ЗУНЖИН НАЛАЙЧИХААД НАМАР БОЛМОГЦ БУУДАЙГҮЙН ЗОВЛОНД УНАЖ, САНДАРДАГ
Үр тарианы экспортоор дэлхийд дээгүүр бичигддэг Австрали улс сүүлийн 12 жилд анх удаа Канадаас буудай худалдан авах гэж байна. Энэ зах зээлийн хүчирхэг тоглогчийн нэг Австрали улс бусдаас буудай гуйх хүртлээ дутагдалд орчихоод байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Австрали ирэх 6-8 долоо хоногт Канадаас буудайн импорт хийх зөвшөөрлөө авсныг тус улсын Хөдөө аж ахуй, усны нөөцийн яам мэдээллээ.
Дэлхийн үр тарианы зах зээлийг өдгөө АНУ, Канад, Австрали, ОХУ, Украин зэрэг хэдхэн улс атгадаг. Гэтэл гол тоглогчдын зарим нь түүхий эд экспортлох нь бүү хэл дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахгүй, бусдыг царайчлахад хүрээд буй нь энэ.
Австралийн Викториа, Шинэ Өмнөд Уэльс, Квийнслэнд зэрэг муж ганд нэрвэгдэж, тус улсын өвлийн үр тарианы үйлдвэрлэл сүүлийн 20 жилийн дунджаас даруй 20 хувиар буурч, 29.3 сая тоннд хүрэх төлөвтэй. Мөн зарим бүсэд ган үргэлжилж, үр тарианы хомсдол хүрээгээ тэлэхээр байгааг тус улсын албаныхан тооцоолжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий даяар гангийн давтамж нэмэгдэж, 1900 оноос хойших дээд цэгт хүрээд буйг Колумбын их сургуулийн эрдэмтэд танилцуулав.
Хуурайшилт, ган газар тариалангийн салбарыг хавчиж, дэлхийн үр тарианы үйлдвэрлэл саарч эхлэв. 2018 онд гэхэд дэлхийн улаан буудайн үйлдвэрлэл дөрвөн хувиар буурч, сүүлийн зургаан жил үргэлжилсэн өсөлт нь зогссон байна. Уг үзүүлэлт энэ онд өсөх эсэхийг шийдэх гол хүчин зүйлийн нэгээр байгаль, цаг уур бичигдэж буйг олон улсын мэргэжилтнүүд онцлов.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий даяар гангийн давтамж нэмэгдэж, 1900 оноос хойших дээд цэгт хүрээд буйг Колумбын их сургуулийн эрдэмтэд танилцуулав.
Олон улсын үр тарианы зах зээлийн хүчтэй тоглогч болох хойд хөршийн улаан буудайн ургац 2018 онд огцом буурсан. Тодруулбал, 2017 онд сүүлийн 30 жил хураан аваагүй их хэмжээний ургац буюу 85 сая тонн улаан буудай ууталж байсан ОХУ өнгөрсөн онд 72 сая тонныг авчээ. Энэ онд тус улс 80 сая тонн буудай хураан авахаар төлөвлөсөн ч цаасан дээр буусан дүн бодит болох эсэхийг мөн л цаг уур шийдэхээр байна. Энэ оны зургадугаар сарын 30 гэхэд ОХУ-ын улаан буудайн экспорт 37 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа нь жилийн өмнөхөөс 11 хувиар буурсан дүн аж.
Зөвхөн хойд хөрш гэлтгүй улаан буудайн зах зээлийн гол тоглогчид болох Европын холбоо, Украин, АНУ зэрэг олон орон ганд нэрвэгдэж, их, бага хэмжээгээр ургац алдсан. Тухайлбал, дэлхийн улаан буудайн зах зээлийн хүчирхэг тоглогчийн нэг Европын холбооны зарим хэсэгт ган гачиг нүүрлэснээр тус бүсийн улаан буудайн гарц сүүлийн зургаан жилийн доод цэгт хүрчихээд байгаа. Мөн АНУ-ын зарим бүсэд өнгөрсөн онд хуурайшилт болж, ургацын хэмжээ ч хэлбэлзээд байна.
Уур амьсгалын өөрчлөлт гаарч, дэлхийн цаг уур таамаглахын амаргүй болтлоо хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүнс, хөдөө аж ахуйн салбар хүндхэн байдалтай нүүр тулж эхэллээ. Ялангуяа, олон жил газар тариалангийн салбарт ноёлж ирсэн их гүрнүүд эхнээсээ ургацаа алдсаар байна. Гэтэл эдгээр орон Монгол шиг өрсөлдөх чадваргүй, хөрөнгө оруулалт, санхүүжилт дутмаг, хуучирч, хоцрогдсон хэдэн том машинаас өөр техник технологигүй ядарсан улсууд бил үү.
Энэ сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 33.5 мянган га талбайд тариалалт хийжээ
Газар тариалан эрхэлж ирсэн олон зуун жилийн нөр их туршлага тэдэнд байгаа шүү дээ. Энэ уламжлалаа шинэчлэлтэй хослуулж, хөдөө аж ахуйн салбараа дэлхийн хамгийн орчин үеийн шинжлэх ухаан, техник технологиор тоноглосон. Байгаль цаг уурын харьцангуй таатай бүсэд оршдог, жилд хэд бол хэдэн удаа ургац хураан авдаг, хөдөө аж ахуйн хүчирхэг гүрнүүд. Гэтэл шинжлэх ухаан, технологиор хүч нэмсэн ухаалаг газар тариалантай орнууд уур амьсгалын өөрчлөлтийн өмнө өвдөг сөхөрч эхэллээ.
Тэгвэл байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд оршдог, хөдөө аж ахуйн хөгжил нь хоцрогдсон Монгол Улсын газар тариаланг ямар ирээдүй хүлээж байна вэ. Наанадаж л он гарсаар хүчирхэг орнууд бусдаас буудай гуйж эхлээд байгаа энэ үед ирэх намрын бидний гурил, тэжээлийн хүрэлцээ, хангамжийн төсөөлөл ч бүрхэг хэвээр. Одоогоор нийт нутгаар тариалалт хэвийн үргэлжилж буйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн. Тавдугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 33.5 мянган га талбайд тариалан хийгээд байгаа аж.
Монгол Улс ирэх намар 487.2 мянган тонн улаан буудай хураан авах өөдрөг зорилт дэвшүүлсэн. Дотоодын хэрэгцээг бүрэн хангах энэ зорилт биелэх эсэх нь одоогоор тодорхойгүй. Сүүлийн жилүүдэд ургацын хэмжээг шийдэж буй цаг уурын төлөв ч таамаглахад бэрх болсон. Энэ зун олон хоногоор хүчтэй халах, намар эрт нойтон цас унах зэрэг үр тариа өсөн өндийх, ургац хураахад саад болох олон хүчин зүйл байгааг цаг уурын байгууллага анхааруулж байгаа.
• Хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүнс, хөдөө аж ахуйн салбар хүндхэн байдалтай нүүр тулж эхэллээ.
• Ирэх намрын бидний гурил, тэжээлийн хүрэлцээ хангамжийн төсөөлөл ч бүрхэг хэвээр.
• Монгол Улс ирэх намар 487.2 мянган тонн улаан буудай хураан авах өөдрөг зорилт дэвшүүлсэн.
Бид сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлттэй уялдуулан газар тариалангаа эрхэлж чадаагүй. Байсхийгээд ганд нэрвэгдэж, буудайгаа алдаж, бусдаас бадар барьж гуйсаар өдий хүрсэн. Гэтэл олон жилийн турш гал алдсан үед биднийг гурилаар хангаж, хүнсний нөөцийн дундуурыг дүүргэсээр ирсэн хойд хөрш бас л ганд нэрвэгдэж, ургац алддаг боллоо. Гал дээр тос гэгчээр хөдөө аж ахуйн зарим бүсэд цаг уурын байдал таагүй болж, АНУ-ын эрэлт өссөн зэргээс үүдэн сүүлийн дөрвөн сарын турш буураад байсан улаан буудайн ханш эргэн өсөж эхэллээ.
Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтөд өртөхийн хэрээр үр тариа, хүнсний үнэ цаашид улам өсөж магадгүй байна. Тиймээс арга мухардвал хойд хөршөөсөө гуйчихна гээд пээдгэр суудаг бид илүү өндөр үнээр авах эсвэл бүр буудайгүй хоцрох сорилтын өмнө ирж болзошгүй нь. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдийнх шиг бид өөрсдөө буудайгаа алдчихвал хилийн чанадаас буудай худалдан авч, хүн амаа хүнсээр хангах нь улам амаргүй, илүү үнэтэй болохоор байна. Иймд ирэх саруудад төр, хувийн хэвшлээрээ талцан хуваагдаж, хувь, хувьсгалаараа хөлөө жийлцэх бус энэ жилийн ургацаа бүрэн уутлах нь чухал байна. Товчхондоо, өөрөө өөрийгөө тэжээхээс өөр сонголт бидэнд үгүй болж байна.
Хамгийн гол нь үүнийг эртнээс ойлгож, дор бүрнээ үүргээ ухамсарлаж, хүчээ дайчлахгүй бол зунжингаа нар бороо хүлээн налайж, хэдэн сар амарч зугаалж, найрлаж наадамласаар намартай золгодог. Нар цаашилж, сэрүү наашлахын цагт дээдэс доодосгүй гэнэт ухаарсан мэт сандарцгааж, бурууг бие бие рүүгээ чихэн, баахан хэрэлддэг.
Монголын намар бүрийн зовлон болсон энэ жүжиг ирэх намар уламжлалт зохиолын дагуу үргэлжилбэл хамаг буудайгаа алдаж, харангадахын аюулд унасан биднийг хошуу дэвсэн хүлээн авах хамтрагч олдох болов уу. Иргэдээ атга гурил, тал талхаар дутаахгүйн тулд өвөл хаяанд тулсан үед аргаа барах бус одооноос цаг уурын байгууллага, тариаланчид, эрдэмтэн судлаачид, холбогдох яам нягт хамтран ажиллаж, эрвийх дэврийхээрээ хичээх цаг иржээ.
Г.Байгал