Айсуй хямралд бид бэлтгэх ёстой

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-05-22 16:50 GMT+8

ГОЛ САЛБАРУУДАД БОДЛОГО ТОГТВОРТОЙ БАЙХ ЁСТОЙ

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа. Тэрбээр анх удаа хувийн хэвшлийн санаачилгаар зохион байгуулсан Шинэ эдийн засгийн форумын талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

-Шинэ эдийн засгийн форум анх удаа төрийн оролцоогүй, хувийн хэвшлүүдийн санаачилгаар зохион байгуулагдлаа. Форумын үеэр хүмүүс байр сууриа янз бүрээр илэрхийлж байсан. Та эдгээрээс алийг нь илүү онцолж байна вэ?
-Энэ арга хэмжээ төрөөс зохион байгуулагдаагүй гэдгээс гадна эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг олон талаас олж харсан, санал бодлоо чөлөөтэй солилцсон авууштай арга хэмжээ болсон. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал манай улсын эдийн засгийг тодорхойлж байгаа. Энэ нь зарим талаараа их саад болж байна гэсэн санааг цөөнгүй оролцогч илэрхийллээ. Би үүнтэй санал нэг байна. Үүнээс гадна уул уурхайн болон бусад гол салбарын бодлого тогтвортой байх ёстой. Хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаа ойлгомжтой бөгөөд дэлхийн хэлээр ярилцах ёстой гэдэг санаа их чухал санагдсан.

Мөн бид хөгжлийн шинэ чиг хандлага, хүний хөгжлийн асуудалд анхаарах нь маш чухал. Нийт хэлэлцүүлгийг нэгтгээд харвал өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс, бидний цаашид анхаарах зүйлс дээр их олон чухал санаа гаргасан форум болсон. Энэ утгаараа өндөр ач холбогдолтой гэж дүгнэж байна.

БЭЛЭН БИШ БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ЗҮЙЛ НЬ УЛС ТӨРИЙН ХЯМРАЛ

-Гадаад, дотоод хүчин зүйлсийг жигнэж үзэхэд Монгол Улс эдийн засгийн хямралд бэлэн байгаа юу. Таны хувийн байр суурийг сонирхмоор байна?
-Форумаар хэлэлцсэн бас нэг гол асуудал бол эдийн засгийн хямрал. Эдийн засгийн хямрал, дэлхийн эдийн засгийн хөгжлийн шинэ хандлагад бэлэн үү гэсэн асуудал бидний өмнө тулгарсан. Гэхдээ мэдээж эдийн засагт нааштай зүйл олон байгаа. Эдийн засгийн түүхийг харахад тодорхой давтамжтайгаар хямрал ирсээр байсан. 2008 оны хямралаас хойш дэлхийн эдийн засаг геополитикийн болон эдийн засгийн хувьд тогтворгүй болсон.

2019-2020 онд бидэнд эдийн засгийн томоохон асуудал тулгарахгүй байх боломжтой. Харин 2021 оноос эхлээд өрийн дарамт болон дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэвэл бид үүнд бэлэн биш. Бэлэн биш байдалд нөлөөлж буй зүйл бол засаглалын түвшин, улс төрийн хямрал, бодлогын тогтворгүй байдал юм. Тийм учраас бид хямрал ирэхэд өнөөдрөөс эхлэн бэлтгэлтэй байх ёстой гэдэг нь гарцаагүй асуудал.

Н.Хонгорзул

 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ