Зеленский тангараг өргөхдөө Украины парламентыг татан буулгахаа мэдэгдлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-05-21 10:25 GMT+8

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, тэргүүн хатагтай Елена ЗеленскаяУкраины Ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Зеленский өчигдөр тангарагаа өргөлөө. Тэрбээр тангараг өргөхдөө 20 минут орчим үг хэлсэн бөгөөд энэ үеэр парламентаа тараах, парламентын гишүүдийн халдашгүй байдлын хуулийг цуцалж, Ерөнхий прокурор, сайд нарыг огцруулах санал гаргалаа.

Тэрбээр үг хэлэхдээ зургаан настай хүүгийнхээ талаар дурдсан бөгөөд өмнө нь бусдыг инээлгэдэг хошин урлагийн жүжигчин байсан бол одоо украинчуудыг уйлуулахгүй байхын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллана гэдгээ амлажээ.

ПАРЛАМЕНТЫГ ТАТАН БУУЛГАНА

Парламентыг татан буулгах тухай түүний анхны зарлиг өнөөдөр гарна.

Зеленский улс төрд орохоос өмнө буюу таван жилийн өмнө Украины одоогийн парламент сонгогджээ.

Зеленский сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлэхийн тулд одоогийн парламентын бүрэлдэхүүнийг татан буулгаж, ээлжит бус сонгууль зохион байгуулах, мөн Засгийн газрыг огцруулах санаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр үг хэлэхдээ тус улсын тулгамдсан асуудлуудыг хөндөж, дээд албан тушаалтнуудын авлига хээл хахуулийн асуудлыг шившиг хэмээж, түүний хийх эхний алхам юу болох, Донбасст энх тайван тогтоох цаашдын зорилтоо танилцуулав.

Парламентыг татан буулгах тухай түүний анхны зарлиг өнөөдөр гарна.

САЙД НАР СУУДЛАА ТАВЬЖ ӨГ

Засгийн газар хойч үеэ боддог хүмүүст суудлаа тавьж өгөх хэрэгтэй”

Зеленский “Засгийн газар хойч үеэ боддог хүмүүст суудлаа тавьж өгөх хэрэгтэй” хэмээн одоогийн сайд нарын танхимтай ажиллахаас татгалзаж буйгаа илэрхийлжээ.

“Юу ч хийж чадахгүй байна гээд гараа алдлаад зогсдог Засгийн газраа би ойлгодоггүй. Энэ худал. Та бүхэн хийж чадна. Та бүхэн үзэг цаас аваад хойч үеэ боддог хүмүүст суудлаа тавьж өгч чадна” хэмээн Зеленский хэлсэн байна.

Тэрбээр жүжигчин байснаа АНУ-ын шилдэг Ерөнхийлөгчдийн нэг болсон Рональд Рейганыг хэлсэн үгэндээ дурдаж, “Засгийн газар бидний асуудлыг шийдэхгүй байна. Засгийн газар өөрсдөө асуудал болж байна” гэжээ.

Түүний дараа тэрбээр Дээд Радагийн гишүүдэд хандаж, парламентын гишүүдийн халдашгүй байдал, хууль бусаар хөлжсөн бол эрүүгийн хариуцлага хүлээдэг болох тухай хууль зэрэг хойшлуулшгүй олон хуулийг яаралтай батлахыг хүслээ.

Өрөөндөө хүүхдүүдийнхээ зургийг өлгөөрэй. Тэгээд ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө тэр зургаа харж байна уу"

Түүнчлэн Аюулгүйн албаны тэргүүн, Ерөнхий прокурор болон Батлан хамгаалахын сайдыг огцруулахыг шаардлаа.

“Үүнийг хийхэд та бүхэнд хоёр сар байна. Үүнийг хэрэгжүүлээд медалиа өлгөцгөө. Энэ нь та бүхэнд ээлжит бус сонгуулийн өмнөх муугүй оноо болох болно. Би Дээд Радаг татан буулгаж байна” гэжээ.

МИНИЙ ХӨРГИЙГ ӨРӨӨНДӨӨ БҮҮ ЗАЛААРАЙ

Зеленский тангараг өргөхөөс хэдхэн минутын өмнө гэргийтэйгээ селфи хийжээ

"Та бүхний ажлын өрөөнд миний зураг өлгөөтэй байгаасай гэж би хүсэхгүй байна. Учир нь би Ерөнхийлөгч, харин бэлгэ тэмдэг, шүтээн биш. Өрөөндөө хүүхдүүдийнхээ зургийг өлгөөд ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө тэр зургаа харж байна уу" хэмээн хэлжээ.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ