугацаанд зургаан хувьд хүргэнэ гэж бодлогодоо тусгажээ.

Нөгөө талаас өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөж, 1.1 сая төгрөг болсон байна. Гэхдээ инфляцийн нөлөөллийг хассан бодит орлогын өсөлт үүнээс бага буюу 4.3 хувь байна.

Өөрөөр хэлбэл үнийн өсөлт сарын орлогын өсөлтийг 72.1 мянган төгрөгөөр бууруулжээ. Мөн 2010 онтой харьцуулахад 2018 оны IV улиралд сарын дундаж цалин гурав дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 61.1 хувиар буюу тав дахин бага нэмэгдсэн байна.

Энэ нь инфляцийн нөлөөг харуулж байгаа юм. Үүнээс гадна хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 4.9 дахин их байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харж болохоор байна.

Б.Бямбасүрэн| @byambasuren_b

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 910 санал өгсөн байна.

Дээшээ