№1 IPO гэж юу вэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-05-25 14:00 GMT+8

Зураг эх сурвалж: https://www.fool.com/investing/2019/02/04/slack-ipo-what-investors-need-know-direct-listing.aspx

Компани хувьцаагаа анх удаа нийтэд санал болгох (IPO) талаарх цуврал мэдээллээ үүгээр эхлүүлж байна. IPO -ийн талаар мэдээлэл өгнө гэдэг нь дан ганц хууль зүйн асуудлыг хөндөнө гэсэн үг биш юм. Энэ нь үнэт цаас гаргагчаас гадна үнэт цаасны андеррайтинг, аудит, үнэлгээ, хууль зүйн зэрэг олон салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой, тус бүр нь өөр өөрийн нарийвчилсан зохицуулалт бүхий хууль, олон улсын стандарт бүхий нийлмэл харилцааны талаар авч үзэхэд хүргэдэг. Энэ талаар монгол хэлнээ гарсан хэвлэмэл бүтээгдэхүүн, мэдээлэл хангалттай биш байна. Иймд бид бусад орон, олон улсын нэр хүнд бүхий, арвин туршлагатай байгууллагуудын боловсруулж, интернэтэд тавьсан мэдээллийг түшиглэн эх хэл дээрх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг
зорьсон болно.

IPO ГЭЖ ЮУ ВЭ

Сүүлийн жилүүдэд санхүүгийн салбарт IPO (Initial Public Offering) моoдонд орлоо. Компаниуд IPO хийнэ гэж ярьдаг ч тэдний зарим нь чухам IPO гэж юу болох талаар бүрэн төсөөлөлгүй ч байж болох талтай. Сонгодог утгаараа IPO буюу “анх удаа хувьцаагаа нийтэд санал болгох” гэдэг нь компани хувьцаагаа анх удаа үнэт цаасны зах зээл (цаашид “хөрөнгийн бирж” эсхүл “бирж” гэх)-д гаргаж нийтэд санал болгосноор түүнийг өргөн хүрээний олон тооны хөрөнгө оруулагч нар худалдан авах ажиллагаа юм.

Манай улсын хувьд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль (цаашид “ҮЦЗЗТХ” гэх)-д зааснаар компани үнэт цаасаа Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо”, эсхүл “СЗХ” гэх) болон хөрөнгийн биржид бүртгүүлсний үндсэн дээр зах зээл дээр арилжих боломжтой.

Үнэт цаасыг  “нийтэд санал болгох” гэж Хорооноос тогтоосон журмын дагуу үнэт цаасаа 50-аас дээш тооны этгээдэд санал болгон худалдахаар мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдэхийг ойлгоно. Гэр бүл, эсхүл найз нөхдийн хүрээнд эзэмшиж байсан хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) IPO хийж, олон нийтийн буюу хувьцаат компани (ХК) болж өөрчлөн байгуулагдсанаар хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагчдын тоо 50-аас олон болно. Ингэснээр ХХК байхдаа хувьцаа эзэмшигчдийн хоорондын харилцааг хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр зохицуулж байсан бол 50-аас дээш хөрөнгө оруулагч нэгдсэн гэрээ байгуулах боломж хомсдож, хүссэн хүсээгүй компанийн засаглалын зарчмаар ажиллах шаардлагатай болно.

Олон нийтийн буюу ХК болсон компани Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, түүний хороод, Гүйцэтгэх захирлын эрх мэдэл, чиг үүргийн хуваарилалтыг боловсронгуй болгож, дотоод хяналт, комплаенс, хөндлөнгийн аудит, компанийн засаглалын дүрэм журмаа тогтоон жинхэнэ “олон нийтийн” гэдэг утгаар ажиллах болно. Хувиараа аж ахуй эрхлэх хамгийн анхны хэлбэрээс бизнес эрхлэх дээд хэлбэр-хувьцаат компани болон хөгжинө. IPO бол биржийн бүртгэлийн болон дээр дурдсан бүх шаардлагыг хангаж, аливаа хэрэг зөрчлөөс ангид, авлигагүй, ил тод, нийгмийн хариуцлагатай компани болох, олон хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр илүү өргөн хүрээнд бизнесээ эрхлэх эхлэл нь юм.

Нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагааны журам, заавар, дарааллыг Хороо батлах бөгөөд уг журамд заасны дагуу компанийн нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг Хороо бүртгэж, үнэт цаасны анхдагч зах зээлд санал болгох зөвшөөрлийг олгодог.  Нийтэд санал болгох үнэт цаасыг  Хорооны бүртгэлд бүртгүүлэх ажиллагаатай зэрэгцэн үнэт цаасаа арилжаалахаар сонгосон “хөрөнгийн биржийн бүртгэл” буюу хөрөнгийн биржээс тухайн биржийн арилжаанд оруулахыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг хамтад нь амжуулах шаардлагатай болдог.

IPO гэдэгт хувьцааг нийтэд санал болгох өөр хэд хэдэн хэлбэрийг багтааж ойлгох нь түгээмэл байдаг. Тухайлбал:

  • Урьдчилан тодорхойлсон хөрөнгө оруулагчдад хаалттай хүрээнд хувьцаагаа санал болгохын зэрэгцээ компани хөрөнгийн биржид бүртгүүлэх (PO- Private offering);
  • Хөрөнгийн бирж дээр  хувьцаа нь арилжигдаж байгаа компани нэмж хувьцаа гарган нийтэд санал болгох. Үүнийгээ (a) гүйцээж гаргах- зарласан хувьцаагаа зах зээлд нийлүүлэх, эсхүл  (b) дахин нэмж хувьцаа гаргах замаар (follow-on or primary public offering) хэрэгжүүлэх;
  • Компанийн одоогийн хяналтын багцыг эзэмшигч буюу том хувьцаа эзэмшигчээс хувьцаагаа нийтэд санал болгох (Secondary Public Offering-SPO);
  • Үнэт цаас гаргагч (үнэт цаас гаргагч өөрийн хүчээр) биржийн захыг алгасан шууд анхны хөрөнгө оруулагчдад нийтэд санал болгох.

Дээрх бүх тохиолдолд (a) хувьцааны тархалт хөрөнгө оруулагчдын өргөн хүрээг хамардаг, (b) хувьцаа худалдан авах боломж, мэдээлэл нь нийтэд нээлттэй байдаг нэгдмэл шинж чанарыг агуулж буй тул IPO гэдэг ойлголтод хамруулж үздэг байна.

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ: 

https://www.pwc.com/mn/en/capital-markets/assets/mn_roadmap_for_ipo_eng.pdf - Road map for an IPO A Guide to going public

https://www.libfox.ru/629603-andrey-mogin-ipo-ot-i-do-o-posobie-dlya-finansovyh-direktorov-i-investitsionnyh-analitikov.html- Андрей Могин - IPO от I до O. Пособие для финансовых директоров и инвестиционных аналитиков

https://www.legalinfo.mn/law/details/9243- Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 

Д.Дүгэржав Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм Партнер

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 199 санал өгсөн байна.

Дээшээ